HBO телевизийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Чарльз Долан 98 насандаа таалал төгсжээ


HBO кабелийн телевизийн сувгийг үүсгэн байгуулагч, Америкийн тэрбумтан Чарльз Долан 98 насандаа таалал төгссөн байна.

Чарльз Долан анх 1960-аад оны эхээр тусгай телевизийн хөтөлбөр бүхий Teleguide хэмээх үйлчилгээг бий болгож, зочид буудлуудаар зарж борлуулж, бизнесээ эхлүүлж байсан бол 1964 онд Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн барилгуудад сагсан бөмбөг болон америк хөлбөмбөгийн тоглолтуудыг дамжуулах кабелийн телевизийн үйлчилгээг нэвтрүүлж байжээ.

Харин 8 жилийн дараа буюу 1972 онд тэрээр HBO гэсэн нэрээрээ танигдсан Home Box Office хэмээх энтертайнмент контентод суурилсан кабелийн телевизийн сувгийг үүсгэн байгуулж байсан байна. Зөвхөн тухайн сувгаар л үзэх боломжтой кино контентуудыг цацдагаараа онцлог байсан учраас анх үүссэн цагаасаа эхлэн үйлчилгээний төлбөр нь бусад кабелийн телевизийн үйлчилгээнээс хамаагүй өндөр байжээ.

Дараа нь тэрээр HBO суваг болон кабелийн телевизээ зарж, АНУ-ын зүүн хойд мужуудад телевиз болон интернэтийн үйлчилгээг түгээх зориулалттай Cablevision компанийг байгуулсан бөгөөд тус компаниа 2015 онд Европын Altice компанид 18 тэрбум ам.доллараар худалдаж байсан юм. Тухайн үед түүний компанийг хүү Жеймс нь удирдаж байжээ.

Харин анх Чарльз Доланы байгуулж байсан HBO суваг нь өнөөдөр дэлхийн шилдэг сувгудын нэг болон хөгжиж, кино контентуудаас гадна мөн баримтат кино, стэндап шоу нэвтрүүлгүүд болон урлаг соёл, хамтлаг дуучдын тоглолтуудыг цацдаг болж хувирчээ.

Чарльз Долан нас барах үедээ 5.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан талаар Forbes сэтгүүл мэдээлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *