Энэ жил дэлхийн 60 гаруй улсад парламентын, ерөнхийлөгчийн, нэгдсэн, орон нутгийн гэх зэрэг бүхий л түвшний сонгуулиуд явагдсанаараа хамгийн олон улсад сонгууль явагдсан жилээр нэрлэгдлээ. Их Британи, Герман, Франц, Япон гэх зэрэг дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улс орнуудын засгийн газрууд нуран унаж, шинэ засгийн газар байгуулах, ээлжит бус сонгууль явуулах гэх мэтчилэн улс төрийн тогтворгүй байдал давамгайлсан гэж хэлж болохоор жил болж өнгөрч байгаагаас гадна уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг дорвитой тэмцэж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл болж 2024 он “хамгийн халуун жил”-ээр нэрлэгдэхийг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар оныг үдэж байна. Ингээд 2024 онд дэлхий дахинд өрнөсөн, олны анхаарлыг татсан онцлох үйл явдлуудыг сар, сараар нь тоймлон уншигч та бүхэндээ танилцуулж байна

2024 ОНЫ 1 САР – ЯПОН УЛСАД АСАР ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ
Оны эхний өдөр Японы хойд хэсгийн Ишикава аймгийн Сүзү хотын ойр орчимд 7.5 магнитудын маш хүчтэй газах хөдлөлт болж, цүнами үүсэний улмаас Сүзү, Важима, Ното, Анамизү зэрэг жижиг хотууд асар их хэмжээний хохирол амсч, 475 хүн амиа алдаж, 2 хүн сураггүй болж, 1300 гаруй хүн бэртэж гэмтэж, 178 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйдсэн бөгөөд 2011 онд Тохоку хотод болсон газар хөдлөлтөөс хойшхи хамгийн их гарз хохирол учруулсан гамшиг болж, нийт хохирлын хэмжээ нь 17.6 тэрбум ам.доллар хэмээн тогтоожээ.
2024 ОНЫ 2 САР – А.НАВАЛЬНЫЙ 47 НАСАНДАА ШОРОНД НАС БАРЖ, В.ПУТИН АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧ ТАКЕР КАРЛСОНТОЙ ЯРИЛЦАВ
2-р сарын 16-ны өдөр ОХУ-ын хойд туйлын бүс дэх Ямало-Ненецийн автономит тойргийн Харп тосгонд байрладаг ИК-3 хэмээх хамгийн хүнд хэцүү орчин нөхцөлтэй гэдгээрээ алдартай шоронд ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный нас барсан. Тухайн үедээ Russia Today агентлагийн зүгээс түүнийг цусны бүлэгнэлийн улмаас нас барсан гэж мэдээлсэн ч 5 сарын дараа буюу 7-р сарын 26-ны өдөр ОХУ-ын Мөрдөх хорооны зүгээс цөсний үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл болон нугас хоорондын ивэрхий зэрэг хэд хэдэн зэрэгцсэн өвчний улмаас нас барсан гэдгийг тогтоосноо мэдэгдсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хурцаар шүүмжилдэг гэдгээрээ алдартай А.Навальный 47 насандаа ийнхүү таалал төгссөн бөгөөд түүнийг дэмжигчид, тэр ч бүү хэл АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден хүртэл түүний үхэлд Путиныг ямар нэгэн байдлаар буруутай хэмээн мэдэгдэж, байр сууриа илэрхийлж байсан. А.Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная нөхрийнхөө тэмцлийг үргэлжлүүлэх болно гэдгээ мөн мэдэгдсэн юм.
Путины хувьд Навальныйг нас барсан талаар барагтаа бол ам нээгээгүй юм. Эсрэгээрээ тэрээр 2 сард Америкийн сэтгүүлч Такер Карлсонтой 2 цаг гаруйн ярилцлага хийж, тэрхүү ярилцлага Украины дайн эхэлснээс хойш В.Путины барууны сэтгүүлчтэй хийсэн анхны ярилцлага гэдгээрээ нэлээд шуугиан тарьж байсан билээ.
2024 ОНЫ 3 САР – В.ПУТИН ТАВ ДАХ УДААГАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОЖ, КРАСНОГОРСК ХОТЫН КОНЦЕРТЫН ТАНХИМД ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ГАРЧ, ШВЕД УЛС НАТО-Д ЭЛСЭВ
3-р сарын 15-17 өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж, нийт дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн сонгуульд ялах нь анхнаасаа тодорхой байсан В.Путин 88%-ийн маш өндөр саналаар ялалт байгуулж, тав дах удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр улиран сонгогдсон юм. В.Путины тангараг өргөх ёслолын арга хэмжээ хоёр сарын дараа Кремлийн ордонд явагдсан билээ. Харин түүний хамгийн том шүүмжлэгч, эсэргүүцэгч байсан А.Навальныйн оршуулга Москва хотноо явагдаж, олон мянган хүн сөрөг хүчний тэргүүн агсанд хүндэтгэл үзүүлсэн юм.
3-р сарын 22-нд ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоох Красногорск хотын Crocus City Hall хэмээх концертын танхимд зохиогдож байсан рок хамтлагийн тоглолтын үеэр иж бүрэн зэвсэглэсэн 4 террорист этгээд халдлага хийж, үзэгчид рүү гал нээж, хутгалж, гал тавьсаны улмаас 145 хүн амь үрэгдэж, 550 гаруй хүн шархдсан. Уг халдлагыг Исламын Улс бүлэглэлийн Афганистан дахь “Хорасан” салбар үйлдсэн гэдгээ хүлээсэн бол халдлагатай холбогдуулан уг халдлагыг үйлдсэн Тажикстаны 4 иргэн болон мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн бусад 7 хүнийг баривчилсан юм.
Ийнхүү 3 сард ОХУ-д өрнөсөн үйл явдлууд дэлхий нийтийн анхаарлын төвд орж байсан бол барууны ертөнцөд Украины дайны нөлөөгөөр 200 жилийн турш улс төрийн төвийг сахих үзлийг баримталсаар ирсэн Швед улс байр сууриа өөрчилж, НАТО-д албан ёсоор гишүүнээр элсэн орж, НАТО бүл нэмж 32 гишүүнтэй болов.

2024 ОНЫ 4 САР – ХОЙД АМЕРИКТ НАРНЫ БҮТЭН ХИРТЭЛТ БОЛЖ, ХЯТАДЫН ШУА САРНЫ БҮТЭН ГАЗРЫН ЗУРГИЙГ НИЙТЭЛЖ, АНУ УКРАИН, ИЗРАИЛ, ТАЙВАНЬД $95 ТЭРБУМЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ
4-р сарын 8-ны өдөр Хойд Америкийн бүс нутагт, тодруулбал Мексикийн Мазатланаас эхлээд Канадын зүүн хязгаарын Ньюфаундленд хүртэлх томоохон газар нутагт нарны бүтэн хиртэлт ажиглагдаж, нийт 44 сая хүн байгалийн энэхүү үзэгдлийн гэрч болсон билээ.
Гариг эрхэстэй холбоотой өөр нэг сонирхолтой үйл явдал бол БНХАУ-ын ШУА-ийн зүгээс “Сарны геологийн атлас” буюу манай гарагийн дагуул болох сарны хамгийн өндөр нягтаршилтай бүтэн газрын зургийг хэвлэн гаргаж, сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулсан явдал байлаа.
Харин 4 дүгээр сард улс төрийн салбарт АНУ-ын Конгрессын доод танхим Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх 95 тэрбум ам.долларын гадаад тусламжийн багцын тухай хуулийг батласан юм.
2024 ОНЫ 5 САР – ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.РАИСИ НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСЛООР НАС БАРЖ, ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЗАРЛАЖ, KENDRICK LAMAR, DRAKE НАР “ДИСС” УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ӨРСӨЛДӨВ
5-р сарын 19-ний өдөр Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан болон бусад албаны хүмүүсийн зорчиж явсан нисдэг тэрэг манантай орчны улмаас осолдож, амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон бөгөөд төрийн тэргүүн нас барсантай холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, Масуд Пезешкиан Иран улсын төрийн тэргүүнээр сонгогдож, өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.
5 сард мөн Их Британийн ерөнхий сайд Риши Сунак 7 сарын 4-нд ээлжит бус нэгдсэн сонгууль явуулахыг уриалсан ч тэрээр 7 сард явагдсан сонгуульд ялагдаж, Хөдөлмөрийн нам томоохон ялалтыг байгуулж, тус намын дарга Кейр Стармер Их Британийн ерөнхий сайдын албан тушаалд очсон билээ.
Харин урлаг соёл, тэр тусмаа хип хоп хөгжмийн ертөнцөд Америкийн реппер Kendrick Lamar, Канадын реппер Drake нарын “дисс” дуунуудын ширүүхэн тулаан өрнөж, албан бус ялагчаар “Not Like Us” дуугаараа өндөр амжилт үзүүлсэн Kendrick Lamar тодорсон билээ.
2024 ОНЫ 6 САР – ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ СОНГУУЛЬ ӨНДӨРЛӨЖ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ БОЛЖ, НАТО-ГИЙН ШИНЭ ЕНБД ТОМИЛОГДОЖ, ХЯТАД УЛС САРНЫ ЦААД ТАЛД СУДАЛГААНЫ ХӨЛӨГ БУУЛГАЖ ДЭЭЖ ЦУГЛУУЛАВ
6-р сарын 1-ний өдөр дэлхийн хамгийн томд тооцогддог, 6 долоо хоногийн турш үргэлжилдэг, 640 сая гаруй хүн оролцсон Энэтхэгийн нэгдсэн сонгуулийн санал хураалт өндөрлөж, 3 хоногийн дараа танилцуулсан сонгуулийн дүнгээр ерөнхий сайд Нарендра Моди-гийн тэргүүлсэн эрх баригч Бхаратия Жаната нам ялалт байгуулж, тэрээр тангараг өргөж Энэтхэг улсын түүхэнд гурав дах удаагаа ерөнхий сайдаар сонгогдсон цорын ганц хүн болж, эвслийн заслийн газрыг тэргүүлэн ажиллахаар болсон юм.
Энэ сард өөр нэг томоохон сонгууль болсон нь Европын парламентын сонгууль байлаа. Европын 450 сая хүнийг төлөөлөн парламентад суух 720 гишүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд Европын Ард түмний нам парламентад хамгийн олон суудал авч, тус намаас тэргүүнээрээ сонгон өрсөлдүүлсэн Урсула фон дер Ляйен Европын Комиссын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ.
Мөн энэ сард нэг томоохон томилгоо явагдсан нь НАТО-гийн шинэ ЕНБД-аар Нидерландын ерөнхий сайд Марк Рютте сонгогдон томилогдсон явдал байсан юм.
Харин Хятад улс Чанги-6 сансрын хөлгөө сарны цаад “харанхуй” талд амжилттай буулгаж, сарны дээжийг цуглуулсан нь тус улсын шинжлэх ухаан, сансар судлалын салбарт гаргасан ололт, амжилт байлаа.

2024 ОНЫ 7 САР – Д.ТРАМПЫН АМЬ НАСАНД ХАЛДАХ ОРОЛДЛОГО ГАРЧ, Д.ТРАМП К.ХАРРИС НАР ӨРСӨЛДӨХӨӨР БОЛЖ, ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМПЫН НААДАМ НЭЭГДЭВ
7 сар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх томоохон үйл явдлууд өрнөсөн сар болж өнгөрсөн. 13-ны өдөр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп сонгуулийн кампанит ажлын хүрээнд Пеннсильвани мужийн Батлер хотноо сонгогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр чихэн тус газраас буудуулсан үйл явдал дэлхий нийтийг цочроосон бөгөөд түүнийг АНУ-ын нууц албаны ажилтнууд бүчин авч хамгаалан, индрээс буулгахын өмнө тэрээр боломжийг ашиглан, гараа өргөж, өөрийгөө амьд гэдгээ харуулсан юм. Түүний цусаа гоожуулан гараа дээш нь өргөсөн гэрэл зураг “Америкийн төлөө” гэсэн түүний имидж, нэр хүндийг улам бататгаж, “Америкийн баатар”-ын статустай болгосныг улс төрийн олон ажиглагч, судлаач нар онцолж байсан. Харин түүнийг буудсан 20 настай Томас Мэттью Крукс гэгчийг нууц албаны мэргэн буудагчид буудан хороосон юм.
Үйл явдал цаашаа үргэлжилж 15-ны өдөр Д.Трамп Огайо мужийн сенатч Ж.Д Вэнсийг дэд ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээр сонгосон бол 20-ны өдөр зохиогдсон Бүгд найрамдах намын үндэсний чуулганы үеэр тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Д.Трампыг сонгож, тэрээр урьд өмнө түүхэнд байгаагүй урт, 90 минутын илтгэл тавьсан юм.
Харин маргааш нь түүний гол өрсөлдөгч болох ерөнхийлөгч Ж.Байден өөрийн сонгуулийн кампанит ажлаа зогсоож, өөрийнхөө оронд дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж байгаагаа мэдэгдсэнээр Д.Трампын эсрэг Ардчилсан намаас Камала Харрис өрсөлдөх нь тодорхой болсон билээ.
Энэ сард 33 дахь удаагийн зуны Олимпын нээлт Парис хотноо зохиогдож, Сена мөрөн, Трокадеро цэцэрлэгт хүрээлэн,Эйффелийн цамхаг гэх зэрэг байршлуудыг оролцуулаад, түүхэндээ анх удаагаа гадна талбайд зохиогдсон нээлтийн арга хэмжээнд Лэди Гага болон Селин Дион зэрэг дэлхийн одууд оролцсон юм.
2024 ОНЫ 8 САР – КАМАЛА ХАРРИС АРДЧИЛСАН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР БОЛЖ, УКРАИН КУРСКИЙН БҮСЭД ГЭНЭТИЙН ДОВТОЛГОО ХИЙЖ, БРИТАНИЙН АЛДАРТ OASIS ХАМТЛАГ ДАХИН НЭГДЭЖ БАЙГААГАА ЗАРЛАЖ, ПАРИСЫН ОЛИМП ХААГДАВ
8 сарын эхээр Камала Харрис Миннесота мужийн захирагч Тим Вальцыг дэд ерөнхийлөгчид хамт нэр дэвшигчээр сонгож, улмаар сарын сүүлээр зохиогдсон Ардчилсан намын үндэсний чуулганы төгсгөлд тэрээр тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хүлээн авсан юм.
Украины зэвсэгт хүчин Оросын Курскийн бүс нутагт томоохон хэмжээний гэнэтийн довтолгоог эхлүүлсэн нь энэ дайны явцад Оросын газар нутагт явагдсан хамгийн том дайралтуудын нэг байлаа.
Урлаг соёлын ертөнцөд шуугиан дэгдээсэн мэдэгдлийг Британийн алдарт Oasis хамтлагийн ах дүүс хийж, 16 жилийн дараагаар ахин нэгдэж, эх орондоо болон дэлхийн улс орнуудаар аялан тоглолт хийхээ зарласан билээ.
Мөн энэ сарын дундуур хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын хаалт Парис хотын Stade de France цэнгэлдэхэд зохион байгуулагдаж, Холливудын нэрт жүжигчин Том Круиз цэнгэлдэхийн дээврээс үсрэлт хийж, дараагийн Олимпыг зохион байгуулагч Лос-Анжелес хот руу Олимпын туг далбааг хүргэж өгсөн юм.
2024 ОНЫ 9 САР – КАМАЛА ХАРРИС, ДОНАЛЬД ТРАМП НАРЫН МЭТГЭЛЦЭЭН ЯВАГДАЖ, Д.ТРАМПЫН АМЬ НАСАНД ХАЛДАХЫГ ЗАВДСАН ХОЁР ДАХ ОРОЛДЛОГО ГАРЧ, РЕППЕР-ПРОДЮСЕР ДИДДИ-ТЭЙ ХОЛБОГДОХ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГ ДЭЛХИЙГ ШУУГИУЛАВ
9 сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоорондох хоёр дах удаагийн мэтгэлцээн Филадельфи хотноо зохиогдож, ABC телевизээр шууд дамжуулсан энэхүү мэтгэлцээнд Д.Трамп, К.Харрис нар анх удаагаа нүүр тулсан бөгөөд ихэнх ажиглагч, тайлбарлагчид Камала Харрисыг мэтгэлцээнд өрсөлдөгчөөсөө илүү байж чадсан хэмээн дүгнэсэн.
Сонгуультай холбоотой үйл явдлын мэдээллүүд зогсолтгүй үргэлжилсний нэг жишээ бол нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хоёр дах этгээд баривчлагдсан бөгөөд тэрээр Трампыг өөрийн эдлэнд гольф тоглож байхад нь холоос буудах гэж байгаад аюулгүй албаныханд баригдсан билээ.
Энтертайнмент, шоу бизнесийн ертөнцөд энэ сард дэлхийг шуугиулсан дуулиант үйл явдал болсон нь Америкийн реппер, продюсер Дидди буюу Шон Комбсын олон арван жилийн турш үйлдэж ирсэн бэлгийн хүчирхийлэл, секс үдэшлэг, рекет зэрэг олон хэргүүд нь эхнээсээ ил болж, дээрх хэргүүдэд түүнийг буруутган баривчилж, хориод байгаа бөгөөд түүний шүүх хурал 2025 он гараад явагдаж эхлэхээр болсон байна.

2024 ОНЫ 10 САР – МЕКСИК УЛС АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЖ, ЯПОН УЛС ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛЖ, ИЗРАИЛ УЛС ХАМАС БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧИЙГ УСТГАЖ, КУБА УЛСАД ЦАХИЛГААНЫ ТАСАЛДАЛ ҮҮСЭВ
10-р сард хэд хэдэн олон улсын анхаарлыг татсан үйл явдал болсныг товч танилцуулбал Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Клаудиа Шейнбаум тангараг өргөснөөр тэрээр Мексик улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.
Харин дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд Япон улсын эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар Шигэрү Ишиба сонгогдож, Япон улсын шинэ ерөнхий сайд болсон ч дараагийн саруудад түүний улс төрийн байр суурь нэлээд ганхсан билээ.
Израил улс 2023 оны 10 сарын гэнэтийн халдлагыг төлөвлөгчдийн нэг болох Хамас бүлэглэлийн толгойлогч Я.Синварыг Газын зурвасын Рафах хотод хөнөөснөө зарласан бөгөөд оны сүүлээр Израилын Батлан хамгаалахын сайд Израэл Катц Хамас болон Хезболла бүлэглэлийн удирдагчид болох Хания, Синвар, Насралла нарыг Тегеран, Газа, Ливанд хөнөөснөө мэдэгдсэн юм.
Эрчим хүчний салбартаа технологийн шинэчлэл хийгээгүй Куба улсын хамгийн том, үндсэн цахилгаан станцын үйл ажиллагаа зогссоны улмаас үндэсний хэмжээнд цахилгаан тасалдаж, 10 сая хүн олон хоногийн турш “харанхуй”-д амьдрахад хүрсэн билээ.
2024 ОНЫ 11 САР – Д.ТРАМП АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, БҮГД НАЙРАМДАХ НАМ КОНГРЕССТ ХЯНАЛТАА ТОГТООЖ, ГЕРМАНЫ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЗАДРАН УНАЖ, COP29 ХУРЛЫН ҮЕЭР ХӨРӨНГӨТӨН ОРНУУД ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ОЛГОХ НӨХӨН ОЛГОВРЫН ХЭМЖЭЭГ $300 ТЭРБУМ БОЛГОВ
Дэлхий нийтийн анхаарлын төвд орсон, энэ оны онцлох үйл явдал яах аргагүй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн байлаа. 11 сарын 5-нд явагдсан ирц өндөртэй сонгуулийн урьдчилсан дүн маргааш нь гарч, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп томоохон ялалт байгуулж, 78 насандаа АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хамгийн өндөр насандаа АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон хүнээр тодорч, Америкийн улс төрд эргэн ирсэн томоохон мэдэгдлийг хийсэн юм. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдсан Конгрессын сонгуульд ч Бүгд найрамдах нам ялалт байгуулснаар Холбооны засгийн газрын удирдлагын бүх нэгжүүд болох Төлөөлөгчдийн танхим, Сенат болон Ерөнхийлөгчийн засаглалд хяналтаа тогтоож чадсан томоохон ялалт, амжилтын жил байлаа.
11 сард мөн ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн эвслийн засгийн газар төсвийн асуудлаас үүдэн задран унаж, Олаф Шольц өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентын санал хураалт явуулан ялагдаж, улмаар 2025 оны 2 сард парламентын ээлжит бус сонгуулийг явуулахаар болсон билээ.
Азербайжаны Баку хотноо зохиогдсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн COP29 хурлын төгсгөлд дэлхийн хөрөнгөтөн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нь зориулж хөгжиж буй улс орнуудад жил бүр 300 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх амлалтыг өгснөөр чуулганы арга хэмжээ өндөрлөсөн юм.
2024 ОНЫ 12 САР – ЦЭРГИЙН ОНЦ ДЭГЛЭМ ЗАРЛАСАН БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛЫГ ИМПИЧМЕНТЭЭР ОГЦРУУЛАХААР БОЛЖ, СИРИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.АССАДЫН ДЭГЛЭМ НУРАН УНАЖ, ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ 5 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН НЭЭГДЛЭЭ
12-р сарын 3-ны өдрийн шөнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл гэнэтийн мэдэгдэл хийж, цэргийн онц байдал зарласнаар Үндэсний Ассамблейн гадна цэрэг цагдаа болон парламентын гишүүд, иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, улмаар үүрээр Үндэсний Ассамблей цэргийн онц байдлын эсрэг яаралтай хуралдаж, үргэлжлээд Юн Сок Ёлыг импичментээр огцруулах санал гарч, хоёр дах удаагийн импичментийн асуудлаарх санал хураалтаар түүнийг огцруулахаар болж, улмаар түүний шүүх хурлын үйл явц эхэлсэн билээ.
Хаяат Тахрир аль-Шам бүлэглэлийн голчлон удирдсан Сирийн босогчдын чөлөөлөх хөдөлгөөний үр дүнд 25 жилийн турш Сири улсыг удирдсан ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг түлхэн унагаж, Б.Ассад гэр бүлийн хамт Москва руу зугтаж, ОХУ түүнд улс төрийн орогнол үзүүлэхээр болсон юм.
Францын парламентад мөн ерөнхий сайд Мишель Барнье-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт явагдаж, түүнийг огцруулснаар ерөнхийлөгч Э.Макрон шинэ ерөнхий сайдаар улс төрийн төвийг сахисан үзэл баримтлалтай MoDem намын тэргүүн Франсуа Байру-г сонгон томилсон юм.
Түүнчлэн Франц улс 2019 онд шатсан Парисын дарь эхийн сүмийг 5 жилийн дараагаар дахин нээж, нээлтийн ёслолд Дональд Трамп, В.Зеленский, Их Британийн хунтайж Уилльям зэрэг дэлхийн удирдагчдыг урьж оролцуулсан билээ.