Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая мал 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрхөд өвөлжиж байна.
Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна. 6 аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байгаа юм.
Үүнтэй холбогдуулан, Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймгийн Аюулгүйн нөөцөөс малчдад өвс, тэжээл хүргэж эхэллээ. Улсын хэмжээнд 9.1 мянган малчин өрх 4.4 сая малтай оторлож явна. Тэдэнд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үзүүлж байна.
