2024 онд Украины батлан хамгаалахын зардал $100 тэрбумд хүрсэн байна


Өнгөрөгч 2024 онд ОХУ-ын “цэргийн тусгай ажиллагаа”-ны эсрэг дайтаж байгаа Украин улсын батлан хамгаалахын зардал 100 тэрбум ам.долларт хүрсэн талаар пүрэв гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн байна.

Тэрээр 16-ны өдөр Их Британийн ерөнхий сайд Кир Стармертай Киев хотноо хийсэн уулзалтынхаа дараагаар хийсэн мэдэгдэлдээ энэ талаар онцолжээ.

Украины ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ, өнгөрсөн онд Украины батлан ​​хамгаалахын зардал 100 орчим тэрбум ам.долларт хүрч, үүнээс Украин дангаараа $40 тэрбумыг гаргасан бол, АНУ $35 тэрбум, Европ $25 тэрбумын тусламж үзүүлсэн гэжээ. Мөн тэрээр Их Британи улс 2025 онд Украинд нийт 6.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Кир Стармер мөн Украинд 150 их буу, Украины хэрэгцээнд зориулан тусгайлан зохион бүтээсэн агаарын довтолгооноос хамгаалах хөдөлгөөнт шинэ системийг нийлүүлэх бөгөөд ойрын хэдэн долоо хоногт Украинд хүлээлгэн өгөх болно гэдгийг мэдэгджээ.

Мөн өдөр Украин улсад айлчилж буй Их Британийн ерөнхий сайд Кир Стармер Украины төрийн тэргүүний хамт хоёр улсын 100 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр талын аюулгүй байдал, батлан ​​хамгаалах, худалдаа, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *