Румын, Болгар улсууд Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болов


2025 оны эхний өдөр Европын Румын болон Болгар улсууд албан ёсоор Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болж, энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээнүүд дээрх улсуудын хилийн бүсэд зохион байгуулагджээ.

Олон жил үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд иийнхүү зүүн Европын хоёр улс бичиг баримт, визний шаардлагагүйгээр чөлөөтэй зорчих боломжтой Шенгений бүсэд нэгдэн орж, Румын болон Болгар улсын нийт 25 сая иргэн ийнхүү Шенгений бүсээр чөлөөтэй нэвтэрч, зорчдог болж байна.

Болгарын ерөнхий сайд Димитар Главчев энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэх хүрээнд Болгар, Грекийн хилийн зурвас газар болох Кулата-д очиж, хилийн хаалтыг бэлгэдлийн шинж чанартайгаар өргөж нээсэн байна.

Түүнчлэн он солигдох шөнө дунд Румын, Болгарын дотоод хэргийн сайд нар хоёр улсын хоорондох Рюз-Гиургиу хилийн дамжин өнгөрөх цэгт уулзаж, хоёр улсын хоорондох хилийг нээх арга хэмжээг зохион байгуулсан бол мөн Румын, Унгарын хилийн дамжин өнгөрөх цэгт хоёр улсын цагдаа болон хилийн цагдаагийн газрын дарга нар уулзсан баяр ёслолын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Эргэн сануулахад Болгар, Румын улсууд одоогоос 17 жилийн өмнө ЕХ-нд гишүүнээр элсэн орж, 2011 оноос Шенгений бүсэд нэгдэн орох яриа хэлэлцээ эхэлж байсан бөгөөд өнгөрсөн оны 3-р сард Болгар, Румын улсуудыг Шенгений бүсэд хэсэгчилсэн байдлаар гишүүнээр элсүүлсэн бол өнгөрсөн 12-р сард Европын Комисс хоёр улсад зөвшөөрөл олгосноор 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс ийнхүү Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болоод байна. Шенгений бүсэд нэгдсэнээр хоёр улсын иргэд ЕХ-ны бусад улсуудад чөлөөтэй зорчдог болоод зогсохгүй мөн Шенгений бүсийн 30 орчим улс орны иргэд Румын, Болгар улсуудад зочилж, хоёр улсын аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлэх юм.  

1985 онд анх байгуулагдаж байсан Шенгений бүсэд өнөөдөр Европын 29 улс орон нэгдээд байгаа бөгөөд ЕХ-ны гишүүн орнууд болон Исланд, Швейцарь зэрэг ЕХ-ны гишүүн бус улс орнууд ч багтдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *