Хэрэв та шөнө 4-5 удаа зүүдэлдэг бол…


Унтах явцад нүд түргэн хөдөлдөг эсэхийг харгалзан удаан нойр, түргэн нойр гэж хуваадаг байна.

 Энэ хоёр нойр шөнийн туршид 4-5 удаа тойрон эргэлддэг идэвхтэй процесс болохыг судлаачид тархины цахилгаан бичлэгийн тусламжтай тогтоожээ. Эрүүл хүн шөнийн нойрны туршид 4-5 удаа зүүдэлдэг байна.

 Энэхүү нүд түргэн хөдлөх үеийн нойр (rapid eye movement sleep) буюу зүүдэн нойрны үед бид зүүдэлдэг учир унтаж байх боловч бие махбодь сэрүүн үеийнхтэй ижил идэвхтэй, сэргэг байдаг. Зүүдэн нойрны тусламжтай бидний бие, сэтгэцийн эрч хүч бүрэн сэргэж, нөхөгддөг бөгөөд сэтгэл санааг тайвшруулж, бүтээлч сэтгэхүйг нэмэгдүүлэх үүрэгтэй аж.

Зүүдлэх үед ухамсрын хүрээ хязгаарлагдмал байдаг учир хүн тусгаж байгаа зүйлээ бүрэн сэтгэх боломжоо алддаг. Үүнтэй холбоотойгоор мэдрэгдэж байгаа юмс, үзэгдэл гажуугаар тусдаг. Мөн зүүдэлсэн юмс, үзэгдэл мэдэгдэхүйц тод дүрстэй, хачин сонин байдаг нь ердийн байдлаасаа гажиж дүрслэгдсэний шинж аж.

Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг байна

75 настай хүн өдөрт 8 цаг унтдаг гэж үзвэл амьдралынхаа 25 жилийг унтаж өнгөрөөсөн ба үүний 6 жил нь зүүдэлсэн гэсэн үг юм.

 Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг. Дөнгөж сэрээд 5 минутын дараа зүүднийхээ талыг мартдаг бол 10 минутын дараа ердөө 10 хувийг л санадаг. Хэрвээ нүд түргэн хөдлөх үеийн нойрноосоо сэрсэн бол та зүүдээ санах магадлал илүү өндөр байдаг. Насанд хүрсэн хүний бүтэн өдрийн нойрны 20-25 хувийг нүд түргэн хөдлөх үеийн нойр эзэлдэг ба энэ үед амьсгал, судасны цохилт түргэсэх ба нүдний түргэн хөдөлгөөн ажиглагдана.

 Унтаж байх үеийн хамгийн эхний зүүд 5 минут үргэлжилдэг бол сэрэхээс өмнө ихэвчлэн тохиолддог хамгийн сүүлийн зүүдэн нойр нь 45-60 минут үргэлжилдэг байна.

 Харааны бэрхшээлтэй хүмүүс бусад мэдрэмжээ ашиглан зүүдэлдэг.

 Хүмүүсийн 12 хувь нь хар, цагаанаар зүүдэлдэг бол үлдсэн хувь нь өнгөтөөр зүүдэлдэг байна. Тод зүүд (lucid dream) нь хүн зүүдэлж байгаагаа ухамсарладаг зүүдний нэг үе шат юм. Энэ үед та зүүдээ хянах боломжтой байдаг байна.

Ойролцоогоор нийт хүмүүсийн тал орчим хувь нь дор хаяж нэг удаа тод зүүд зүүдэлдэг болохыг судлаачид тогтоожээ.

Эх сурвалж: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *