Элчин сайд, консулуудын томилгоо үргэлжилнэ


УИХ-аар стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэлэлцэж эхэлсэн энэ цаг үед Элчин сайдын томилгоо тойрсон асуудал ч зэрэгцэж байна. Шинэ он гармагц дипломат албанд халаа сэлгээ хийх тул Элчин сайд, консулуудыг эгүүлэн татах, шинээр томилохтой холбоотой хөдөлгөөн өрнөөд эхэлжээ. УИХ-ын сонгуулиар бүдэрсэн, намдаа гомдсон, улс төрөөс тэтгэвэрт гарч буй хүмүүсийн дараагийн “зогсоол”-уудын нэг нь гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд, консулын албан тушаал байдаг. Дээрх албан тушаалд 50 орчим хүн томилох тухай мэдээлэл ч цацагджээ.

УИХ-ын сонгуулийн дараанаас энэ хөдөлгөөн эхэлсэн юм. Сонгуульд өрсөлдөөд ялагдсан, эсвэл хандив өгсөн ч нэр дэвших эрх олж авч чадаагүй гэх мэт гомдогсдын арми намын дарга нараасаа хариу горьдож, шахаж суугаа. Зарим хүн сонгуулиас үл хамааран, заавал нэг албан тушаалд очих албатай мэт ханддаг, тэр санаандаа ч хүрсээр ирсэн. Тэдний нэг нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр. Ёс зүйгүй үйлдлээ олон улсын хэмжээнд таниулсан ийм хүнийг тушаал дэвшүүлэн шагнадаг гажиг тогтолцоо зөвхөн Монгол Улсад л үйлчилдэг. Тиймээс түүнийг Хонконгд суух Ерөнхий консулаар хэдийнэ томилчихсон. Монгол Улсын нүүр царайг тэнд очоод, хэрхэн “түлж” явааг нь бид таашгүй.

Мөн АН-аас УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд, өвдөг шороодсон Ц.Жадамбааг БНСУ-ын Бусан хотод суух ерөнхий консулаар томилсон. Нэг талаар шагналаа хүртэж буй мэт ч түүний хувьд тус улсад магистрын зэргээ хамгаалсан, Д.Одбаяртай харьцуулахааргүй нэр цэвэр, залуу улстөрч учраас нэг их барьцах хүн гараагүй юм. ХҮН намынхан ч Эрээний консулаар Л.Лхагвадорж гэх өөрийн хүнээ томилуулаад авсан. Энэ мэтээр Засгийн газарт хамтарсан намууд “бялуу”-гаа хувааж байна.

Тэгвэл эдгээр томилгооны араас дараагийн горилогчдын нэрс дуулдах болов. Тухайлбал:  УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийн нэр 2 ч улсын Элчин сайдад дуулдаж буй аж. Турк болон Болгарын алийг сонгох дээрээ талууд тохиролцож чадахгүй байгаа бололтой юм. Тэгэхээр ямар ч байсан энэ эмэгтэй хоосонгүй үлдэх нь. Ер нь МАН түүнд өртэй юм шиг байдаг нь нууц биш. Сонгууль бүрийн дараа түүнд ямар нэг өндөр албан тушаал заавал оноодог. “Ковид-19” вирус тархаж эхэлсэн цаг үед тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын, залгуулаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон юм даг. Харин 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй үлдээснийхээ хариуд нам нь аль нэг улсад Элчин сайдын албан тушаал өгөхөөр тохирсон гэнэ.

Мөн ХБНГУ-д суух Элчин сайдад “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндонг зүтгүүлж байгаа сурагтай.

Үүнээс гадна нийгмийн сүлжээнд “Элийрэгч” нэрээрээ танигдсан Ц.Уянга хэмээх эмэгтэйг АН аль нэг улсад Элчин сайдаар томилуулах гэж байна гэсэн мэдээлэл ч гарав.

Тэгмэгц нь “Энэ бүдүүлэг эмэгтэй улсын нэр хүндийг унагахаас өөр юу ч хийхгүй” гэсэн шүүмжлэл өрнөсөн. Харин тэрбээр өөрөө “Энэ яриа яасан их газар авч байх юм бэ. Намайг томилох гээд байгаа юм бол нэгмөсөн олигтойхон оронд томилоорой доо” хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл: Хаа нэг тийшээ Элчин сайдаар явахгүй гэдгээ илэрхийлж, дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна лээ.

Элчин сайд, консулаар томилох хүмүүсийн жагсаалтад УИХ-ын гишүүн асан П.Анужин нэлээд хэдэн сарын өмнөөс л багтсан. Түүнийг Япон Улсын Осака хотод суух ерөнхий консулаар томилох гэж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. МАН өртэй мэт байдаг эмэгтэйчүүдийн нэг нь тэр. Тэгвэл тухайн үед П.Анужин эл мэдээллийг мөн л үгүйсгэсэн. Түүнийг бүр 9 дүгээр сард Ерөнхий сайдын 12 зөвлөхийн нэгээр томилсон байсан юм билээ. Гэхдээ зөвлөх бол өөрчилж болох албан тушаал. Тиймээс түүний нэр Элчин сайд, консулаар явах хүмүүсийн жагсаалтад хэвээр дурайж байна.

Өөрөө үгүйсгэж байснаа албан тушаалд оччихдог жишиг манай улс төрд түгээмэл. Тэгснээ “Нам надад итгэл хүлээлгэж, санал тавьсан учраас хүлээн авахаас өөр аргагүй байлаа” гэсэн “дипломат” тайлбар хэлдэг.

Тиймээс эл бүсгүй Японы Осакад ерөнхий консулаар томилогдвол нэг их гайхахгүй. Дипломат албанд мэргэжлийн хүмүүсийг томилох ёстой тухай байнга л ярьдаг. Гэвч улс төрөөс гологдогсод, гомдогсдод оноодог “бэлэг” болоод удаж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар “Дипломат албаны тодорхой хувьд туршлагатай улстөрчдийг томилох жишиг олон улсад ч байдаг” гэсэн тайлбар өгсөн юм. Манайд бол тодорхой хувь биш, дийлэнхийг нь ийм арга замаар томилж буй гэхэд болно. Харамсалтай нь, мэргэжлийн бус хүмүүс Монгол Улсын нэрийг тухайн орондоо хэрхэн авч явж, гадаад бодлогоо яаж хэрэгжүүлж буй нь эрх баригчдын хувьд 100 дахь асуудал ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *