Өөрийн зохицуулалтын тогтолцооны сонгодог жишээ нь ХМЗ


2015.01.28 Энэ бол Монголд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл мэндэлсэн өдөр. Энэ тухай би “Өнөөдөр” сонины маргаашийнх нь дугаарт “Монголын сэтгүүлчид Хэвлэл Мэдээллийн Зөвлөлтэй боллоо” хэмээн баяртайгаар зарлан тунхаглаж байлаа. Сэтгүүлч бид энэ өдөр нэгэн хүслээ хамтарч биелүүлсэн юм. Энэ хүсэл хялбар бүтээгүй.

Анхны оролдлогыг 2004 онд УИХ-ын сонгуулийн үеэр хийжээ. МСНЭ, “Глоб интернэшнл” ТББ хамтран, “Нээлттэй нийгэм” хүрээлэнгийн санхүүжилтээр 2004.04.14-нд Хэвлэлийн түр цэц байгуулан, 3 сар ажиллахдаа 2 гомдол хүлээн авч, 4 удаа хуралдсан ч шийдэж чадаагүй байна. Энэ цэц Монголын сонины холбоо, Монголын чөлөөт сонинуудын холбоо, орон нутгийн сэтгүүлчид, улс төрийн намуудын дэмжлэгийг авч чадсан учир 3 сар тогтжээ. 

2008.04.24-нд МСНЭ хэвлэлийн хурал хийж, Хэвлэлийн ёсзүйн консул байгуулах болсноо зарласны маргаашаас өдөр тутмын сонинууд эсэргүүцэв. “Яаж ч бодсон ард нь тодорхой зорилго бүхий эрх мэдэлтэн, улс төрийн ашиг хонжоо хайгч байгаа нь харагдаад байна. Сэтгүүлчдийнх нь эрх ашгийг хамгаалах нэрээр эрхлэгч нарынх нь амыг үдэх зорилго нуугдаж байгаа нь хэвлэлийн хурлын өнгө аясаас анзаарагдсан” гэж хардав. Хэвлэлийн ёсзүйн консулыг энэ удаад МСНЭ дангаараа байгуулахаар оролдоод буруутсан юм.

МСНЭ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хэвлэлийн түр зөвлөл байгуулах гээд дахин бүтэлгүйтэв. Төрөөс зохицуулахыг зөвшөөрөхгүй, өөрсдөө зохицуулахыг сэтгүүлзүйн салбарынхан хүсдэг ч нэгдэж чадахгүй байв. 

2013 онд би Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-даа сэтгүүлзүйн магистрант болов. Дипломын ажлаа хэвлэлийн өөрийн зохицуулалтын талаар бичихээр судалгаандаа орлоо. Тэгтэл сэтгүүлч, судлаач, багш голдуу хэдэн хүн нийлээд, Хэвлэлийн зөвлөл байгуулахаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгааг мэдэв. Гүйгээд очлоо. Ингэж ХМЗ-тэй холбогдов.

Хэвлэл мэдээллийн салбарт ноёлж байсан хүчирхэг эздийн нөлөө сулран, том редакцууд задрах үйл явц эхэлж, нөлөө нь багасаж байв. “Намайг шүүдэг чи хэн бэ” гэсэн ойлголттой явсан хүмүүсийн ташаа ойлголт ч өөрчлөгдөж байлаа. Эзэд, эвсэл холбоод, сэтгүүлчид, хотынхон, орон нутгийнхан, радио, сонин, телевиз, саит гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бүх төлөөллийг тэнцүү хамруулж чадсан. Энэ бол амжилт. Өмнөх оролдлогууд бүтэлгүйтсэн шалтгааныг олж харан, зассанаар ХМЗ байгуулах үндсэн нөхцөл бүрдсэн юм. Ингэж ХМЗ байгуулагдав. 2015 оны 6-р сард би магистрын ажлаа “Монголын хэвлэлийн өөрийн зохицуулалтын өнөөгийн байдал” сэдвээр хамгааллаа.

ХМЗ-д гомдол гаргагч болон ирсэн гомдол

2025.01.28. Өнөөдөр ХМЗ-ийн 10 жилийн ойн өдөр. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХМЗ тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энгийн иргэн, улстөрчид, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага гээд олон салбараас гомдол хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлэж ирлээ. ХМЗ-д хэн ч, хаанаас ч гомдол гаргаж болно. Уг гомдлын шалтгаан болсон мэдээ, сурвалжилга, өгүүлэл, ярилцлага, гэрэл зураг, дүрс бичлэгийг хуулж аваад, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын алдааг нотлох баримтаа хавсаргана. Гол нь уг бүтээл нийтлэгдсэнээс хойш 90 хоногийн дотор гомдлоо гаргах хэрэгтэйг сануулъя. Өрөөлийн өмнөөс хүртэл гомдол гаргаж болдог давуу талтай. Сэтгүүлчийн биеэ авч яваа байдал, харилцааны тухай гомдлыг хүлээж авдаггүй.

ХМЗ-д ирсэн гомдолд хариу тайлбараа өгсөн редакц, хэлэлцсэн гомдол

Ажлын алба гомдлыг хүлээн авч, буруутгагдсан хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдон, уг гомдолд тайлбар гаргах боломжоор хангана. Ингээд Ёсзүйн хороо хуралдана даа. ХМЗ Ёс зүйн 2 хороотой. Хороо бүр 15 гишүүнтэй. Бид энэ ажлыг сайн дураараа хийдэг тул цалин авдаггүй. Ёсзүйн хороо ирсэн гомдлыг хэлэлцээд, ёсзүйн алдаа гаргасан, гаргаагүй гэсэн дүгнэлт гаргадаг. Ёс зүйн алдаа гаргасан хэмээн нэр усаа хэвлэлээр зарлуулахыг ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага хүсэхгүй. Монголчууд “Нэр хугарахаар яс хугар” гэсэн философитой ард түмэн шүү дээ. Тиймээс ингэж зарлах нь хариуцлага болж чаддаг юм.  

Хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүлзүйн бүтээлийн ёсзүйн алдаагаа ийн тодорхойлж, хариуцлага тооцох замаар зөвхөн сэтгүүлчийнхээ биш, иргэнийхээ ч эрхийг хамгаалж байгаа юм. Энэ бол ардчилсан Үндсэн хуультай манай орны хувьд өөрийн зохицуулалтын тогтолцоо жинхэнэ утгаараа хөгжиж байгаа хамгийн сонгодог жишээ юм.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *