“TikTok-ын дүрвэгчид” Хятадын RedNote аппликейшн рүү шилжиж байна


АНУ-д TikTok аппликейшны хэрэглээг бүрмөсөн хориглохоор яригдаж байгаа энэ үед өөрсдийгөө “TikTok-ын дүрвэгчид” хэмээн нэрлэсэн TikTok-ын идэвхитэй хэрэглэгч, контент бүтээгч нар Хятадын өөр нэгэн аппликейшн рүү олноороо шилжиж эхлээд байна.

Энэ бол Xiaohongshu буюу RedNote хэмээх хятадын нийгмийн сүлжээний аппликейшн бөгөөд сүүлийн үед энэхүү аппликейшны хэрэглэгчдийн тоо Apple-ийн App Store-ийн дээгүүр бичигдэж эхлэх болсон юм.

Харин TikTok-ын тухайд тус аппликейшныг АНУ-д бүрмөсөн хориглох эсэх шийдвэр энэ сарын 19-нд гарах болно.

RedNote рүү олноороо шилжиж байгаа TikTok-ын контент бүтээгчид өөрсдийгөө “TikTok-ын дүрвэгчид” хэмээн нэрлэж, ийм нэрээрээ бичлэг, контентуудаа оруулж эхэллээ. Шанхай хотноо төвтэй, 2000 гаруй ажилтантай, Хятадын нийгмийн сүлжээний RedNote платформ нь 2013 онд анх нээгдэж байсан ба Meta компанийн Instagram болон Pinterest платформуудтай ижил төстэй ажээ. Уг аппликейшныг сар бүр 300 сая хүн идэвхитэй хэрэглэдгээс 80 орчим хувь нь эмэгтэйчүүд гэнэ.

Америкийн TikTok хэрэглэгчид ийнхүү TikTok-ын гол өрсөлдөгч болох Meta компанийн платформууд руу шилжилгүй, Хятадын ондоо аппликейшныг сонгосон нь мөн олны анхаарлыг татаад байна.

Хэдийгээр Meta компанийн зүгээс Facebook, Threads, WhatsApp зэрэг өөрийн платформуудын контентод тавигддаг хязгаарлалтуудыг сулруулах шинэчлэлүүдийг сүүлд хийсэн боловч тэдгээр шинэчлэлүүд нь хуурамч мэдээ, мэдээлэл, бусдыг үг хэлээр доромжлох, үзэн ядаж гадуурхах үзлийг улам дэвэргэсэн явдал боллоо гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа өнгөрсөн оны 4-р сард TikTok компанийг эзэмшигч Хятадын ByteDance компаниас тус аппликейшныг 270 хоногийн дотор Хятадын бус компаниудад худалдахыг шаардсан тушаалыг батласан бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд TikTok-ыг аюулгүй байдлын үүднээс АНУ-д хориглох болно хэмээн тулгасан.

Хариуд нь TikTok-ийн зүгээс 2024 оны 12-р сарын дундуур АНУ-ын дээд шүүхээс TikTok-ыг албадан худалдах АНУ-ын засгийн газрын шийдвэрийг түр хугацаагаар зогсоохыг яаралтай шаардаж, энэ тогтоол нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэнтэй холбоотойгоор ийнхүү энэ сарын 19-ний өдөр уг асуудлыг хянан шүүж, хориглох эсэх шийдвэрийг гаргахаар болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *