Дархан-Уул аймгийн Дархан сумын гэр хорооллын нягтаршлыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тус аймгийн засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа нар албан даалгавар гаргаж, өчигдөр багийн засаг дарга нарт танилцууллаа. Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа нэмж айл буулгахгүй, яндангийн тоо нэмэхгүй байх үүрэг хүлээж байна. Үүнд багийн засаг дарга нар анхаарлаа хандуулж ажиллах үүрэгтэй.
Гэр хорооллыг нэмэхгүй байх захирамж гарсан хэдий ч хашаандаа айл буулгаснаар агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болж буй аж.
Аймаг, сумын засаг дарга нарын гаргаж буй шийдвэрийг дагаж, мөрдөх, агаарын бохирдлыг багасгахад айл, өрх бүр санаачилгатай байж хашаанд нэмж айл буулгаж яндангийн тоо нэмэгдүүлэхгүй байхыг уриаллаа.
Дархан сумын суурьшлын бүсийг тэлэхгүй, нэмж газар олгохгүй байх захирамжийг 2014 онд гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн шугам сүлжээнд холбох, цахилгаанаар халаах систем нэвтрүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.
Дархан сумын гэр хорооллын тав, зургаа, долоо, наймдугаар багийн айл өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой. 2019-2020 онд эдгээр багуудыг төвлөрсөн цэвэр, бохир усны системд холбосон. Одоо айл, өрхүүд хашаа руугаа өөрийн хөрөнгөөр татах ёстой юм.
