Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхийн эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, эцэг эх асран хамгаалагчаас сард 20,000 төгрөг авч эхлээд хоёр сар өнгөрч байна. Энэ хүрээнд хүүхдийн хоолонд ямар өөрчлөлт орсон болохыг нийслэлийн 82-р цэцэрлэг эцэг эхчүүдэд нээлттэй танилцууллаа. Хүүхдийн хоолны цэсэд нарийн ногоо, жимс жимсгэнэ, цагаан идээ нэмэгдэж шим тэжээл мөн өссөн байна.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өмнө нь 2475 төгрөг байхад илчлэг 75 хувь байсан бол 4000 болж нэмэгдсэнээр 90 хувь болж өссөн болохыг хэлж байлаа.
Нийслэлийн 82-р цэцэрлэгийн Эрхлэгч О.Эрдэнэцэцэг:
Хүүхдийн хоолонд орсон өөрчлөлтийг эцэг эхчүүдэд гурван үе шаттай танилцуулж байгаа. 600 эцэг эхийг нэг дор оруулах боломжгүй тул эхний ээлжийн эцэг эхчүүдэд шим тэжээлийн боловсрол гэсэн үзүүлэх ажлаараа олгож байгаа. Хүүхдийн хоолонд сүү, цагаан эдээ нэмэгдсэн зэргээр маш их өөрчлөлт орсон. Мөн жимс, жимсгэнийг оруулж өгсөн байгаа.
82-р цэцэрлэгийн Ахлах тогооч Ж.Үржинханд:
11:00 цагт зэрлэг жимсний шүүс өгдөг байхдаа дангаар нь өгдөг байсан. Одоо үүн дээр хоёр ширхэг жигнэмэг нэмэлтээр өгдөг болсон. Өдрийн хоолон дээр хачир төрөл төрлөөр орж ирсэн. Нарийн ногоо өгч чаддаггүй байсан бол өгдөг болж байна. Түүхий эдийн зардал ₮4000 болсонтой холбоотой амин дэмээр баялаг хүнс түлхүү авах болсон.
Эцэг эхийн төлөөлөл П.Буянзаяа:
Хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнээр жимс, цагаан идээний хэрэглээ нэмэгдсэн байна. Манай хүүхэд жимсэнд дуртай болохоор жимс идэж байгаадаа баяртай байгаа. Үүнийгээ дагаад цэцэрлэгтээ хамрагдах дуртай болсон.
Эцэг эхийн төлөөлөл М.Цолмонбаатар:
Хоолны дуршил их нэмэгдсэн. Хүүхдийн ярианд орж байгаа хоолны нэршил хүртэл нэмэгдэж мэдрэгдсэн. Би тийм юм идмээр байна ийм юм идмээр байна гэж хэлдэг болсон. Тэрэнд дээр их сайшаалтай байгаа.
Ингээд хоолны мөнгө нэмэгдсэнээр тав хоногт 1-2 удаа зургаан төрлийн цагаан идээ, долоо хоногт нэг төрлийн жимс өгч байгаа нь хүүхдүүдийн хоолны дуршилд эергээр нөлөөлж, цаашлаад цэцэрлэгтээ дуртай явах нөхцөлийг бүрдүүлж байгааг эцэг эхчүүд хэлж байлаа. Энэ мэтээр хүүхэд бүрийн ар гэр, эцэг эхчүүдэд таны хүүхэд юу идэж байгааг үе шаттайгаар нээлттэй танилцуулах юм байна.