Мега төслүүдийн долоо нь ТЭЗҮ хийгдэж, дөрвөн төслийн санхүүжилт тодорхой болж, ажил нь эхэлжээ


УИХ-ын намрын чуулган удахгүй өндөрлөнө. Намрын чуулганаар хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ хөдөлгөх, эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж байгаа. Тухайлбал, ГашуунсухайтГанцмод”,“Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр, Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Эрээнцав-Чойбалсан-Баруун УртБичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц, Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Гангийн үйлдвэр, Газрын тос боловсруулах цогцолбор, Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр, Үндэсний хиймэл дагуул зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж зарласан. Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцийг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Тиймээс өнөөгийн байдлаар Засгийн газрын зарласан том төслүүдийн хэд нь хөдөлж, хэд нь хаврын чуулганы нүүр үзэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Эдийн засгийг тэлэх 14 мега төслийн таваас доошгүй төслийг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл болон Монгол, Францын хамтарсан Ураны төлслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, хэрэгжих эрх зүйн орчин бүрдлээ. Стратегийн ач холбогдолтой эдийн засгийн макро түвшний асуудлуудыг УИХ-д суудалтай намууд, Их хурлын гишүүдийн олонх дэмжсэнээр дээрх төслүүд хэрэгжихэд улс төрийн зүгээс ямар нэгэн гацаа үүсэхгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжих үйл ажиллагааны хөтөлбөр өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд батлагдсан. Тус хөтөлбөрт эрчим хүчний дөрөв, зам тээвэр, боомтын хоёр, байгаль орчин, усны нэг, аж үйлдвэр эрдэс баялгийн зургаа, үндэсний батлан хамгаалахын нэг гээд нийт 14 мега төсөл туссан байгаа. хамтарсан засаг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн сарын дотор гурван мега төслийн буюу эрдэнэбүрэнгийн 90 МВ-тын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлуудыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр төсөл хөдлөх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг. Засгийн газар хурдтай, ил тод ажиллаж байгаад талархалтай хандаж байгаа. Цаашдаа энэ эрчээрээ бусад төслүүдээ хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засагт тун ашигтай гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ баталсан. энэ дотор 14 мега төслийг хөдөлгөх, мөн 300 гаруй дэд төслийг хэрэгжүүлэх ийм том зорилготой хөтөлбөр батлагдсан. Өмнө хоёр том нам нэгнийхээ ажил дээр улс төрийн дэгээ тавих замаар мега төслүүдийг хөдөлгөдөггүй, хөгжлөөс хойш нь татдаг зүйл байсан. Харин хамтарсан засгийн газар энэхүү том зорилтыг хэрэгжүүлэх гэж байгаад нь миний хувьд дэмжих шалтгаан болсон. Энэ том төслүүд эхнээсээ хөдөлсөн. Эрэмбийн хувьд бид эхлээд эрчим хүчний том төслүүдээ бодитой явуулах хэрэгтэй. Үр дүнд нь бусад төслүүд хөдлөх суурь нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Яг одоогийн байдлаар 14 мега төслөөс ТЭЗҮ хийгдсэн төсөл долоо байгаа. Үлдсэн нь ойрын 1-2 жилд ТЭЗҮ судалгаа хийгдээд, түүний дараа санхүүжилтийн хувилбар нь гарна. ТЭЗҮ хийгдсэн долоон төслөөс санхүүжилт нь тодорхой буюу хийгдээд явж байгаа дөрвөн төсөл байна. Тухайлбал, Францын “Орано” компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний гарын үсэг зурах эрхийг засгийн газарт УИХ-аас өгсөн байгаа. Уг төслийг тус компанийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлаар гэрээ байгуулах чиглэлийг мөн УИХ-аас засгийн газарт өгсөн байгаа. энэ дагуу гэрээ хийгдэх байх. Дараа нь Монголын талаас “Эрдэнэс Таван толгой” ХК, Хятадын талаас “Чайна энержи” ХХК хөрөнгө оруулалт хийнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын зээлээр хийнэ гэж зарласан байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл БНЭУ-ын эксим банкны зээл, хөгжлийн банкны зээлээр санхүүжээд явж байна. Энэ өдрүүдэд зээлийн дүнг нэмэх санал УИХ-аар орж ирээд хэлэлцэгдэж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Хамтарсан засаг, шинэ парламент байгуулагдаад хагас жил болж байна. Энэ богино хугацаанд бид эвлэлдэн нэгдэж, шуурхай ажилласнаар эдийн засгийг тэлж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх гурван том төслийн санхүүжилт, гэрээ хэлэлцээр, эрх зүйн орчны асуудлыг шийдэж чадлаа. Тодруулбал, 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт, 28 жил маргасан Бадрах энержигийн гэрээ хэлэлцээр, 10 жил яригдсан эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдээд байна. эдгээр төслүүд энэ хавартаа багтаж хэрэгжиж эхлэх нөхцөл бүрэн бүрдсэн гэсэн үг.

Мөн нийгэм, дэд бүтцийн салбарт ч бас бодитой ахиц гарсан. үндэсний баялгийн санг бодитоор хэрэгжүүлж “Баялагтаа эзэн монгол хүн” зорилт оны өмнөхөн хэрэгжиж эхэлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын батерей станц ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалтын асуудал бараг шийдэгдээд байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Ерөнхийдөө шинэ 30 жилийн эхлэл их эрчтэй байна гэж харж байна. “Эвт шаазгай буга барина” гэгчээр цаашдаа энэ эрчээрээ хамтарч ажиллавал бусад 11 мега төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хурдтай явна гэдэгт итгэлтэй байна. Намрын чуулган завсарласан ч Улсын их хурлын гишүүний хувьд засгийн газрын ажилд хяналт тавьж, хэрэгтэй үед нь дэмжиж ажиллана. Мөн мэргэжлийн хүний хувьд утаа болон түгжрэлийг шийдэх ажил дээр нухацтай анхаарч ажиллаж байгаа. харин хаврын чуулганаар барилга хот байгуулалтын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, зураг төслийн ажил, барилгын ажлын жишиг үнийг зах зээлд нийцүүлэх, захиалагчийн хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эцэст нь нэмж хэлэхэд, хагас жилийн ажлын тайлангаа өөрийн фэйсбүүк хуудастаа байршуулсан. Цаашдаа ийм байдлаар олон нийтэд ажлаа тайлагнах үүргээ биелүүлээд явна.

Э.Мөнхтүвшин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *