Өнөөдөр 2025.01.24. Яг нэг жилийн өмнө буюу 2024.01.23-24-нд шилжих шөнө Улаанбаатар хотод аймшигт осол болсон. Гааз тээвэрлэж явсан автомашин зогсож байх үедээ дэлбэрсний улмаас “Дүнжингарав” худалдааны төв орчимд зорчиж явсан автомашинууд дэлбэрэлтэд өртөж, онцгой байдлын албан хаагч болон тэр хавиар явж байсан иргэд амиа алдан, “Эдү-Апарт” хотхоны 207-р байрны оршин суугчид орох оронгүй болж, гудамд гарсан билээ. Энэ өдрөөс хойш 365 хоног өнгөрлөө.
ХЭРЭГ ЯВДАЛ ЮУ БОЛОВ? ЭРГЭН САНУУЛЪЯ. 2024.01.23-24-НД ШИЛЖИХ ШӨНӨ
“Дүнжингарав”-ын уулзвар: 1 дүгээр сарын 24-ний 01:00 цагийн үед гааз тээвэрлэж явсан, чиргүүлтэй шаланз машин дэлбэрэв.
Дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарч, гал унтраахаар очсон, нийслэлийн Онцгой байдлын газрын 63 дугаар ангийн 3 албан хаагч, явган болон машинтай явж байсан 4 иргэн нас барав.
5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн гэмтэж, угаарын хийд хордсон шинж илрэв.
36 тээврийн хэрэгсэл, 3 барилга шатав.
228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирлаа.
207-р байрны 63 өрхийн 218 оршин суугч орон гэргүй болов. 10 айл бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн галд өртөж, 8 айл галд өртөөгүй гэх дүгнэлт гарлаа.
2024.01 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДӨР
Галын улмаас ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 1 иргэн нас барав.
2024.01 ДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДӨР
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, нийслэлийн Онцгой байдлын газрын 3 алба хаагчийг эцсийн замд нь үдэв. Тэдний ар гэрт тус бүр 3 өрөө орон сууц, амь насны даатгал тус бүр 50 сая төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэв.
ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАВ
Гааз тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн жолооч, “Ниссан патрол” маркийн автомашины жолоочийг саатуулсан.
Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулах үүднээс нийт 6 төрлийн 76 шинжилгээ, 75 дүгнэлт гаргаж, 350 хүнээс мэдүүлэг авсан.
“Хэргийг бүрэн шалгаж дууссаны дараа гэмт этгээдээр хохирлыг барагдуулна. 207-р байрыг нурааж, шинээр барихаар УОК дүгнэлт гаргасан. Уг байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2024 ондоо багтааж нураана” гэж нийслэлийн ЗДТГ, ЦЕГ мэдэгдэв.
207-р байрны оршин суугчдыг түрээсийн байранд амьдруулахаар болж, төлбөрийг нь нийслэлийн ЗДТГ хариуцав. Түрээсийн байрны гэрээ 2024.08.30-нд дуусах байсан ч он дуустал сунгасан.
УОК-оос 2.9 тэрбум төгрөг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлсний 1.5 тэрбумыг нь 207-р байрны айлуудын түрээсийн төлбөрийг 8 сараар сунгахад зарцуулсан.
НЭГ ЖИЛИЙН ДАРАА НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?
Дэлбэрэлтэд өртсөн “Эдү-Апарт”-ын 207-р байрыг ашиглаж болно, болохгүй, дахиж барина, засна, гараар нураана, 2024 он дуусахаас өмнө буулгана гэсээр дөрвөн улирал дамнан, нэг жилийн ойтойгоо золгож байна. Хэрэгт яллагдагчаар татсан 2 хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Бүтэн 365 хоног өнгөрөхөд, галд өртсөн байр тэр хэвээрээ л байна. Товлосон хугацаандаа нураасангүй.
207-Р БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД ЯМАР НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ?
“Оочих аягагүй, орох оронгүй” гэдэг үгийн бодит жишээг 207-р байрны оршин суугчид харуулж байна. Галд өртсөн 207 дугаар байр нь 12 давхар, 63 айлынх, 2017 онд ашиглалтад орсон. Нэг жил болоход шатсан байр хэвээрээ, оршин суугчдын хохирлыг барагдуулах асуудал шийдэгдээгүй л байна.
Угтаа хотын дарга Х.Нямбаатар эл асуудлаар “Наадмаас өмнө байрыг засаж, иргэдийг оруулна” гэж хэлсэн. Энэ үгэнд найдан, хоног тоолон хүлээсэн хүмүүсийн нэг нь Э.Уранчимэг. Тэр гааз тээвэрлэж явсан машины дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугч. Э.Уранчимэг өөрийн өмчийн гэр орон, байнгын оршин суух хаягаасаа холдож, түрээсийн байранд амьдраад нэг жил болж байна.
42 настай энэ эмэгтэй 10 настай охинтой. Ганц бие, өрх толгойлсон ээж. Өөрийн хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө 2017.02.06-нд “Эдү-Апарт”-д байр худалдан авчээ. Тэр осол гарах өдрийг хүртэл амар тайван амьдарч, ажил төрлөө хийн, бусдын адил явж байсан. Гэтэл одоо орох оронгүй, хүний байранд түрээс төлж, хүнд нөхцөлд амьдарч байна. Тэднийх 4 дүгээр давхрын 18 тоотын айл.
Дэлбэрэлт болох үед охинтойгоо хамт гадагшаа гарч амжсан ч бусад эд хөрөнгөө авч чадаагүй. Амьдарч байсан байр нь эхэндээ цагдаагийн хамгаалалтад байсан ч удалгүй эзгүйрч, одоо орон гэргүй хүмүүсийн хоног төөрүүлэх газар болж, дотор нь байсан эд хогшил, авч болох зүйлс хулгайд алдагджээ. Э.Уранчимэг уг ослоос хойш одоо хүртэл шоокноос гарч чадахгүй яваагаа бидэнд учирласан юм. Тодруулбал: Шөнө хаалга онгойлгон, гарч гүйх гээд байдаг болжээ. Тиймээс унтахдаа үүдэнд хувцас хатаагч тавьдаг болсон гэнэ.
Ийн түүнтэй адил орон гэр, сэтгэл санаагаараа хохирсон 207-р байрны оршин суугчдын асуудал хэзээ шийдвэрлэгдэх вэ? Олон хүний амь нас, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ? Ямар шалтгааны улмаас газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн бэ? Ослын эцсийн дүгнэлт, дахин ийм осол болохгүйн тулд авч буй арга хэмжээ байна уу? Төр засгаас хэрхэн, юуг хэрэгжүүлэв?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.3-т “Осол гэж уул уурхай, үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт осол мөн.
Уг хуулийн 4.1.12-т “Нэрвэгдэгсэд гэж гамшиг, аюулын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон иргэдийг хэлнэ” гэж заажээ. 207-р байрны оршин суугчид “Нэрвэгдэгсэд” болчхоод байхад төр, засаг иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ яагаад биелүүлэхгүй байна вэ? Тэдний хохирлыг хэзээ барагдуулах вэ?
Түүнчлэн уг хуулийн 4.1.16-т “Хойшлуулшгүй сэргээн босгох” гэж гамшиг, аюулын улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг хэлнэ” гэж заасан атал 207-р байрыг шинээр босгох, сэргээн засахад яагаад хойрго хандана вэ? Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байгаа авч тэр өдрийн ослын эрсдэл байдал арилсангүй, хэвээр байна.
Жилийн өмнөх тэр өдөр энгийн нэг өдөр байсангүй. Осол гарч байдаг, бүртгэгдэж байдаг. Гэвч энэ осол энгийн нэг осол байсангүй. Эгэл жирийн эрдэнэт монгол 7 хүний амь нас, хоёр зуун хүний эд хөрөнгийг сүйтгэсэн ноцтой осол байлаа.