Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийн тамирчдын Дэлхийн чансааг гаргалаа. Хүйс хамаарахгүй, тамирчдын цуглуулсан оноогоор эхний 14 байрт жагссан тамирчдыг тодруулахад Монгол Улсаас “Парис 2024” олимпын мөнгөн медальт, МУГТ Бавуудоржийн Баасанхүү 7167 оноогоор Дэлхийн чансааны зургаадугаар байрт орлоо. Ийн тэрээр Монголын жүдочдоос цор ганцаар өөрийн цуглуулсан чансааны оноогоор Дэлхийн шилдгүүдтэй нэг эгнээнд жагсаж, нэрээ дахин цуурайтуулав.
Харин Канадын тамирчин Парисын олимпын алтан медальт Криста Дэгүчи 10140 оноогоор Дэлхийн чансааг тэргүүлжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлддөг. Түүний араас 8029 оноогоор Хорватын бөх Барбара Матик жагссан бол гуравдугаар байрт 8004 оноогоор Азарбайжены бөх Хидаят Хайдаров оржээ.
Ингээд Дэлхийн чансааны жагсаалтыг харуулъя.



Бавуудоржийн Баасанхүү гэх “шагай” шиг биетэй шавилхан охин 2024 онд ганган, гоёхон байж, утгаар нь гялалзсан. 2024 оны Монгол Улсын аварга, Ази тивийн аварга, “Душанбе” их дуулгын аварга, “Абу Даби” Дэлхийн аварга, “Парис 2024” олимпын мөнгөн медаль гээд энэ он бүхэлдээ Баасанхүүгийнх байв. Улмаар өөрийн жиндээ Дэлхийн чансааг тэргүүлж, нийт жүдочдоос Дэлхийн чансааны зургаадугаар байрт жагсаж байна.