Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс эдгээр асуудал дээр УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр /МАН/
Засгийн газраас өргөн бариад чуулганы хуралдаанаар ГашуунсухайтГанц модны төмөр замын холболт, Францын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ураны төслийн асуудал орж ирж байна. Түүхийн шинэ хуудас эргэж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Олон жил улстөржсөн асуудалд цэг тавина гэсэн итгэл үнэмшилтэй байна. Төмөр замын холболтоо хийж чадсанаар цаашдаа бусад боомтуудын үйл ажиллагаа сэргэж, холболтууд хийгдэх боломж бүрдэх юм билээ. Өмнө нь олон жил, олон удаа худлаа ярьсан. Таван удаа зөвшөөрөл өгч, дөрвөн удаа цуцалсан гэж байгаа юм. Яах гэж Засгийн газар хамтарсан юм. Үүнийхээ үр дүнг үзэх ёстой гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга /МАН/
Зарчмын хувьд дэмжиж байгаа. Холбогдон хийгдэж буй хэлэлцээрт Засгийн газраас Монгол Улсад аль болох хамгийн ашигтай байх бүх хувилбарыг суулгана гэж итгэж байна. Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холболтын хэлэлцээртэй холбоотой Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаа өргөжиж, Оронагийн төслийн хүрээнд аж үйлдвэржилт тэлэх ёстой байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа /АН/
Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай яриа хэлэлцээ 2004 оноос эхэлсэн гэж байгаа ч бараг 20-иод жилийн дараа энэ хилийн боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж гүйцээх асуудал хариуцлагатайгаар орж ирж байгаа нь цаг хугацаа алдсан гэдгээрээ нэг талаасаа харамсалтай. Гэхдээ нөгөө талаасаа хэзээ ч хийхгүй байснаас оройтоод ч болов хийх нь зөв гэдгээрээ бол том дэвшил.
Угаасаа энэ төсөл нийгэм, эдийн засгийн үр ашгаараа буюу өөрөөр хэлбэл, жинхэнэ утгаараа 14 мега төслийн хамгийн нэгдүгээрт зүй ёсоор байх ёстой. Тиймээс нэн яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Манайх төмөр замаа аль эрт ашиглалтад оруулж экспортод гаргаагүйгээс үүдсэн алдагдсан боломжийг 18.5 их наяд доллар гэж тооцоо гарсан байна лээ. Уран мөн л олон жил яригдаж, эргэж буцсан том төсөл. Монголд, бидний хойч үе, ирээдүйд ач холбогдол ихтэй төсөл тул дэмжиж байгаа. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд 5.2 тэрбум ам.доллар улс, орон нутгийн төсөвт төвлөрөх тооцоо гарсан байна. Энэ дүн өөрөө нийгэм, эдийн засагт хэр их үр дүнтэйг харуулж байна. Цаашид уран олборлож экспортлох энэ том төслийг дагаад цөмийн эрчим хүчний станцтай болох боломж нээгдэж байгаа гэж харж байгаа. Дэлхий өөрөө цэвэр эрчим хүч буюу хүлэмжийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүчний станц руу шилжих хөдөлгөөн эрчимтэй явж байгаа тул бид Ангараг луу нүүхгүйгээс хойш энэ хандлагыг дагах хэрэгтэй. Дээрээс нь Монгол шиг агаарын бохирдолдоо иргэд нь амьсгалах эрхээ боогдуулчихсан улсын хувьд угаасаа энэ амбиц чухал.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал /ХҮН/
Монгол Улс, БНХАУ-тай ХХ з ууны дунд үед Замын Үүд-Эрээнээр холбогдсоноос өөр хил дамнасан төмөр зам байхгүй. Тэгэхээр Гашуунсухайт-Ганцмод холбогдох нь эдийн засгийн утгаараа ч, хамтын ажиллагаа, стратегийн утгаараа ч том алхам мөн. Давуу талыг дахин давтаж нуршаад яахав. Гэхдээ анхаарах зүйлс байна. Уг төмөр замын барилгын ажлыг төлбөртэйгөөр гүйцэтгэхдээ нэмэлтээр заавал нүүрс худалдан авах гэрээ байгуулах саналыг БНХАУ-ын Чайна Энержи компани тавьсан байна. Энэхүү хамтын ажиллагаа харилцан ашигтай, хэрэгжих боломжтой байхын тулд дараахь асуудлуудыг анхаарах шаардлагатай байна. Зөвхөн өндөр чанарын нүүрсийг сорчлон худалдаалж болохгүй. Монгол Улсын дотоод тээврийг Монголын тал хариуцах ёстой. Мөн үнийн индексийг өнөөгийн бодит байдалд нийцүүлэн тохиролцох хэрэгтэй. Чайна Энержи компанид нийлүүлэх хэмжээг Монгол Улсын нүүрсний нийт экспортын 20 хүртэл хувиар хязгаарлах ёстой. Үүнээс гадна биржийн худалдааг бэхжүүлэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Э.Батшугар /МАН/
-Монгол Улсын эдийн засагт маш том эерэг нөлөө авч ирнэ. Нүүрсний хэрэглээ 2040 оноос эрс буурна гэсэн таамгийг шинжээчид гаргасан. Тийм болохоор үүнээс өмнө төмөр замаа холбох нь зүйтэй. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалт хэрэгжих бололцоо нь үүссэн. Тэгэхээр аль болохоор нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлээд олсон мөнгөөрөө эдийн засгаа хөгжүүлмээр байна. Ард түмнийхээ орлогыг дээшлүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлмээр байна. Төмөр зам баригдсанаар одоо гаргаж байгаа нүүрсээ 20 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж байгаа. Ингэснээр улсын татварт дор хаяж нэг их наяд төгрөг нэмэгдэх тооцоо гарсан. Ураны төсөл бол Оюу толгойгоос гадна хоёр дахь том гадны хөрөнгө оруулалтаа хийх гэж буй гэрээ байгаа юм. Энэ нь ирээдүйд хөрөнгө оруулагч нарыг Монголд авч ирэх том үүд хаалга, итгэл үнэмшлийг нь нээж өгч байгаа гэж хэлж болно. Мөн энэ гэрээ хоёр талдаа ашигтай гэрээ хийгдэж байгаа. Казахстан улс одоо жилдээ 3.5 тэрбум ам.долларын ураны экспорт гаргадаг юм байна лээ. Манайд ч ийм боломж гарч ирнэ. Энэ төслийг дагаад хөрөнгө оруулагчид орж ирнэ. Тийм болохоор бизнес эрхлэгчдэд маш том дэм өгч байгаа гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням /МАН/
-Ардчилсан Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхтэй, өөрийн гэсэн парламенттай, ардчилал маань байна гэдгийг харах бас нэг том өнцөг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гуравынх нь асуудал энэ цаг үед шийдэгдэх юм яригдаж байна. Манай улсын эдийн засаг, тусгаар тогтнолд маш чухал ач холбогдолтой хоёр хэлэлцээр орж ирж байна. Хоёрдугаарт, бид шинэ Үндсэн хууль баталсан. Үр дүнд нь шинэ парламент бүрдэж, олон намын төлөөлөл, нийгмийн бүлгүүд орж ирсэн учраас олон жил гацсан энэ том төслүүд явах нөхцөл бүрдэж байна гэж би харж байгаа. Бид дотооддоо муудалцах бол нэг хэрэг. Харин гадаад биднийг Монгол л гэж харна. Ингэж харахад нь монгол хүнтэй бизнес, наймаа хийж болдог. Монголд хөрөнгө оруулж, ажил хийж болдог юм гэдгийг л бид харуулах ёстой. Энэ гэрээ хэлэлцээрүүдийг олон жил ярилаа. Бидний хэлдгээр долоо хэмжиж, нэг огтол гэдгийг хангалттай хийлээ. Өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал зөндөө байсан. Алдагдсан боломжийн өртөг тоймгүй болсон. Одоо цаг нь болсон, урагшилъя. Бидэнд мөнгө хэрэгтэй байна. Одоо хэдүүлээ шинэ сэдвүүд ярья. Улаанбаатарын утаа, түгжрэлээс гадна бид Оюу толгой, Таван толгойг 20 жил ярьсан, хангалттай.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар /ИЗНН-ын дарга/
Бид энэ төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй, хоёр том хөрштэй орон. Тийм учраас эдийн засаг лебералчлагдах, шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, баталгаатай, найдвартай байх чиглэлд бид урагшаа алхах ёстой. Тийм учраас дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр /Үндэсний эвслийн дарга/
Яаралтай горимоор өргөн барьсан гэдэг үгээр энэ асуудлыг дөнгөж өчигдөр хэлэлцээд өнөөдөр оруулж ирж байгаа биш. Арван жил гацсан, 10 жил маш тодорхой байсан асуудал шүү дээ. Өнгөрсөн хугацаанд эдгээр асуудлуудаар Засгийн газар Их хурал, бүлгүүд дээр мэдээлэл хийсэн. Даргын зөвлөлийн хурлаар холбогдох сайд нарыг нь байлцуулж байгаад бид хангалттай ярьсан, хэлэлцсэн. Тэгээд өнөөдөр орж байгаа юм. Яаралтай гэдэг үг нь хууль дээр байгаа учраас гэнэт орж ирээд, гишүүд сайн уншиж танилцаагүйгээр асуудалд хандаж байгаа зүйл биш. Харин тэр Евразийн асуудал бол танилцуулахгүйгээр оруулж ирэх гэж байсан огт өөр зүйл шүү. “Хятадад газар нутгаа алдлаа” гэж олон нийтийн бодолд нөлөөлж, төмөр замын царигаа өөрчилснөөр бид хөгжил, эдийн засгаараа л хохирсон. Асар их олох боломжтой орлогоо алдсан. Энэ алдааг Засгийн газар засах гээд ажиллаад байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг /ХҮН/
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Гол зорилго бол олон жил гацсан мега төслүүдийг явуулъя гэдэг дээр санал нэг байгаа. Төмөр замын холболт л гэхэд маш олон жил болсон. Өчнөөн сая ам.долларын хөрөнгө зараад төмөр зам барьчихаад байдаг. Гэтэл тэр нь ид шидээ үзүүлдэггүй. Тэгэхээр энэ холболтыг зайлшгүй хийж байж боомтоор гарах нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлнэ. Тийм учраас дэмжиж байгаа. Харин ураны төсөл дээр бид нэг юмыг ойлгочихмоор байгаа юм. Өнөөдөр юу юугүй цөмийн цахилгаан станц байгуулчих гээгүй. Мөн байгаль дээр байж байгаа уран бол цөмийн энерги маш бага ялгаруулдаг. Технологийн дэвшилтэт аргаар олборлоно. Яг зөв ойлголт авчихвал энэ төслийг эсэргүүцэх хүн Монголд байхгүй гэж бодож байна. Нөгөө талаасаа энэ төсөл явснаар бид уран гэдэг бодистой харилцаж сурна. Ингэснээрээ цөмийн энергийн станцтай болох бэлтгэл хангагдана гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа /ХҮН/
-Энэ хоёр төсөл бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэхэд онцгой эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Тийм болохоор зарчмын хувьд зөвхөн Б.Найдалаа би ч биш, ХҮН намын хувьд дэмжиж байгаа. Цаг алдахгүй хийх ёстой. Тэгж байж бид дараа нь эдийн засгийн өсөлт хөгжил ярина.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж /АН/
Хоёр орны Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр олон жил гацсан ураны төслөө хөдөлгөж, эдийн засагт ашигтай байлгах зүйлээ ярилцсан. Энэ хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Маш сайн хууль болсон. Энэ хуулийн дагуу өнөөдрийн Бадрах энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ орж ирж байгаа. Сайн ч гэрээ болсон. Мэдээж Их хурлын хэлэлцүүлгийн явцад дахиад засах юм бий. Энэ гэрээг нэлээд сайн ярилцъя гэж байгаа юм. Олон түмэн мэдэх сонирхолтой байгаа. Тийм учраас би цаг минут заахгүйгээр асууж хариулах дэгээр яваач гэсэн хүсэлт гаргасан. Мөн энэ хэлэлцээр батлагдсанаар Оюу толгой, Петро чайна Дачин тамсаг зэрэг томоохон хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн компаниуд сандралд орно. Яагаад гэвэл энэ гэрээ Монголд маш үр дүнтэй, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын зарчим дээр суурилагдаж хийгдсэн. Тийм учраас Их хурлын гишүүд энэ гэрээг дэмжиж баталж өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай /МАН/
-Эдгээр төслүүд удаан хугацаанд гацсан. Миний мэдэхээр 10 гаруй жил болсон. Алдагдсан боломж нь асар их. Тухайн үед энэ төслүүд яригдаж байхад манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрчихсэн байсан. Энэ үед төмөр замаа тавьчихсан бол одоо яригдаад байгаа 14 мега төсөл хэрэгжээд, зарим нь дуусаад үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдчихсэн. Улаанбаатарт яригдаад байгаа эрчим хүчний дутагдал, зам талбай, түгжрэл, утаа гэсэн асуудлуудаа шийдчих байсан. Гэтэл бүтэн нэг арваныг улс төрийн шоу хийгээд түнэр харанхуйд өнгөрөөчихсөн байна. Тиймээс би энэ төслийг гацаасан нөхдүүд чуулганы хуралдаанд ирээч ээ. Яг хэн хариуцлага хүлээх юм. Эзэн биегүй үлдэх юм уу гэж асуусан. Үүнийг явуулах нь зайлшгүй. Энэ төслүүд явж байгаагийн гол шалтгаан нь сүүлийн найман жил улс төр тогтвортой байлаа. Нэг нам засаглалаа. Тогтвортой засагласан нь үр дүнгээ өгөөд бид өнөөдөр чуулганаар хэлэлцээд, асуудлуудаа яриад сууж байна.
Т.Дарханхөвсгөл