Нийгмийг айдсаар хооллох тактик


Гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой УИХ-ын хэсэг гишүүний болон Засгийн газрын зүгээс хоёр ч төсөл санаачилсан нь өнгөрсөн өдрүүдэд нийгэм болон улс төрчдийг талцуулав. Жагсаал хүртэл хийгээд авлаа. Нийгмийн сүлжээнд иргэд шаагилдаж, ерөөсөө л хятадууд бөөндөө орж ирж манай улсыг эзлэх нь гэж олонх нь гэнэнээр итгэн айв. Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн салбарт 2025 оноос эхлээд хоёр жилийн хугацаанд гадаад ажилтнуудыг тоо, хувь заахгүй оруулъя, мөн ажлын байрны татвараас чөлөөлье гэсэн агуулга бүхий хуулийн төслийг П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл нар санаачилж, энэ сарын 19-нд УИХ-д өргөн барьсан юм. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маргааш нь оруулж ирлээ. Эдгээр нь агуулгын хувьд нэг цогц болж буй хэрэг.

Манай улсад ажиллах хүчний хомсдол үүссэн, оргил үе нь 2028 онд тохиож, 2030 он хүртэл үргэлжилнэ гэсэн тооцоо, судалгаа байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлд жилд 30-40 мянган ажиллах хүч дутагдаж эхэлжээ.

Мөн дутагдаж буй нийт ажлын байрны 93.5 хувь нь хувийн хэвшилд шаардлагатай. Үүн дотроо 86 хувь нь 30 хүртэлх ажилтантай жижиг аж ахуйн нэгж гэнэ. Гол нь эдгээр ажлын байрны эрэлтэд монголчууд өөрсдөө гологдоод буй учраас гаднаас илүү хариуцлагатай ажилтнууд авъя гэж л дээ. Гадаад ажилтан ажиллуулахад ажлын байрны төлбөр өндөр учраас жижиг, дунд бизнесүүдээ дэмжээд хоёр жилийн хугацаанд үүнээс чөлөөлье гэж таван гишүүн үзсэн байна. Тэгвэл Засгийн газрын зүгээс аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зохицуулалтыг өргөн барьсан төсөлдөө тусгажээ. Л.Энх-Амгалан сайд “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгаа. Дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буй” гэжээ. Эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбарт бол эдгээр хуулийн төсөл үйлчлэхгүй. Хэмжээ, хязгаар нь хэвээр байх юм билээ.

Ингэмэгц нэр бүхий таван гишүүнийг эх орноосоо урвагчид хэмээн цоллох нэг хэсэг гарч ирэв. Иргэдийн оролцооны нэгдэл намынхан дээрх хоёр хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.3.5 дахь “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшинг хадгалж, бүртгэл мэдээллийн тогтолцоо, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно” гэснийг зөрчсөн хэмээн үзээд, энэ сарын 24-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. “Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх төслийг шинэ жилийн баяр тохиож, иргэдийн анхаарал суларсан үеэр оруулж ирж батлуулах нь” хэмээн тус намын дарга Ц.Оюунгэрэл мэдэгдлээ. Түүнчлэн шинэ парламент бүрдсэнээс хойш ажилдаа ховорхон үзэгдсэн гишүүн Х.Баттулга гэнэт л Төрийн ордонд ирэв.

УИХ дахь АН-ын бүлэг таван гишүүний санаачилсан төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Бас бүлгийн даргынхаа хоёр талд суусан эмэгтэй гишүүд нь эсрэг, тэсрэг мэдэгдэл хийх нь тэр. Гишүүн Л.Мөнхбаясгалан “Ашигт малтмалын салбар бол хамгийн цалин өндөртэй, ажиллах хүчний шингээлт багатай. Уг салбарт гадаадаас ажиллах хүч авснаар монголчууд ажлын байргүй, олон өрх орлогогүй болно. Нэг гадаад ажилтан сар бүр 1.584.000 төгрөгийн ажлын байрны татаас төлөхийг чөлөөлөх нь. Хөдөлмөр эрхлэх санд төвлөрүүлдэг уг орлого байхгүй болно. Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлого ч буурна. Эдгээр төсөл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь дотоод хөдөлмөрийн зах зээлээр хангах заалтыг зөрчиж байна” гэсэн юм. Харин залуу гишүүн С.Цэнгүүн “Ажиллах хүчинтэй холбоотой олон асуудал байгаа нь үнэн. Гэхдээ айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудлыг бодит фактороос нь холдуулаад, хятад цустай, Хятадын дарангуйлал ирэх гэж байна гэх мэт гүтгэлэг тарааж, нөхцөл байдал үүсгэж буй нь байж боломгүй үйлдэл.

Цахилгаан станц барих юм бол Хятадын “Чайна таун” бий болчихно гэж дайрсаар байгаад холбогдох төслүүдээ гацаасан. Маш олон том төслийг харийн том дарангуйлал орж ирэх нь гэсэн айдаст автуулж, гацаадаг жишиг байсаар байна.

Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн хийгээд энэ дотор явж л байгаа. Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг  бид нар өнөөдөр харж байна. Бид попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд маань ч гэсэн явах ёстой” гэв. Нөгөө талд эрхэм гишүүн Гашуунсухайтын төмөр замын хилийн холболт тойрсон сэдвээр байр сууриа илэрхийлж, нарийн цариг тавиагүй нь эх орноо хамгаалсан үйлдэл байсан, цаашид ч хамгаална гэж мэдэгдэв. Женко ба түүний нөхөд хоёр асуудлаар зэрэг дуугарсан өдрүүд өнгөрч байна. Энэ эрхэм оролцоод эхэлсэн л бол эх орноо бодсондоо биш, өөр ямар нэг эрх ашиг нуугдаж, түүнийгээ хамгаалж байна гэдгийг иргэдийн олонх одоо ойлгодог болсон.

Хувиараа бизнес эрхэлдэг олон хүн нийгмийн сүлжээнд “Монголчуудаа ажилд авахаар тогтохгүй байна. Хувьцааны ногдол ашиг тараасны дараа гурав хоног ажилдаа ирэхгүй алга болсон хүмүүс ч бий. Хулгай хийдэг, худал хэлдэг, хариуцлагагүй” гэх мэтээр зовлонгоо тоочжээ. Тиймээс тэд дээрх хуулийн төслийг дэмжиж байсан юм. Нөгөө талд нь ажил олгогчид өөрсдөө хөдөлмөрийг шударгаар үнэлдэггүй, луйварддаг, аль болох бага цалингаар их ажил хийлгэх гэж хичээдэг гэх мэтээр талцав. Хуулийн төслийг эсэргүүцэн жагссан хүмүүс нэр бүхий гишүүдийг шууд л эгүүлэн татахыг шаарджээ. Гадаадаас ажиллах хүч гэдгийг хятадууд орж ирнэ гэж ойлгодог иргэдийн олонх ч жагсагчидтай нэгдэн, нийгмийн сүлжээгээр дээрх гишүүдийг “балбав”. Тэгмэгц нь П.Сайнзориг тэргүүтэн айж, төслөө шууд л татлаа. Харин Засгийн газраас өргөн барьсан төслийг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байна.

Бүтээн байгуулалтын том төслүүд хэрэгжүүлэх гэж буй улсад зарим дутагдалтай нарийн мэргэжилд гадаадаас ажиллах хүч авах шаардлага мэдээж гарна. Гэвч бүх зүйлийг харлуулж, айдсаар нийгмийг хооллож, том төслүүдээ гацаасаар 34 жилийг бид үдэж байна. Энэ бүхний ард улс орон, иргэд бид л хохирч үлддэг. Хэдий болтол хоосон айж, юу ч үгүй суух юм. Тиймээс аливаад уян хатан, гол нь судалгаатай хандахад суралцмаар  байх юм. Гарчиг харж уурладаг хүмүүсийн олонх нь тухайн мэдээллийг бүтнээр нь ч уншиж үзээгүй байдаг. Мөн төсөл санаачлагчид ч мэдээллээ зөв талаас нь түгээж, алдаа байвал илүү нарийвчилж, засаж залруулахад анхаарч баймаар. Нийгмийг айдсаар хооллох дараа дараагийн төслүүд айсуй. Тийм ч учраас зарим нэг хүн ажилдаа учиргүй идэвхтэй болоод эхэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *