Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам албан ёсоор 2025.02.07-нд “хөшиг”-өө нээнэ. Гэхдээ олон оролцогчтой спортын төрлүүд болох шайбтай хоккей, кёрлинг зэрэг спортын төрлүүдийн тэмцээн хоёрдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ.
Монголын шигшээ тамирчдын тухайд энэ удаагийн өвлийн наадамд 4 спортын 7 төрөлд 36 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм. Манай улсаас кёрлингийн холимог хосын төрөлд Булганхүүгийн Баяр, Ганбатын Энхзаяа нар өрсөлдөж Монголын багийн салхийг хагална.
Энэ удаагийн өвлийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд 12 улсын тамирчид өрсөлдөж байгаа юм. Манай баг Япон, Кувейт, Хонконг, Хятадын Тайвань зэрэг улсуудтай нэг хэсэгт багтсан. Тэд 2 сарын 3-нд эхний тоглолтоо хийнэ.