Нийслэлийн 23-р сургууль энэ хичээлийн жилээс эхлэн нэг ээлжийн их завсарлагааныг хоёр болгож нэмэгдүүлсэн байна. Ингэснээр сурагчид тайван сууж хооллох, цаашлаад хичээлдээ анхааралтай суух зэрэг эерэг өөрчлөлт гарсан байна.
23-р сургуулийн цайны газар. 10:45 минут өглөөний ээлжийн хоёр дахь их завсарлага. Эхний ээлж 07:45 минут орж 13:50 минут хүртэл хичээллэдэг. Энэ долоон цагийн хичээлийн хугацаанд сурагчид өмнө нь 10 минутаар нэг л удаа завсарладаг байсан. Харин 09:55-10:05, 10:45-10:55 цагийн хооронд гээд 10 минутаар хоёр удаа завсарлах болжээ. Ингэснээр сурагчдад гарах хугацаа нэмэгдсэнд баяртай байгаагаа хэлж байлаа.
23-р сургуулийн сурагчид:
- Нэг завсарлагаантай байхад юмаа идээд ороход дандаа багшийн араас хоцорч ордог байсан. Хоёр завсарлагаантай болсноор бид нар тайван хоолоо идэх, хоцрохгүй орж ирэх болсон.
- Пирожкинд дугаарлаж байгаад хичээлдээ амждаггүй байсан. Харин одоо амжаад ордог болсон.
- Өмнө нь нэг завсарлагаан хоол идэж амждаггүй байсан хоёр болчихсон чинь гоё байна.
- Хоёр завсарлагаантай болсноор цайны газар болон ариун цэврийн өрөө орох цаг гарч илүү цагтай болсон.
ИХ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦАА НЭМЭГДСЭНЭЭР СУРАГЧИД ТАЙВАН ХООЛЛОХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ
23-р сургуулийн Ахлах тогооч Г.Солонго:
Хүүхдүүд хоёр хуваагдаж орж ирэхэд хэн хэндээ амар болж ирсэн. Сурагчид ширхгийн хоолноос татгалзаж хоол идэх сонирхол нэмэгдсэн.
23-р сургуулийн сургалтын менежер, МУ-ын зөвлөх багш:
Их завсарлагааны 10 минут нэг ээлжид хичээллэж байгаа мянга гаруй хүүхдүүдэд хүрэлцэхгүй байсан. Иймээс сурагчдаас судалгаа санал авахад завсарлагааны хугацааг нэмэгдүүлэх хүсэлт их ирсэн. Ийн сурагчдын хүсэлт, санал дээр тулгуурлан давтамжтай хугацаагаар завсарлах болсон.
Нэгдүгээр ээлжид 10 минутын завсарлагаан гарснаар хоёр дугаар ээлжийн орох болон тарах цаг 10 минутаар хойшилсон байна. Тодруулбал 13:30 цагт орж 18:45 минутаас тардаг байна. 2-р ээлж өмнө нь 18:35-д тардаг байсан нь 10 минутаар хойшилсон нь нэг их өөрчлөлт гаргаагүй тул сурагч, эцэг эхчүүд энэхүү дотоод зохицуулалтыг санал нэг зөвшөөрсөн байна. Энэ мэт сургуулиуд дотооддоо бага зэрэг зохион байгуулалт хийхэд л сурагчдын хичээлийн ойлгоц, цаашлаад эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөлөл их.