Баянзүрх, Налайх, Дарханд дрон турших бүс байгуулна


Дрон турших бүсийг Дархан-Уул аймаг, нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам шийджээ. Дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нэг шинэ суваг үүгээр нээгдэж байна гэж тус яам үзэж байна.

Монгол Улс сансар судлал, сансрын техник, технологийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор Үндэсний сансрын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл одоогоор төрийн удирдлагын түвшний төлөөллөөс бүрдэж байгаа. Үндсэн үүрэг нь улс орны сансрын салбарын бодлогыг тодорхойлох, стратегийн чиглэл гаргах явдал юм.

Үндэсний сансрын төв байгуулах нь урт хугацааны стратегийн зорилт. Энэ төв зөвхөн микро хиймэл дагуул зохион бүтээх, турших, тестлэх, хөгжүүлэх бус, Монголын инженерүүдийн ур чадварыг хөгжүүлж, улс орныхоо технологийн чадавхыг бататгах үндэс суурь болно.

Энэ талаар ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл манай саитад өгсөн ярилцлагадаа “Хиймэл дагуул бүтээх нь гадаадаас эд анги авчирч угсрах энгийн үйл явц биш. Энэ бол шинжлэх ухаан, технологийн гүнзгий судалгаа, өндөр нарийвчлал шаардсан нэгдмэл, зохион бүтээх процесс юм. Бид гадаадын дэвшилтэт технологийг сурч, өөрийн орны нөхцөлд нийцүүлэн хөгжүүлж, улмаар Дэлхийн түвшний бүтээл туурвихыг зорьж байна. Техникийн зарим эд ангиудыг импортоор авч ашиглах боловч, Монголдоо технологийг шат дараатайгаар нутагшуулж, үйлдвэрлэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.

Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл бол Монгол Улсын стратегийн хөгжлийн чухал алхам болох учиртай. Гео-Орбитод байрлах үндэсний хиймэл дагуул нь зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх бус, улс орны аюулгүй байдал, бие даасан байдлыг бататгах, сансар судлалын технологид суурилсан эдийн засгийн шинэ боломжуудыг нээх суурь дэд бүтэц болно.

Монгол Улс сансар судлалын орчин үеийн техник технологийн хөгжилд шинээр хөл тавьж байгаа ч, энэ салбарт зөв хөрөнгө оруулалт хийж, технологи нутагшуулах замаар Дэлхийн түвшинд өрсөлдөх бүрэн боломжтой.

Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээнд тулгуурлах биш, технологийн дэвшлийг өөрийн болгох, улмаар Дэлхийд гарч өрсөлдөхөд чиглэж байгаа. Сансрын технологийн хөгжил бол зөвхөн өнөөдрийн асуудал бус, ирээдүйн эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох, шинжлэх ухаан, инженерчлэлийн чадамжийг өсгөх улс орны өрсөлдөх чадвар, аюулгүй байдлын үндэс суурь болох юм. Эцэст нь, бид сансрын технологийг Монголд нутагшуулж, энэ чиглэлийн үндэсний боловсон хүчинг бэлтгэж, Дэлхийд өрсөлдөх чадамжтай болохын төлөө ажиллана. Энэ бол Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд хувьсал авчрах, ирээдүйд үнэлэгдэшгүй ач холбогдолтой зорилго юм” гэж онцолсон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *