Хятадын төрийн дэмжлэгтэй хакер АНУ-ын Сангийн яамны системд нэвтэрчээ


Хятадын төрийн дэмжлэгтэй хакер АНУ-ын Сангийн департаментын системд нэвтэрч, тус департаментын ажилтнуудын ажлын байршлын талаарх мэдээлэл болон зарим нууц баримт, материалуудыг олж авсан талаар даваа гарагт албаны эх сурвалж мэдээлсэн байна.  

Департаментын системд энэ сарын эхээр нэвтэрсэн бөгөөд тус яамны зүгээс хууль тогтоогчдод энэхүү үйл явдлын талаар мэдэгдсэн захидал илгээж, олон нийтэд ил болгожээ. Хакерын халдлагыг яамны зүгээс “томоохон халдлага” хэмээн тодорхойлж, хэрхэн яаж нэвтэрснийг мөрдөн шалгах ажлыг Холбооны мөрдөх товчоо, Кибер болон дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад холбогдох агентлагуудтай хамтран явуулж байгаа талаараа мэдээллээ.

АНУ-ын Сангийн департаментаас хууль тогтоогчдод илгээсэн захидалд Хятадад байрлалтай тухайн хакер яамны системийн аюулгүй байдлын хамгаалалтыг тус яамны ажилтан, албан хаагчдад зайнаас техникийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гуравдагч эх сурвалжаар дамжуулан нэвтэрсэн талаар дурьдсан байна.

Сангийн яамны ажилтнуудад техникийн тусламж үйлчилгээ үзүүлдэг BeyondTrust хэмээх компанийн интернет орчин дахь үйл ажиллагаа яг тэрхүү халдлагын үеэс зогсоод байгаа ажээ. Түүнчлэн яамны зүгээс Beyond Trust хэмээх тэрхүү компани 12 сарын 2-нд анх сэжиг бүхий үйлдлийг илрүүлсэн боловч түүнэс 3 хоногийн дараагаар л хакерын халдлага байсныг олж тогтоосон бөгөөд хакер анх системд нэвтэрснээс хойш ахиж нэвтэрсэн гэх нотлох баримт олдоогүй гэдгийг онцолсон байна. Мөн хакер хэр удаан системд нэвтэрч, ямар төрлийн, ямар түвшний мэдээ мэдээлэл бүхий хэр олон тооны файлуудад нэвтэрсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.

Хэрэг явдлын талаарх илүү нарийвчилсан, дэлгэрэнгүй нэмэлт мэдээлэл бүхий тайланг яамны зүгээс 30 хоногийн дараа хууль тогтоогчдод гаргаж өгөхөөр болжээ.

Харин дээрх үйл явдалтай холбогдуулан Вашингтон дах БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Пенгю АНУ-ын Сангийн департаментын дээрх тайлан мэдээг няцааж, “бодит нотлох баримтад үндэслээгүй, Хятадын нэр хүндийг унагах гэсэн ээлжит гүтгэлэг” хэмээн тодорхойлж, кибер орчинд болсон хэрэг явдлыг мэргэжлийн үүднээс, хариуцлагатайгаар шийдвэрлэж, бодит баримт нотолгоонд үндэслэн шийдвэрлэнэ хэмээн итгэж, найдаж байгаагаа хэлсэн байна. Түүнчлэн АНУ-ыг Хятадын эсрэг кибер аюулгүй байдлаар халхавчилсан, “Хятадын хакеруудын аюул” гэх зэргээр хуурамч мэдээ мэдээлэл тараахаа зогсоох шаардлагатай гэдгийг онцолжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *