К.Харрис Трампын ялалтыг хүлээн зөвшөөрлөө


АНУ-ын Конгресс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, батласан байна. АНУ-ын Үндсэн хуулинд заасан журмын дагуу ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, батлах Конгрессын тусгай үйл ажиллагааг Д.Трампад ялагдсан Ардчилсан намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис удирдан явуулжээ. К.Харрис сонгуулийн үр дүн болох сонгогчдын коллежийн төлөөлөгчдөөс цуглуулсан нэр дэвшигчдийн саналын тоог (Д.Трамп:312 санал, К.Харрис:226 санал) танилцуулсны дараагаар тэрээр 2024 оны сонгуулийн үр дүнг Конгресс албан ёсоор хүлээн зөвшөөрч батлаж байгааг мэдэгдсэн байна. Хэдийгээр Трампын ялалтыг хүлээн зөвшөөрсөн боловч танхим дах хууль тогтоогчид К.Харрист хүндэтгэл үзүүлж бүгд босч алга ташсан нь мөн сонирхолтой үйл явдлын нэг байлаа.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батладаг, Конгресст зохион байгуулагддаг энэхүү тусгай арга хэмжээ нь төр засгийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх үйл явцыг бэлгэдсэн, уламжлал болсон арга хэмжээ бөгөөд үүгээр өрсөлдөгч нь ялагдлаа хүлээж, нөгөө талынхаа ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгддэг байна.

Ийнхүү Камала Харрис өрсөлдөгч Д.Трампын ялалтыг нэр төртэйгээр хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн бол одоогоос дөрвөн жилийн өмнө нөхцөл огт өөр байсныг олон улсын хэвлэлүүд мөн дурьдлаа. 2020 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн Д.Трампын дэмжигчид Капитолын ордон руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан бөгөөд Д.Трамп болон түүний холбоотон түншүүд тэрхүү халдлага гарсан өдрийг “хайрын өдөр” хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлынхаа үеэр ч мөн тухайн үед ямар ч буруу зүйл болоогүй ба халдлагын хэргээр хорих ял авсан хүмүүсийг “улс төрийн ялтнууд” хэмээн ярьж байсан билээ. Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орсон үйл явдлын үеэр 100 гаруй цагдаагийн албан хаагч бэртэж гэмтэж, нийт 3 сая ам.долларын хохирол учирч байсан ажээ.

Харин энэ удаагийн Конгрессын тусгай арга хэмжээний үеэр нийслэл Вашингтон хотын аюулгүй байдлыг чангатгасан хэдий ч маш тайван, энгийн өдөр байсныг мөн л гадны хэвлэлүүд онцлоод байна. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден дөрвөн жилийн өмнөхтэй ижил хүчирхийллийг ахиж хэзээ ч давтах ёсгүй хэмээн хатуухан мэдэгдлийг хийжээ. Мөн тэрээр болж өнгөрсөн зүйлийг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг америкчуудад сануулан уриалсан байна.

Харин өөрийнх нь ялалтыг хүлээн зөвшөөрсөн явдлын талаар Д.Трамп өөрийн Truth Social платформдоо сэтгэгдлээ бичиж оруулсан байна. Тэрээр “Конгресс өнөөдөр бидний сонгуулийн гайхамшигтай ялалтыг албан ёсоор хүлээн зөвшөөрч баталлаа, энэ бол түүхийн томоохон мөч юм” гэжээ. Д.Трамп энэ сарын 20-ны өдөр тангараг өргөж, албандаа орох болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *