Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.10.04/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуулийн үр дүнгийн үнэлгээний тайланг сонслоо.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан тус ажлын хэсгийн дэргэдэх эрдэмтэн, судлаач, зөвлөх инженер, экспертүүдээс бүрдсэн Гүйцэтгэх баг дээрх хуулийн үр дүнг үнэлснээ танилцуулсан юм. Манай улс 2001 онд Эрчим хүчний тухай хуулиа баталснаас хойш нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 174 заалтад өөрчлөлт оруулсан. Үүнээс 56 заалтыг шинээр нэмж, 9 заалтыг хүчингүй болгожээ. Сүүлийн 23 жилийн хугацаанд төрийн байгууллагын бүрэн эрх, тусгай зөвшөөрөл, үнэ тариф, хангагч хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулах заалтуудад голчлон өөрчлөлт орсон гэв. Бодлого зохион байгуулалтын хувьд УИХ эрчим хүчний талаарх төрийн бодлогыг тодорхойлж, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Монгол Улсын урт болон богино хугацааны хөгжлийн бодлогод эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах, хүлэмжийн хийг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, шинэ эх үүсвэр, өргөтгөлийн үр дүнд хүчин чадлыг 2660МВт-д хүргэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, салбарын эдийн засгийн бие даасан байдлыг хангахыг зорьж буй. Гэвч өнөөдөр сүлжээнд залгагдсан хүчин чадал 246МВт байна.

Эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд бүсчилсэн хэлбэрээр шинэ эх үүсвэрүүдийг бий болгоно. Түүнчлэн Тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Цаашид УИХ-аас баталсан бодлогын хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах, үр дүнг шаардах, хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах шаардлагатай. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгоход онцгой чухал нөлөөтэй гол арга хэмжээ, арга хэрэгслүүдийг хуульд тусгах, хэрэгжүүлэх хугацаа, эзэн биеийг тодорхой зааж, зайлшгүй хэрэгжих хуулийн хөшүүргийг бий болгох хэрэгцээ үүссэн хэмээн судлаачид дүгнэжээ.

Цахилгаан, дулааны үнэ тариф алдагдалтай явж ирсэн нь санхүүгийн алдагдалд хүргэсэн. Тухайлбал сүүлийн таван жилд 806 тэрбум төгрөгийн, 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Үнийн индексжүүлэлтийг хийж хэвших хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр буюу 30-аас дээш жил ашигласан үндсэн тоноглол багагүй хувь эзэлж, хоцрогдох янз оржээ. Товчхондоо эрчим хүчний бодлогын хэрэгжилт хангалтгүй байна. Эрчим хүчний зохицуулах хорооны статусыг тодорхой зохицуулаагүйн улмаас эрх зүйн хариуцлага тооцоход учир дутагдалтай. Эрчим хүчний тухай хуульд хэрэгжүүлэх чиг үүргийг заасан хэдий ч хэрвээ биелүүлээгүй тохиолдолд тооцох хариуцлагыг тусгаагүй гэх мэтчилэн тус салбарт тулгамдаж буй асуудлыг Ажлын хэсэгт гүйцэтгэх баг танилцууллаа.