УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хяналтын зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувийн саналаар санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн даргад М.Буяндэлгэрийг дэмжсэн байна.
Түүнийг томилох эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ” Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагчаар 20 жил ажилласан хүн нэр дэвшиж байгаа юм байна. Хөрөнгийн биржээр эсвэл газар худалдаалах гэж байгаа юм болов уу? Та бүхэн СЗХ-ны хяналтын зөвлөлийнхөө чиг үүргийг мэдэж байна уу. Энэ хүмүүс дотор нэг ч аудитор байхгүй байна. Аудитын дүгнэлт гаргахад хэн танилцах юм. Бодвол хууль зөрчсөн гэж гаргаж буй аудитын дүгнэлттэй танилцах байх. Хуульч хүн бас байхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд энэ хүмүүсийн анкетыг хараад санхүүгийн зохицуулах хорооны ирээдүйд санаа зовж байна ” гэсэн юм.