АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп өнгөрсөн ням гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформд “АНУ үндэсний аюулгүй байдал болон эрх чөлөөний зорилгынхоо төлөө Гренландыг эзэмшиж, хяналтаа тогтоох нь туйлын шаардлагатай зүйл юм” хэмээн нийтлэсний дараагаар Дани улс хариу арга хэмжээ авч эхлээд байна.
Дани улсын газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг, өөртөө засах бүс нутгийг Д.Трамп эзэмшиж, хяналтаа тогтоох хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсний дараа Данийн ерөнхий сайд Муте Эгеде “Гренланд арал нь тус арлын ард түмний эзэмшил бөгөөд бид арлаа зарах бодолгүй байна, зарах ч үгүй” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.
Гренланд арал нь АНУ-аас Европт хүрэх хамгийн богино агаарын болон далайн зам гэдэг утгаараа АНУ-ын хувьд стратегийн маш чухал ач холбогдолтой түшиц газар юм. Д.Трампын хувьд анх 2019 онд Гренланд арлыг авах тухай мөн удаа дараа мэдэгдэл хийж байсан түүхтэй бөгөөд АНУ-ын төрийн тэргүүний албыг хоёр дахь удаагаа хашихаас өмнө ийнхүү дахин Гренланд аралд санаархаж байгаагаа илэрхийллээ.
Трампын дээрх мэдэгдлээс хэдхэн цагийн дараагаар Данийн засгийн газраас Гренланд арлын батлан хамгаалах, аюулгүй байдлын төсөв зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. Данийн батлан хамгаалахын сайд Трөлс Лунд Поулсены танилцуулснаар арлыг хамгаалахад зориулж 1.5 тэрбум ам.долларын төсвийн багцыг батласан гэжээ. Тэрээр дээрх төсвөөр эргүүлийн хамгаалалтын зориулалттай хоёр усан онгоц, холын зайд ажиллах хүчин чадалтай хоёр шинэ дрон болон нохойтой чарганы багийг нэмж авч ажиллуулна гэдгийг танилцууллаа. Түүнчлэн Гренландын нийслэл Нүүк хот дахь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, арлын иргэний нисэхийн зориулалттай үндсэн гурван нисэх онгоцны буудлыг F-35 загварын дуунаас хурдан байлдааны сөнөөгч онгоцыг хөөргөж, буулгах зориулалттай болгож өөрчлөхөд төсвийн багцыг зориулна хэмээн хэлсэн байна.
Харин зарим ажиглагч, судлаачид Дани улсыг аюулгүй байдлаа чангатгах арга хэмжээг авахуулахын тулд Д.Трамп дээрх мэдэгдлийг зориудаар хийсэн гэж үзэж, тайлбарлаж байна. Тэдний хэлснээр Дани улс өнөөдрийг хүртэл Гренланд арлын аюулгүй байдлын тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд хэрвээ Дани улс өөрийн газар нутгийн ойр орчмын усан хилийг Хятад болон Оросоос хамгаалах чадваргүй бол АНУ-ын Гренланд аралд хяналтаа тогтоох шаардлага улам л өсөн нэмэгдэх болно гэжээ.
Д.Трампын хувьд Гренланд арлыг худалдаж авахыг санаархсан Америкийн анхны ерөнхийлөгч биш юм. Хамгийн анх 1860-аад оны үед АНУ-ын ерөнхийлөгч Эндрю Жонсоны засаг захиргаанаас мөн ийм санал санаачлага гарч байсан түүхтэй.