Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.24/ хуралдаан 18 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тоонд хүрсэн тул 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар миний бие сонгогдсон. Ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, сонсгол явуулах сэдэв, тов тогтоох асуудлаа хэлэлцсэн гэж байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг утаа багасдаг хоёрдугаар сард зохион байгуулахаар товлосон шалтгаан, нөхцөлийг тодруулахын зэрэгцээ сонсголд зөвхөн нийслэлийн асуудлыг хамруулж ярилцах эсэхийг лавлаж байлаа.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ажлын хэсгийнхэн сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцсан. Сонсгол хийх болон бусад зохион байгуулалтын ажлуудын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авахад, хамгийн богино хугацааг тооцохоор нэгдүгээр сарын 23-ны өдөр болж байгаа юм. Үүнээс нааш зохион байгуулах боломжгүй байна. Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, энэ чиглэлийн бодлого, шийдвэрүүдийн үр дүн, технологийн шийдэл гэх зэрэг чиглэлээр дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлаж явуулах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага ч үүсч болзошгүй байгааг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тохирсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэл хотоор хязгаарлалгүй, Монгол Улсын хэмжээнд асуудлыг тавьж хөндөнө хэмээн хариулж байлаа.
Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтиин үр дүн шийдэл” сэдвээр, зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тусгасан байв. Ингээд уг тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.
Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарыг нэмэхээр тусгасан байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.