Шинэ оны эхний өдөр АНУ-ын Лас Вегас хотын Трамп зочид буудлын гадна Tesla Cybertruck машинд дэлбэрсэн этгээд АНУ-ын тусгай хүчний цэрэг байсан бөгөөд дэлбэрэлтээс өмнө өөрийгөө буудсан байсан талаар албаныхны зүгээс мэдээллээ.
Лас Вегас хотын цагдаа түүнийг Колорадо мужийн Колорадо Спрингс хотоос гаралтай, 37 настай Мэттью Алан Ливелсбергер гэгч байсныг тогтоосон бол Кларк тойргийн шүүх эмнэлгээс түүний үхлийн шалтгааныг өөрийгөө буудан хороосноос үүдэлтэй гэж тогтоожээ.Шатахуунтай канистерууд болон дүүрэн салют бүхий Cybertruck дэлбэрсний улмаас 7 хүн хөнгөн шархдаж, бэртэж гэмтсэн юм. Сэжигтэн Cybertruck-ийг лхагва гарагийн үүрээр буюу дэлбэрэлт болохоос хоёр цагийн өмнө жолоодон ирж, зочид буудлын гадна зогсоосон бөгөөд машинаас эхлээд утаа гарч, дараа нь дэлбэрсэн байна. Эрх баригчдын зүгээс энэхүү хэргийн учир шалтгааныг хараахан олж илрүүлээгүй байгаа ч хотын цагдаагийн газраас пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр шериф Кевин Макмахилл хэлэхдээ “амиа золиослогч этгээдийн үйлдсэн дэлбэрэлт гэж хэлж болох юм” гэсэн байна. Түүнчлэн мөрдөгчид хэргийн газраас цэргийн үнэмлэх, иргэний үнэмлэх, хагас автомат хоёр гар буу, салют, iPhone утас, ухаалаг бугуйн цаг, хэд хэдэн төлбөрийн картыг олсноо мэдээлжээ.Түүнчлэн сэжигтэнг 12 сарын 28-ны өдөр Денвер хотоос Cybertruck машиныг түрээсэлсэн болохыг олж тогтоожээ.
Нью Орлеан хотод халдлага хийсэн этгээд болон Лас Вегаст автомашинтай дэлбэрсэн этгээд хоёулаа автомашин түрээсийн Turo компаниас машин түрээсэлсэн байжээ. Дээр нь мөн хоёулаа Хойд Каролина мужийн Форт Браггт цэргийн алба хааж, хоёулаа 2009 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон боловч тэднийг хамтдаа нэг анги нэгтгэлд, ижил хугацаанд алба хааж байсан эсэх нь тодорхойгүй байна. Мэттью Алан Ливелсбергер нь АНУ-ын зэвсэгт хүчинд хэдэн арван жил зүтгэж, Арми болон Үндэсний гвардид үүрэг гүйцэтгэж, Тусгай хүчний тагнуулын түрүүч цол хүртэж байжээ. Тэрээр нас барахаасаа өмнө ХБНГУ-д үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд чөлөө авсан байхдаа өөрийгөө буудан хороосон байна. Түүний эцэг нь хүүтэйгээ хамгийн сүүлд зул сарын баярын өдөр утсаар ярихад зүв зүгээр байсныг хэлж, хүүгээ Колорадо хот дах гэртээ эхнэр болон 8 сартай охинтойгоо уулзан, гэр бүлтэйгээ хамт байсан гэж BBC агентлагт ярьсан байна.