Монгол Улсаас Узбекистан руу 12 дугаар сарын 21-нээс эхлэн, 2 хоёр удаа онгоцоор 1440 амьд хонь экспортлоод байна. Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар байна. Манай улс 4.6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг тус улсад нийлүүлж, Узбекистанаас 5.4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны машин оруулж иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны 6 дугаар сарын 23-26-нд Узбекистанд төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар болсон юм. Энэ хүрээнд Монгол Улсаас 100 мянган амьд мал экспортлохоор тохирсон.
Ерөнхийлөгчийн айлчлалын дараа ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тус улсад зохион байгуулсан “Далайд гарцгүй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ амьд хонины экспортын хэлэлцээрийг баталгаажуулсан юм. Хоёр орны Төрийн тэргүүний тохирсон хэлэлцээр ийн албан ёсоор ажил хэрэг болж эхэллээ.