Юн Сок Ёлыг баривчлах тушаалын хугацаа өнөөдөр дуусна


2024 оны 12-р сарын 31-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын Баруун дүүргийн шүүхээс төрийн тэргүүний эрхийг нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг иргэдийн үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэр гаргаж, мөн Ерөнхийлөгчийн ордонд нэгжлэг хийх тогтоолыг гаргасан юм. Энэ нь Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн түүхэнд анх удаа ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргасан явдал болсон бөгөөд баривчлах тушаал нь гаргасан өдрөөс хойш долоо хоног буюу 2024.12.31-нээс 2025.01.06-ны өдрийг дуустал хүчинтэй буюу өнөөдрөөр дуусгавар болох юм байна.

Ням гарагт БНСУ-ын Төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийг мөрдөн байцаах газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг цагдаагийн талд хүлээлгэн өгсөн тухай өнөөдөр Өмнөд Солонгосын цагдаагийн газраас мэдэгдээд байна. Цагдаагийн байгууллагаас уг хүсэлт болон баривчлах ажиллагааны хууль эрхзүйн үндэслэлийг шалгаж байгаа талаараа мөн мэдэгджээ.

1-р сарын 3-ны өглөө Төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийг мөрдөн байцаах газрын ажилтнууд ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлахаар Сөүл хотын Ёнсан дүүргийн Ханнам-дон дах ерөнхийлөгчийн ордонд нэвтрэхийг оролдсон боловч ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай бараг таван цаг хагас мөргөлдсөний дараагаар баривчлах ажиллагааг зогсоосон юм. Уг бүтэлгүй баривчилгааны ажиллагаанаас хоёр хоногийн дараа тус газраас ийнхүү цагдаагийн байгууллагад баривчлах ажиллагааг хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрөөр дуусгавар болж байгаа баривчлах тушаалын дагуу цагдаагийн байгууллага Юн Сок Ёлыг баривчлах эсэх нь тодорхойгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *