АНУ “Монголын ипотекийн корпораци”-д 150 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ


АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн байгууллага (DFC) 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК (МИК)-д 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэр гаргажээ.

Энэхүү санхүүжилт нь Монголын ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах, эмэгтэйчүүд болон бага, дунд орлоготой өрхүүдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой талаар Монголын ипотекийн корпорацийн мэдээнд тэмдэглэсэн байна.

DFC-ийн энэ удаагийн санхүүжилт Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагад олгож байгаа хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт болжээ. Үүний зэрэгцээ орон сууцны санхүүжилтийн зориулалттай болон анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цааcжуулалтын зарчмаар олгогдох ипотекийн зээлийн эх үүсвэр гэдгээрээ онцлогтой ажээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хэлэлцээрийн үр дүнд DFC нь МИК-ийн ипотекийн зээлээр баталгаажсан 150 сая ам.долларын үнэт цаасыг худалдан авч, орон нутгийн арилжааны банкуудад шинэ, хямд орон сууцны зээл бий болгох боломж олгох юм байна. Эцсийн зорилго нь Монгол Улсын бага, дунд орлоготой олон мянган өрхийн хувьд орон сууц өмчлөх боломжийг нэмэгдүүлэх явдал ажээ.

МИК-ийн санхүүгийн зөвлөх байгууллага “Delphos International” компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Барт Туртелбоом хэлэхдээ “МИК бол Монгол Улсад системийн чухал ач холбогдолтой санхүүгийн байгууллага юм.

Бид энэхүү хэлцэл дээр хамтран ажилласандаа баяртай байна. Тус хэлцэл нь Монголын санхүү, барилгын салбарт эерэг, бодит үр нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна” гэж онцолжээ.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн санхүүгийн корпораци 2025 оны нэгдүгээр сарын эхнээс хойш ТУЗ-ийн түвшинд зургаан шинэ хэлцлийг зөвшөөрсөн байна. Энэ нь ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд тус агентлагийн хөгжил, гадаад бодлогын эрхэм зорилгыг урагшлуулжээ.

Энэхүү санхүүжилт нь Монголын хот суурин газрын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өргөн хүрээг хамарсан хүчин чармайлттай нийцэж байна гэж DFC цахим хуудаст онцолсон байна.

Түүнд “Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин суудгаас 60 хувь нь суурь дэд бүтэцгүй, нийгмийн үйлчилгээ хүртээмжгүй, албан бус суурин газруудад амьдарч байна.

Монголын хот байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн дагуу орон сууцны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой үе юм.

“Делфос” компани хүн амын аюулгүй, уян хатан, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилттой уялдуулан энэхүү чухал мөчид чухал дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Мөн ипотекийн зээлийн хүрээнд олон гэр бүлийг орон сууцтай болгож, хотын хөгжлийг хурдасгах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тусална” гэж тэмдэглэжээ.

Д.Эрдэнэтуяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *