Австралийн нэгэн инфлюнсер эмэгтэй цахим орчин дах дагачдын тоогоо нэмэгдүүлж, улмаар хандив цуглуулах зорилгоор өөрийн бяцхан охиныг хордуулсан хэрэгт буруутгагдан, шалгагдаж байна.
Австралийн Квинслэнд мужид амьдардаг тэрхүү эмэгтэй эдгэршгүй өвчтэй охиныхоо өвчний эсрэг тэмцэж байгаа талаарх бичлэгүүдийг нийгмийн сүлжээнд тавьж оруулж байсан хэмээн өөрийгөө зөвтгөж байгаа бол мөрдөгчид түүнийг нэг настай охиноо хордуулж, түүнийг “аймшигтай зовж, шаналж” байгааг нь харуулсан бичлэг хийсэн гэж мэдэгджээ.
Өнгөрсөн оны 10-р сард хүүхэд маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэний дараагаар бяцхан охинд үзлэг хийсэн эмч нар ээжийг нь анх сэжиглэж эхэлсэн бөгөөд цагдаа нар түүнийг 10-р сарын 15-наас мөрдөж эхэлсэн байна.
Ийнхүү хэдэн сарын турш мөрдөн шалгасны эцэст 34 настай инфлюнсер эмэгтэйг бага насны хүүхдийг тамлаж, хордуулж, хүүхдийн мөлжлөг хийж, бусдыг залилж луйвардсан хэргүүдэд буруутгаад байна.
Квинслэнд мужийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч Пол Далтон пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “үнэхээр аймшигтай, зэвүүцэл төрүүлэм энэ хэргийн талаар хэлэх ч үг олдохгүй байна” гэсэн ч мөн бяцхан охиныг одоо эрүүл, мөн аюулгүй байдалд байгаа тухай сайн мэдээг давхар дуулгажээ.
2024 оны 8-10 сарын хооронд дээрх эмэгтэй охиндоо хэд хэдэн удаа жороор олгодог эм бэлдмэл уулгасан бөгөөд өөрийнхөө буруутай үйлдлийг нуун дарагдуулахын тулд энд тэндээс олсон, бусдын гэрээс нууцаар авсан эм бэлдмэлийг хүртэл уулгаж байсныг мөрдөгчид мэдээлсэн байна.
Охины ээж хүүхдийнхээ өвдөж, зовж буй бичлэгийг цахим орчинд оруулж, улмаар GoFundMe вебсайтаар дамжуулан нийт 60,000 австрали доллар буюу 37 мянга гаруй ам.долларын хандив цуглуулаад байсныг тус вебсайт хандив өгсөн хүмүүст буцааж олгох оролдлого хийж байгааг ахлах мөрдөгч Пол Далтон мэдэгджээ.
Түүнчлэн цагдаа нар энэхүү хэрэгтэй холбогдуулан бусад хүмүүсийг шалгасан ч зөвхөн охины ээжийг л буруутай гэдгийг тогтоосон байна. Охиноо хордуулсан эмэгтэйн шүүх хурал өнөөдөр Брисбэйн хотын шүүхэд болж байна.