АНУ-ын бэлгэ тэмдэг болсоор ирсэн халзан бүргэдийг албан ёсоор АНУ-ын үндэсний шувуугаар нэрлэсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден зул сарын өмнөх өдөр халзан бүргэдийг үндэсний шувуугаар нэрлэх тухай хуулинд гарын үсэг зуржээ.
Халзан бүргэд нь анх 1782 онд АНУ-ын төрийн тамганд сийлэгдсэнээс хойш 250 орчим жилийн турш үндэсний бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт тус шувууг АНУ-ын үндэсний шувууг гэж нэрлэх хуулийн төслийг батлаж, энэ долоо хоногт Ж.Байден гарын үсэг зурснаар ийнхүү халзан бүргэд албан ёсоор АНУ-ын үндэсний шувуу боллоо.

Дээрх хуулийн төслийг Миннесота мужийн хууль тогтоогчид санаачлан, урагшлуулсан бөгөөд тус мужид хамгийн олон тооны халзан бүргэд бүртгэгдсэн байдаг ажээ. АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхэлсэн департаментын зүгээс халзан бүргэдийг хүч чадал, зориг зүрх, эрх чөлөө, мөнх амьдралыг бэлгэддэг гэж үздэг талаар онцолжээ.
Haliaeetus leucocephalus хэмээх төрөл зүйлийн энэхүү бүргэд нь зөвхөн Хойд Америкт нутагладаг шувуу бөгөөд 1940 оны Үндэсний бэлгэ тэмдгийн хуулийн дагуу халзан бүргэдийг худалдаалах болон агнахыг хориглосон байдаг ажээ. Нэгэн үе халзан бүргэдийн тоо толгой цөөрч, устах аюулд орж байсан ч 2009 оноос хойш тоо нь огцом өсөн нэмэгдээд байгаа юм.
Гэхдээ анхандаа халзан бүргэдийг үндэсний бэлгэ тэмдэг болгохыг хүн бүр дэмжиж байгаагүй байна. АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг болох Бенжамин Франклин үүний эсрэг байр суурьтай байсан бөгөөд тэрээр халзан бүргэдийг “сөрөг муу дүр төрхийг бэлгэдсэн шувуу” хэмээн нэрлэж байжээ.
Ж.Байден зул сарын баярын өмнөх өдөр халзан бүргэдийг үндэсний шувуугаар нэрлэх хуулиас гадна мөн хүчирхийллийн эсрэг тэмцэх, ил тод байдлыг баллах явдлын эсрэг гэх зэрэг нийт 50 хуулийн баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон байна.