2025 оны 1-р сарын 1-ний өдөр Бразил улс БРИКС-ийг даргалах эрхээ гардан авлаа. Эгнээндээ 9 улсыг нэгтгээд байгаа, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны БРИКС байгууллагыг энэ онд даргалахаар болоод байгаа Бразил улс 2025 онд хөгжиж буй улс орнуудын хамтын ажиллагаанд голчлон анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Бразил улсын засгийн газраас лхагва гарагт БРИКС-ийг даргалахтай холбоотой гаргасан мэдэгдэлдээ мөн олон улсын засаглалын салбарыг шинэчилж, БРИКС-ийн гишүүн орнуудын хоорондох худалдааг зохицуулах шинэ механизмыг бий болгох тал дээр төвлөрч ажиллахаа онцолсон байна.
БРИКС-ийн гол зорилгод гишүүд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах төлбөрийн системийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааныг хүртээмжтэй болгох, хариуцлагатай засаглалыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх санхүүжилтийн механизмыг сайжруулах зэрэг багтаж байгаагаас гадна мөн дэлхийн хөгжиж буй улс орнуудын хоорондох хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, ялангуяа нийгмийн эрүүл мэнд болон БРИКС-ийн институцийн бүтцийг бэхжүүлэх асуудлуудад онцгой анхаарч байгаа юм.

2025 он гарснаар БРИКС шинээр Куба, Болив, Индонези, Беларусь, Казахстан, Малайз, Тайланд, Уганда, Узбекистан гэсэн 9 түнш улс орнуудыг угтан авч байна. Тэдний нэг болох Болив улсын ерөнхийлөгч Луис Арсе шинэ оны эхний өдөр мэдэгдэл хийж, Болив улсыг албан ёсоор БРИКС-ийн түнш орон болсныг зарлалаа.
Тэрээр хэлэхдээ, БРИКС-ийн түнш орон болсноор Болив улсад шинэ боломжууд нээгдэж, эрч хүчтэй, хурдацтай өсөн нэмэгдэж буй зах зээлд бусад түнш орнуудтай төрөлжсөн бизнесийн харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна, энэ нь Болив улсын эрчим хүч, худалдаа, технологи, үйлдвэрлэл, тогтвортой банк санхүү зэрэг голлох салбаруудын хөгжилд түлхэц үзүүлэх болно гэжээ.
Болив улсын ерөнхийлөгч Луис Арсе өнгөрсөн оны 11-р сарын 8-нд мэдэгдэл хийж, Болив улс БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдэх урилгыг албан ёсоор хүлээн авч баталгаажуулсныг зарлаж байсан юм.