ЕХ албан ёсоор үндсэн нэг стандарт бүхий оролттой цэнэглэгчтэй болж, нэгдсэн журмаар хэрэглэж эхлэж байгаагаа өнгөрсөн амралтын өдрүүдээр зарлажээ.
Энэ сарын 28-ны өдрөөс эхлэн ЕХ-ны хэмжээнд бүх цахилгаан хэрэгслүүдэд зөвхөн USB-C буюу бидний хэлж заншсанаар Type-C оролттой цэнэглэгчийг хэрэглэж эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл одооноос эхлээд ЕХ-нд худалдаалагдах бүх шинэ гар утас, таблет, дижитал камер, чихэвч, виртуал төхөөрөмжүүд, видео тоглоомын консолууд, зөөврийн спикер, ном унших цахим төхөөрөмжүүд, компьютерын гар, хулгана, зөөврийн байршил/чиглэл заагч төхөөрөмжүүд зөвхөн USB-C оролт бүхий цэнэглэгчтэй байх ёстой бөгөөд энэхүү журмыг 2022 оны 10 дугаар сард ЕХ-ны Зөвлөлийн зөвшөөрсөн баталсан “Common Charger Directive” буюу үндсэн нэг цэнэглэгчтэй болох тухай тогтоол, захирамжийн дагуу ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.

Цахилгаан төхөөрөмж үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжүүдэд ЕХ-ны хууль, дүрэм журамд нийцүүлэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх шилжилтийн зориулалттай 2 жил гаруйн хугацааг өгсөний дараагаар ийнхүү тогтоол хэрэгжиж эхэлж байна. Бүх төхөөрөмж үндсэн нэг цэнэглэгчтэй болсноор ондоо брэндийн бүтээгдэхүүнээс үл хамаараад хэрэглэгч ганцхан цэнэглэгчтэй байхад бүх төхөөрөмжөө цэнэглэж хэрэглэх боломж бүрдэнэ, цахилгаан төхөөрөмжүүдийг цэнэглэгчгүй дангаар нь худалдан авч, эдийн засагт хэмнэлттэй байхаас гадна e-waste буюу цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдлыг багасгаж, хүрээлэн буй орчинд ээлтэй зэрэг олон ач тустайг ЕХ-ноос онцолж байна. Харин нөүтбүүкэнд зориулагдсан USB-C оролттой цэнэглэгчийн журмыг 2026 оны 4 сарын 28-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.