О.Алтангэрэл: Хөрөнгөжих хүсэлтэй бол төрд битгий ажилла


Монгол Улсын засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар салбар хариуцсан сайдууд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон тухай мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд Төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй эрхмүүд баяждаг, хөрөнгөждөг, хөлждөг байдалд олон нийт маш бухимдаж байсан. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн шударгаар өмчтэй байх тухай заасан байдаг.Харамсалтай нь энэ заалт гажуудаж эрх мэдэлтэй нэг нь хөлждөг хөрөнгөтэй болдог болжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол улс гурван удаа өршөөлийн хууль баталж 35.4 их наяд төгрөгийн хөрөнгийг авлигачдад завшуулах боломж олгосон. Энэ ч үүднээс нийтийн албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль, бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх зүйтэй гэж үзсэн” гэж мэдэгдлээ .

Хууль батлагдвал хамгийн түрүүнд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгах аж. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээллийнхээ үеэр “Өнгөрсөн жилүүдэд асар олон авлигачид ял шийтгэлгүй өнгөрсөн. Тэдгээр этгээдүүдийн хувьдаа завшсан, төрөөс хулгайлсан мөнгө бүгд өөрсдийн өмчлөлд үлдэж байсан. Тийм учраас авлигын гэмт хэрэгт ял шийтгэлээр шийтгэгдэж байсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хурааж авах эрхзүйн үндсийг монгол улс тогтоож байна” гэсэн юм. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол хөрөнгө хураах байдаг.Албаны эрх мэдлээ урвуулж хөрөнгө завшаагүй л бол бусад ямар ч субъектэд энэ хууль хамаарахгүй гэж мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *