Д.Отгонбаяр: Би хамтлагаараа бахархаж үзээгүй. Харин киногоо үзээд өөрийн эрхгүй нулимс асгарч, бахархаж суулаа


Монголын түүхэнд анх удаа амьд хөгжмийн хамтлагийн 30 жилийн түүхээр кино хийж, үзэгчдийг дуу хуур, баяр баясал, уярал хайрын ертөнцөөр аялуулж буй, “Бүсгүй” киноны ерөнхий продюсер Д.Отгонбаяртай ярилцлаа.

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, энэ их ажлын хажуугаар цаг гарган ярилцаж байгаад талархлаа. Монголд анх удаа хамтлагийн түүхээр кино хийлээ. Тэр дундаа амьд хөгжмийн домог, монголчуудын шүтээн хамтлаг учир хүмүүс маш өөр түвшинд хүлээн авч байна. Хоёулаа кино бүтсэн түүхээс яриагаа эхэлье?
Тэртээ 30-аад жилийн өмнө хамтлаг байгуулагдаж эхэлсэн цагаас гадаадын хамтлаг, дуучдын баримтат, уран сайхны киног их үздэг байсан, Оросоос касет оруулж ирээд л. Дэлхийн шоу бизнесийг эзэлсэн томоохон хамтлаг, дуучдын уран сайхны кинонууд гарснаараа Дэлхийн кино урлагт тэс өөр урсгал, хөгжмийг авчирч, киноны салбарыг хөгжүүлж байсан. Яг тэр кинонуудыг үзэж байхдаа “Бид өөрсдөө тэвчээртэйгээр уран бүтээлээ сайн хийгээд, яг 30 жилийн нүүр үзчихээд, 30 жилийн босгон дээрээ уран сайхны кино хийж яагаад болохгүй гэж” гээд боддог байлаа.

Би бол хамтлагийн түүх, баримтат кино гэж бодож байсан. Харин сүүлийн 3 жил “Бүсгүй” дуундаа клип хийлээ. Үзэлт нь ч өндөр байсан. Энэ клипний доор “Энэ бүсгүй цаашдаа яах бол”, “Гэрэлтэй цонх юун учиртай юм бол” гэх зэргээр бичсэн хүмүүсийн комментыг бид харна шүү дээ. Тэгээд л үүнийг ”Бүсгүй” гэдэг зохиол болгоё гэж шийдсэн.

Нэг их удаагүй байтал 30 жилийн ой ч боллоо. Яг бүх юмны тохироо нь бүрдээд, “Энэ бол “Хурд” хамтлагийн 30 жилийн түүхэн кино байх ёстой юм байна” гэж шийдээд, хийсэн. Энэ бол бидний 30 жилийн түүхийг хайрлаж ирсэн Монголынхоо нийт ард түмэнд барьж байгаа бэлэг. Үүний төлөөлөл нь бүсгүй хүн.

“Хурд” хамтлагийн бүхий л дуу домог шүү дээ. Хүмүүс яагаад заавал “Бүсгүй” дуугаар кино хийсэн юм бол гэж ихэд сонирхож байх шиг байна?
“Бүсгүй” бол гоё. Өөрөө ч гоё дуу. Яалт ч үгүй хүн болгоны зүрх сэтгэлд дахиж амилсан дуу. Яагаад энэ дуугаар кино хийсэн бэ гэхээр, энэ дууны ард маш олон уран бүтээл байдаг. Ард түмний зүрх сэтгэл, тархи, хайранд оршдог “Хурд” хамтлагийн дуунуудын тод илрэл нь “Бүсгүй” дуу гэж хэлнэ. Тийм л учраас “Бүсгүй” гэж нэрлэсэн. Манай хамтлагийнхан ээж хүнээс, бүсгүй хүнээс л төрсөн. “Хурд” өөрөө бүсгүйн амьтай хамтлаг учраас ийнхүү нэрлэж, энэ киногоо гаргаж байгаа юм аа.

Дууны уран бүтээл дээр ажиллаж байсан хүмүүс дэлгэцийн уран бүтээлд хөл тавихад ямар байсан бэ. Ямар ялгаа байна вэ?
Ёстой л хаалгыг нь онгойлгоод, хөлөө арчаад зогсож байна. “Урлаг урлагийн дээд нь кино ертөнц” гэдэг яг үнэн. Хүн хүний мэдрэмж, маш олон хүний хөдөлмөр ордог. “Бүсгүй” кинонд гэхэд 500 гаруй уран бүтээлч оролцсон. Үүнээс харахад, кино бол концерт шиг тоглоод өнгөрдөг, сиди шиг гаргадаг зүйл ерөөсөө биш юм билээ. Кино урлаг манай улсад илүү санй хөгжих ёстой юм байна лээ. Манайхан энэ салбартаа их анхаарч, Кино урлагийн сангаа илүү өргөн болгож, чадварлаг, хийж бүтээдэг хүмүүсээ дэмжих ёстой юм байна гэдгийг олж харсан.

Киноны амин сүнс нь зохиол гэж ярьдаг. Зохиолдоо хэр их анхаарсан бэ?
“Хурд” хамтлагийн 30 жилийн түүх бэлэн байсан. Харин үүнийг яаж мэдэрч, гоё зохиол болгох вэ гэдэг л чухал байлаа. 2 жилийн өмнө “Бүсгүй” дууны клип гарсны дараа “Монгол” студийн дүү нар маань над дээр ирээд “Ийм кино зохиол байвал ямар байна” гэж хэлж байсан.

Би тэр үед нэг их тоогоогүй. Тэгээд “Яадаг кино юм. Байлдаантай кино юм уу” гэж тоглоод л /инээв/. Тэгсэн ”Үгүй ээ. Хайрын драм байвал ямар байна” гэлээ. Түүн дээр нь би нэмж, багынхаа дурсамжуудыг ярьж өгсөн. Тэгээд манай ээж, аавын тухай яриулаад, Цогоотой очиж уулзаад, ээжтэй уулзаад л… Бидний амьдралыг нэлээдгүй сайн судалсан. Ингээд ирэхээр зохиол нь бараг бэлэн түүх байсан. Үүнийг кино зохиол болгосон хүн нь Миеэгомбо шүү дээ.

Маш сайн зохиол болсон. Би өөрөө яг гардаж, удирдан зохион байгуулж, ерөнхий продюсерын ажлаа хийсэн. Тэгээд л ард нь гарлаа даа. Аа яа яа, бас чанга байдаг юм байна лээ. Миний бодсоноос хэд дахин илүү чанга. Киноны голд нэг хэсэг зүрх алдсан.

Та өөрөө киногоо үзээд, ямар мэдрэмж төрөв?
Би багын л уйлахаа хүрвэл уруулаа зуучихдаг хүүхэд байсан. “Уйлах гээд байвал уруулаа зуучхаж байгаарай” гэж ээж зааж өгсөн юм. Киногоо үзэж байтал 3 удаа уруулаа зуух хэрэг гарлаа. Одоо ингээд уруул хагарчихсан явж байна. Надад ерөөсөө бүх амьдрал бодогдсон. Ямар ч мэргэжилгүй, дээд сургууль ч төгсөөгүй. Зүтгэсээр байгаад, энэ бүхний ард гарсан. Ханийгаа “Яасан их тэвчээртэй юм дээ? Юугаа ч мэдэхгүй залууд бүх амьдралаа даатгаж байдаг” гэж бодож, нэг удаа нулимс гарсан.

Киноны төгсгөл, хагацал. “Ээ дээ бурхан минь! Ямар гоё найруулаа вэ” гээд би хамтлагаараа бахархаж суусан. Өмнө нь хэзээ ч тэгж бахархаж байгаагүй. “Энэ миний хийх л ёстой зүйл” гэж боддог байсан. Үнэхээр уйлахгүй байхын аргагүй байсан. Манай Нааяа бол тэвчихгүй, нусаа татаад л уйлаад байсан. “Үгүй ээ. Байж бай л даа, чи” гээд бие биеэ цохиод сууж байлаа.

Гол дүрийн жүжигчдээс хүмүүс их зүйл хүлээсэн. Сэтгэгдэл ч нэлээд өндөр байлаа. Жүжигчдээ хэрхэн сонгов?
Энэ киногоор “Хурд” хамтлаг л амилж байгаа шүү дээ. Тэгэхээр 18, 20-той охид, залуучууд годгоноод гүйгээд байвал ямар санагдах вэ, тийм ээ. 2 жилийн өмнөөс зохиол бичигдэж байхад надад Ариунбямба л нүдэнд харагдаад байсан. Жүжиглэлт, ёс жудаг, эр зориг, шулуун шударга гээд эр хүний мөн чанар үнэртээд байдаг учраас Ариунбямбыг би онилсон байсан юм. Сонгон шалгаруулалт явуулахад 3, 4 залуугаас яах аргагүй энэ хүн л үлдсэн. Тэгээд санал тавихад, шууд зөвшөөрсөн. “Таны энэ хүсэлтийг зохиол уншихгүй, найруулагч нь хэн бэ гэж асуухгүй зөвшөөрлөө” гэсэн. “Би анх удаа ингэж байна шүү. Яагаад гэвэл би ах нартаа итгэж байна” гэж хэлсэн.

Гол дүрийн эмэгтэйн хувьд дууны клип дээр манай Хулан тоглосон. Гайхалтай амьдруулсан. Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. “Кинондоо тоглооч” гэж санал тавьсан ч “Яах аргагүй амьдралын шаардлагаар очиж чадахгүй нь ээ. Уучлаарай ах аа” гэсэн л дээ.
Тэгээд л сонгон шалгаруулалтаар Ариунболор гэдэг бүсгүйг сонгосон. Найруулагч бид хоёр аль болох олон кинонд тоглоогүй, шинэ хүмүүсийг тоглуулах бодолтой байсан. Тэр хүмүүсийн цаашдын амьдрал, өөр кинонд тоглох замнал нь хүртэл нээгдээсэй гэж зориуд туслах дүрүүддээ шинэ залуу хүмүүсийг тоглуулсан.

Гэр бүлийн хамтлаг шүү дээ. “Хурд” хамтлагийн түүх гэхээр яах аргагүй танай ээж аав, гэр бүл оролцох байх. Таны ээж аавын дүр энэ кинонд бий юү?
Байгаа. Гэхдээ их ховор орсон. Миний ээжийн боорцог хайраад сууж байгаа дүрслэл үнэхээр гайхалтай. Хүүхэд байхаас минь одоог хүртэл миний ээж боорцгоо хайраад, биднийг хүлээгээд сууж байдаг. Анхны концерт дээр ээж минь ирээд “За, миний хүүхдүүд хичээгээрэй. Баахан хүн ирчихсэн байна шүү. Гоё болдог л байгаа даа. Яана” гэж хэлж байсан юм. Энэ хоёр л миний сэтгэлээс гардаггүй. Тэрийг л бид кинондоо оруулсан.


Аавын дүр байгаа. Миний аав насаараа төмөр замд амьдралаа зориулсан. Магадгүй би хөгжимчин, продюсер биш байсан бол аав шигээ төмөр замд мастер байх байсан болов уу гэж боддог. “Төмөрз амчдын яруу алдар бадартугай” гэдэг үгийг аав минь их гоё хэлдэг байлаа. Яг тэр хэсгийг нь оруулж чадсан. Миний аав одоо ч амьд байгаа. Заримдаа над дээр ирдэг. Надад мэдрэмж өгдөг. Аавын минь үнэр одоо ч гэрт үнэртдэг. Хүний эцэг, эх үргэлж үр хүүхдүүдээ тойрч эргэдэг. Нас барахаар нь алга болчихлоо гэж хэзээ ч бодож болохгүй.


Бидний эрч хүчтэй яваа маань миний аав, 3 ахын буян заяа. Бидний үүрэх ёстой бүх хүнд хэцүү зовлонг тэр 4 маань эдлээд, дээр байгаа болов уу? Бид бусдаас дутахгүй, нэр хүндтэй яваа нь миний аав, 3 ах тэнгэрээс биднийг харж, замыг маань засаж байгаатай холбоотой болов уу? Бас миний ээжийн сэтгэлийн хүч. Эх хүн гэдэг үнэхээр агуу. Юу гэж тодорхойлохоо би хэлж мэдэхгүй юм байна.

Яриаг тань сонсоход, таны бүх зүйл хайраар замчлагдаж яваа юм шиг санагдлаа. Кино ч бас. Таны бодлоор хайр гэж юу? Та хайрыг юу гэж дүгнэх вэ?
Хайр маш олон өнгөтэй. Хайр бол дотроос, далд ухамсраас ургадаг маш том зэвсэг. Хайрыг хүн өөрийгөө гэж бодох хэрэгтэй. Ижий аавыгаа гэж бодох хэрэгтэй. Хүн болгон хайраас төрсөн шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө хайрын ургамал. Үүнийг хүн өөрөө усалж, чимж, хайрлаж байх хэрэгтэй.

Ярилцлагын төгсгөлд “Бүсгүй” киног үзэх нэг том шалтгаан хэлээч?
Хүмүүсийг айлгасан, цочроосон сөрөг мэдээлэл сошиал ертөнцөд их тархаж байна. Нэг юм болохоор л сэгэн дээр овоорсон тас шиг. Нэгнийгээ дагаж шүүмжлээд, ар араасаа сөрөг коммент бичээд… Үүнийг би хэсэгхэн хүн гэж харж байгаа. Бүх монголчуудыг харлуулаагүй. Яг ийм сөрөг мэдээллээр дүүрэн үед сэтгэлдээ жаахан ч гэсэн оч, гэрэл авахын тулд “Бүсгүй” киног үзээрэй. Дэлхий дээр байгаа монгол хүн бүр үзэж, сэтгэл дотроо унтарсан хайрыг, урамгүй байгаа хайрыг гэрэлтүүлээсэй гэж хүсье!

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *