Эрдэмтэд 50,000 жилийн настай арслан зааны зулзагын сайтар хадгалагдсан үлдэгдэл олжээ


Оросын эрдэмтэд өнгөрсөн зун Сибирийн Якутын бүс нутгаас 50,000 жилийн настай арслан зааны бяцхан зулзагын сайтар хадгалагдсан үлдэгдлийг хайлсан хөлдүү цэвдэгээс олсноо олон нийтэд танилцуулжээ.

Тэрхүү арслан зааны зулзагын үлдэгдлийг олдсон голын ай сав газрынх нь нэрээр “Яна” хэмээн нэрлэсэн бөгөөд дэлхийд хамгийн сайн хадгалагдан үлдсэн арслан зааны олдворт тооцогдож байгаа ажээ.

“Яна”-гийн урт нь 2 метр, өндөр нь 120 см, жин нь 100 кг ба нас барахдаа дөнгөж нэг настай байсныг тогтоожээ. Үүнээс өмнө сайтар хадгалагдаж үлдсэн 6 арслан зааны үлдэгдэл олдож байсны 5 нь Оросоос, 1 нь Канад улсаас олдож байсан юм.

“Яна”-г 1960-аад оноос хойш тасралтгүй хайлж байгаа Батагайка хэмээх дэлхийн хамгийн том гүн хөлдүү цэвдэг бүхий тогооноос бараг бүтнээрээ хайлчихсан байхад нь ойр орчмын оршин суугчид анх олсон байна. Лазаревын нэрэмжит Арслан зааны музейн лабораторийн судлаач Гаврийл Новгородов уг бяцхан арслан зааныг намагт гацаж шигдсэн байж магадгүй, тийм учраас л олон арван мянган жил ийнхүү сайтар хадгалагдаж үлдсэн байх хэмээн Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

“Яна”-г ОХУ-ын Якутск хот дахь Зүүн-хойд бүсийн холбооны их сургуулийн лабораторид судалж байгаа юм байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд мөнх цаст уулс, хөрсөн доор гүн хөлдүү цэвдэг хайлснаас үүдэн олон арван жилийн өмнөх хүн болон амьтны үлдэгдлүүд олдох нь нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн сард мөн л Сибирийн бүс нутгаас 32,000 жилийн настай гэгдэх сэлмэн соёот барсын үлдэгдэл олдсон бол энэ оны эхээр 44,000 жилийн настай сайтар хадгалагдсан чонын үлдэгдэл олдсон билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *