Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод дөрвөн жил болжээ, түүний хийсэн онцлох ажлуудаас сануулъя


Монгол Улсын хөгжлийн бодлогыг анх удаа уртаар төлөвлөв

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, уг баримт бичгийг батлуулсан. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав. Эдгээр нь өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.

Дэлхийн шинэ сорилт ковидыг амжилттай давлаа

Дэлхий нийтийг Ковид-19 цар тахлын аюул нөмөрсөн, улс орнууд хил, гаалиа хааж, эдийн засаг, худалдааны эргэлт удааширсан үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Хамгийн түрүүнд Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хүн амын зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулж, 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж, цар тахлыг хамгийн хохирол багатай буюу бусад орноос 1.3 жилийн өмнө амжилттай даван туулсан, хамгийн эрт хатуу хөл хориог цуцалсан дэлхийн улс орнуудын нэг болсон.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээв

Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалжээ. Үүний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлж, бодит ДНБ-ий хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа тэлж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн байна.

Хатуу хөл хорионы дэмжлэг болгож иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1 их наяд төгрөг. Хүүхэд бүрд сар бүр олгож байсан 20 мянган төгрөгийг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгоход 3.6 их наяд төгрөг. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоход 630 тэрбум төгрөг .Ажлын байрыг хадгалж, 3 хувь хүүтэй зээл олгоход 2.1 их наяд төгрөг тус тус зарцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ Сэргэлтийн бодлогыг зарлаж, 2021 оны 12 дугаар сард УИХ-аар батлуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр 2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 82.4 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657$ байсан бол 2024 онд 7,000$ болсон. Экспортын орлого 9.2 тэрбум$ байсан бол 2024 онд 15.9 тэрбум$ болсон. Төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 31.3 их наяд төгрөг болж нэмэгдсэн.

БООМТЫН БООМИЙГ ТАЙЛЛАА

Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтэд нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо. Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам,Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам,Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам, БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан. Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙГ РЕФОРМ БОЛГОЖ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ. 2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батерей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна. Энэ хүрээнд ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц хөтөлбөрт Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.

ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТЭД ЗОРИУЛЖ ОРОН СУУЦНЫ 3 ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА

“Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрт “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг 3 хувь болгон хөнгөлж, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан дааж байна.

ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛЛОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлэв. E-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар:1.95 сая хэрэглэгчтэй болж, 87 Байгууллага,1263 үйлчилгээтэй болж, 65 сая удаагийн амжилттай үйлчилгээ үзүүлж, Лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа 5 секундын үзүүлэлттэй байна. Засгийн газраас авлигын шалтгаан, салаа мөчрүүдийн нэг бол лиценз буюу тусгай зөвшөөрлийг төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох үйл явц гэж үзээд үүнийг таслан зогсоох, ил тод, нээлттэй болгохоор шийдвэрлэсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи” УТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, “E Mongolia” системээр зургаа, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙН ЛУЙВРЫГ ЗОГСООВ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг гол ажил нь авлигатай тэмцэх, шударга ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлига, шударга ёсны төлөө 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, цахим ил тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон хулгай луйврын схемийг илчилж, Төрийн хэмнэлтийн хууль, Авлигын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж, зохих үр дүн гаргаад байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЛЭЭ

Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Таван толгойн бүлэг ордыг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа Ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортлов. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төлж, 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.

ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРЛААС ГАРГАВ

Засгийн газраас дефолтын эрсдэлд орсон “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг”-ийг олон нийтэд ил тод болгосноор Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, Евро бондын 500 сая ам ам.доллар, Самурай бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав. Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд нийт 13.3 их наяд төгрөг зарцуулав.

ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

24 сар гацаад байсан Оюу толгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, монголчууд бид анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэж зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гарц нээгдэв. 2022 онд Оюу толгой 3.9 тэрбум ам.долларын татвар төлсөн. Далд уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдэнэ. 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 5Ш АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, энэ хүрээнд авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор өргөн хүрээнд ажилласан юм. Уг ажиллагаанд:Шүгэл ажиллагаа: Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагаа, Шувуу ажиллагаа, Шилэн ажиллагаа багтаж байгаа бөгөөд 2023 оны байдлаар Өргөдөл, гомдол 1,015, шийдвэрлэсэн хувь 64 хувь,Төрийн байгууллага дахь зөрчил 6,278, ажлаас чөлөөлсөн 481,Сэжигтэн, оргодол 34, Монголд буцаан авчирсан 25,Авилга, гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд төвлөрүүлсэн 2.7 их наяд төгрөг, гадаадаас Монгол Улсад буцаан авчирсан 12 сая ам.доллар, Ил болсон нэгж мэдээлэл 970,300, 6 төрлийн тусгай сангийн өрийн эргэн төлөлт 91.6 тэрбум төгрөг болоод байна.

ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРЛАА

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь хүрч буураад байсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн. 2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5 хувьд хадгалагдаж байна.Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох Дотоодийн нийт бүтээгдэхүүн гурван жил дараалан 1,000 ам.доллараар нэмэгдлээ. Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болж өссөн. 2028 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Эдийн засгийн макро үзүүлэлт сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард “B+, тогтвортой”, “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард “B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна. Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч, 2019 оноос даруй 2.5 дахин нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1.695 мянган тоннд хүрээд байна. Гадаад валютын улсын нөөц ковидын үед буюу 2022 оны 9 дүгээр сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдлээ.Засгийн газар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бонд, 2024 онд Хуралдай бондын өр төлбөрийг амжилттай төлснөөр Монгол Улс дефолтын эрсдэлээс амжилттай гарлаа.

БАЯЛГИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО

Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна.

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ 40-80 ХУВИАР НЭМЛЭЭ

2025 онд цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тус бүр 6.0 хувиар нэмэгдүүллээ.Төрийн албан хаагчийн цалин хөлс:2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэв. Дундаж цалингийн хэмжээ 2,534,400 төгрөг болов.Өндөр насны тэтгэвэр 2016 онтой харьцуулахад дахин 2.5 нэмэгдэж ,дундаж тэтгэврийн хэмжээ 787,000 төгрөг болов.

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1.4 САЯ ИРГЭН ХАМРАГДЛАА

Засгийн газраас хүн амыг эрүүл мэндийн эрсдэл, эмнэлгийн ачааллыг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилгоор иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1.482.402 хүн буюу нийт хүн амын 42.7 хувь нь хамрагдаад байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН СУГАЛААГ ХАЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орууллаа.

АНГЛИ ХЭЛИЙГ АЛБАН ЁСНЫ ХОЁРДОГЧ ХЭЛ БОЛГОЛОО

Засгийн газраас Боловсролын багц хуулийг батлуулж, англи хэлийг Монгол Улсын албан ёсны хоёрдогч хэл болгохоор тусгалаа.

ЖУУЛЧДЫН ТОО ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ

“Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо. Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТОГТОЛЦООНЫ РЕФОРМ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ манлайлж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэхийн төлөө улс төрийн намуудтэй зөвшилцөн 2022, 2023 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. 2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулж өгсөн бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нийгмийн төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм. Үндсэн хуультай уялдуулж шинэчилсэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлснээр Монгол Улс энэ бодлогыг нэвтрүүлсэн Ази тивийн анхдагч улс боллоо.

АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭВ

Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр амжилттай байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 46 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээртэй, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байна.

“МЯНГАНЫ ЗАМ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДУУСГАВ

2001-2024 онд “Мянганы зам” төслийн хүрээнд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баруун чиглэлийн 1811 км замаас 1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтад орсон байна. 2021-2023 онд хийгдсэн авто замын бүтээн байгуулалт: Ашиглалтад оруулсан авто зам 775 км, Ашиглалтад оруулсан гүүр 1,789 метр, Шинээр ашиглалтад оруулсан авто зам 560 км, Зассан авто зам 14,000 км

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ, 14 МЕГА ТӨСЛИЙГ ГАРААНААС ГАРГАЛАА

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарлаа. Нийгэм, эдийн засгийн 14 реформ хийнэ. Үүнд Бүсчилсэн хөгжлийн реформ, Эрчим хүчний реформ, Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагааны реформ, Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформ, Төсвийн зарлага, татварын реформ, Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилтийн реформ, Төрийн албаны реформ, Авлига, хүний эрх, хувийн эрх зүйн шинэтгэлийн реформ, Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын болон хотын засаглалын реформ, Орон сууцжуулалт, Хуримтлалын сангийн реформ, Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформ, Эрүүл, идэвхтэй амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх бодлогын реформ, Уул уурхайн лицензийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх цогц реформ, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, эрсдэлийн удирдлагын реформ зэрэг юм. Хөгжлийн 14 мега төсөл : “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгана.Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт. Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргана. Судалгаагаар Монгол Улс 2,600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон. Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна.Зэс боловсруулах цогцолбор байгуулна. Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана. Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орно. Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ. Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ “ХӨДӨЛЛӨӨ”

Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна.Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Монгол Улсын Засгийн газар БНХАУын талтай харилцан ойлголцолд хүрч, Улсын Их Хурлаас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар 2003 оноос эхэлсэн ГашуунсухайтГанцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болоод байна. 2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтад орох ба ингэснээрээ боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн боломж бүрдэнэ.

МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ ХӨДЛӨВ

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг С.А.С” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Түүнчлэн Оюу толгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэх боломж бүрдээд байна.

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн цөмд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг оруулж, нийгэм, эдийн засгийн 14 реформын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж эхэллээ.Энэ хүрээнд Засгийн газраас: 4,440 км авто зам, 3,633 төмөр зам, 1,650 МВт эрчим хүчний шинэ эх үүсвэр, 7 боомтын шинэчлэл, 14 мега төсөл хэрэгжүүлнэ. “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д дараах байдлаар бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд: Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”, Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”, Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” болгон хөгжүүлэхээр төлөвлөлөө. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд: Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам, Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал, Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан царилгаан станц, Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц, Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,Хангайн бүсэд Шинэ Хархорум хот, Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал, Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсүүдийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг ойрын жилүүдэд хэрэгжүүлж дуусгах юм.

НИЙСЛЭЛИЙН ХҮНДРЭЛИЙГ ШИЙДЭХ 20 МИНУТЫН ХОТ КОНЦЕПЦИЙГ ЭХЛҮҮЛЭВ

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлж, Улаанбаатар хотыг 20 минутын төлөвлөлттэй орчин үеийн стандарт бүхий “амьд” хот болгохоор ажиллаж байна. Улаанбаатар хотыг цаашид нийгэм, эдийн засгийн бие даасан тогтолцоотой 14 дагуул хотод хувааж хөгжүүлэх үндэс суурь тавигдав. Улаанбаатар хотыг дараахь 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ: Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Толгойт хот, Баянхошуу хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Дарь-Эх хот, Баянзүрх хот, Амгалан хот зэрэг болно. Үүний эхлэл болгож Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарлаж, улсын төсөвт нийслэлд 4.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгаад байна.

ЦАР ТАХАЛ, ГЕОПОЛИТИКИЙН ЭГЗЭГТЭЙ ҮЕИЙГ ГАДААД ХАРИЛЦААНЫ АМЖИЛТТАЙ БОДЛОГООР ДАВАН ТУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хүнд үе, геополитикийн эгзэгтэй цагт буюу 2021, 2022 онд “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож, Япон, БНХАУ-тай эв санааны нэгдлээ бататгаж, БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиров. Мөн Японд Ерөнхий сайд асан Шинзо Абэ, ИБУИНХУ-ын Хатан хаан Элизабетын оршуулах ёслолд оролцож, Монгол Улсын өргөн талт гадаад харилцааны бодлогыг дэлхий дахинд харууллаа. ОХУын Владивосток хотноо Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг одоогийн үнээр 2027 он хүртэл Монгол Улсад тогтвортой нийлүүлэх шийдвэрийг гаргуулав. Мөн Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх хийн хоолойн төслийг эхлүүлэх гурван улсын төр, засгийн нэгдсэн байр суурийг бэхжүүлж, Эгийн голын УЦС зэрэг бүтээн байгуулалтын бусад төслүүдийн хамтын ажиллагааны талаар тохиролцов. Үүний зэрэгцээ ХБНГУ-д айлчилж гуравдагч хөршийн бодлогыг олон улсын хямралт буюу дайны цаг үед улам бэхжүүлж, Герман улсад Монголоос 1000 инженер оюутан бэлтгэх тохиролцоог тус улсын төр, засгийн түвшинд хийлээ. 2023 онд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-д албан ёсны айлчлал хийж Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв. БНХАУ дахь албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцсон. АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлддэг болох, 1000 багш, 10 мянган инженерийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, тус улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, Киргиз улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. 2024 онд Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, БНХАУ, Пакистан Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад тус тус ажлын айлчлал хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүд, AI хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон шилжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах чиглэлээр холбогдох яриа, хэлэлцээг амжилттай хийлээ.

(2021.01.27-2025.01.27)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *