УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Монголчуудын хамгийн их хардлага төрийн өмчит компаниудад л гардаг. Төрийн өмчит компаниудын нийт актив 2019 онд 37 их наяд, 2023 онд 59 их наяд, 2024 онд 64 их наяд 200 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр, төрийн оролцоо жилээс жилд данхайж байна. Үүн дээр хамгийн чухал нь засаглалыг ил тод болгох асуудал. Удирдлагууд нь улс төрөөс хамааралтай томилогддог, эргээд хариуцлага тооцож чаддаггүй.
Гишүүд зөвхөн төрийн өмчит 122 компанийг л яриад байна. Орон нутгийн өмчит, аймгуудын оролцоотой 472 хуулийн этгээд цаана нь байна. Үүнийг орхигдуулсан байна.
Төрийн өмчит 122 компанийн 5 нь нийт ашгийн 90%-ийг, “Эрдэнэс Тавантолгой” 85%-ийг дангаараа бүрдүүлж байна. Бусад компанийн засаглалын ил тод байдлыг заавал ярих ёстой. Ний нуугүй хэлэхэд, “Эрдэнэс Монгол”-ын 1 харьяа байгууллагын захирал өөрийнхөө амь насыг 3 тэрбумаар үнэлээд, 30 сая төгрөгөөр даатгуулчихсан бодит тохиолдол байна. Энэ нь та бидний ярьдаг ил тод байдалд зохих юм уу, үгүй юм уу?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-“Эрдэнэс Монгол” нэгдэл Баялгийн сангийн хууль батлагдсаны дараа реформ нь нэлээд сайн хийгдсэн.Энэ нэгдэлд 42 компани байсныг 31 болгосон. 269 ТУЗ-ийг нь 66 болгосон. Хараат бус гишүүн 30 байсан нь 49 болж, нэмэгдсэн. Холдингийн зарчмаар ажиллаж, чиг үүргийн давхардал арилгах ажил бодитой хэрэгжсэний үр дүнд Баялгийн сангийн орлого бодитой нэмэгдсэн.