NTV телевизийн “Анализ – Засаглал ба Зах зээл” шууд хөтөлбөрөөр олон нийтийн анхаарлын төвд байгаа ураны хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн, доктор (PhD) Б.Уянга, цөмийн физикч, доктор Н.Тэгшбаяр нар уг ярилцлагад оролцов.
–Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Б.Уянга гишүүн та “Ураны хөрөнгө оруулалтын гэрээ”-г эцэслэхэд маш том үүрэг гүйцэтгэсэн Цөмийн энергийн хуулийг шинэчлэх төсөл дээр ажилласан.
-Тэгсэн.
–Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн алдартай мэдээллийн платформ Time.com -д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс уран олборлогч улс болж байна” гэсэн хүчтэй мессеж өглөө. Томоохон хөрөнгө оруулагчид авлигын асуудлыг ч ихээхэн чухалчилж, асууж байна. Францын ЗГ уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Монголын талаас бодлого тодорхойлогчид энэ асуудлаар хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хийлээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хөрөнгө оруулагчдад яаж зөв мессеж хүргэх вэ?
Б.Уянга:
-Уул уурхайн аливаа төсөл маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Үүнийг Монгол Улс өөрийнхөө төсөв дээр даагаад авч явах нь хүндрэлтэй. Бид Оюутолгойн гэрээнээс хойш 16 жилийн дараа ийм төрлийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Ийм эгзэгтэй үед авлигатай холбоотой мэдээ гарч байгаад их харамсаж байна. Энийг бид нягтлах хэрэгтэй. Улстөрчийн хувьд анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улс энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь чухал. Ирээдүйн хөрөнгө оруулагчдад сөргөөр битгий буугаасай.
–34%-ийн энгийн хувьцааг давуу эрхийн 10%-иар орлуулан шийдсэн нь бидэнд ашигтай гэж дүгнэж байгаа. Энэ нь Монголд ямар байдлаар өгөөжөө өгөх вэ. Тусгай АМНАТ болон тохируулгууд хэр оновчтой вэ?
–Б.Уянга
-2028 оноос ураны шар нунтаг экспортлоод эхлэхэд, Монгол Улс ашгаа хүртэх боломжтой болсон нь 34 хувийг давуу эрхийн 10% руу шилжүүлж чадсантай холбоотой. Оюутолгойн төсөл дээр бид 34%-иа эзэмшинэ гээд орчихсон. Тэгэнгүүт тухайн төслийн бүтээн байгуулалтын үе шатанд гарч байгаа зардлын 34%-ийг төр даах хэрэгтэй болчихсон. Бидэнд тэр их хэмжээний зардлыг гаргах боломж байгаагүй учраас зээл аваад, зээлийн хүү нь бодогдоод… Нэлээн их асуудал Оюутолгойн гэрээг дагаад үүссэн. Тэр алдааг давталгүй ЗГ хэлэлцээрийн явцад 34%-иа 10%-ийн давуу эрхийн хувьцаа болгож чадсан нь амжилт. Одоо бид ямар нэг хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй.
Бүтээгдэхүүнээ экспортлоод эхлэхэд, 10 хувийн ашгийг бид хамгийн эхлээд хүртэнэ. Энэ гэрээ дараа дараагийн хөрөнгө оруулалтын төслүүдэд жишиг болсон. Мөн Цөмийн энергийн тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулсан. Уг нь бид хатуу ашигт малтмалаа Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Гэхдээ энэ хуулийн шинэчилсэн найруулга батлагдаагүй учраас тусгай АМНАТ болон ураны шар нунтагт хэдэн хувийн татвар ноогдуулах нь одоогийн Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Тэгэхээр үүнийг Цөмийн энергийн тухай хуульд оруулаад, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг яах ёстойг тусгасан. Цөмийн энергийн тухай хууль нэлээн чанга болсон.
–34%-ийн эзэмшлээсээ татгалзахаар хяналтын багц болон томоохон шийдвэр гаргалтуудад оролцох боломжгүй болно гэдэг шүүмжлэл байна. Тохируулга хийгээгүй тохиолдолд энэ эрсдэл ямар байх байсан бол?
Б.Уянга:
Төслийн ТУЗ-д Монголын талаас 1 хүн сууна. Тэр хүн аливаа шийдвэрт хориг тавих эрхтэй байх юм. Оюутолгойн ТУЗ-д Монгол Улсаас 3 хүн байгаа ч шийдвэрийг шууд дангаараа хориглох эрхгүй, олонхын шийдвэрээр явдаг. Хориг тавих эрх нь манай талд байгаа учраас төслийн цаашдын үр дүнд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Уул уурхайн салбарын олон төлөөлөл үүнтэй санал нийлэх байх.
-Уран олборлох асуудал олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Амьдрах орчин, ундны устай холбоотой олон асуудлыг иргэд ярьж байна. Үүнтэй холбоотой шинжлэх ухаанч тайлбарыг ч хүсэж байна. Та геологич хүний хувьд үүнд тайлбар өгөөч?
Б.Уянга:
-За тэгье. Ундны ус бол газрын гадаргууд харьцангуй ойрхон эсвэл гадарга дээр байдаг. Янз бүрийн эрдэсжилтгүй, хүнд элемент агуулаагүй ус. Харин гүнд байгаа ус хүнд элементийн агуулгатай, унданд хэрэглэж болохгүй, технологийн шинж чанар бүхий, зөвхөн үйлдвэрлэлд ашиглаж болохуйц ус байдаг. Ер нь газар доор уусган олборлох аргаар ашигт малтмал олборлодог компаниудын хамгийн том хариуцлага нь юу байдаг вэ гэхээр урантай усаа гаргаж ирэхдээ ундны цэвэр усанд ямар нэгэн байдлаар нөлөөлүүлэхгүй байх үүрэг хүлээдэг.
Хэдийгээр газар дор уусган олборлох арга Монгол Улсад шинэ боловч олон улсад хэдийнээ дадсан арга. Тэгэхдээ бид өөрсдөө хяналтаа маш сайн тавиад, хэрэглэж байгаа ундны усныхаа шинж чанарт нөлөөлүүлэхгүй байх талаас нь бүх байгаль орчны төлөвлөгөөг нь шахаж шаардаж ажиллах ёстой.
Дэлхийн ураны 56%-ийг газрын доорх уусган олборлох аргаар олборлож байна. 2000 онд нэвтрээд, 20 гаруй жил маш идэвхтэй хэрэглэж байгаа арга. Үүнд ямар нэгэн алдаа байвал бид давтахгүй байх ёстой. УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын гишүүд, судлаачдыг Казахстаны уурхай руу явуулсан. Тэнд урантай уст давхарга нь 400 метрийн гүнд байдаг юм байна. Манай орны хувьд янз бүр байгаа. Улаанбадрахын ордын хувьд 230 метр хүртэл гүн рүү орно гэсэн мэдээлэлтэй байна. Казахстаны ордтой харьцуулбал арай гүехэн. Гэхдээ гадаргын уснаас бол өөр үе.
Энэ асуудал дээр бид эрдэмтдэдээ итгэх ёстой. Химийн хүрээлэнгийн эрдэмтэд болон ШУТИС-ийн багш нарын усны судалгааны тайлангууд байна. Мониторингийн судалгаануудаар ундны усанд ямар нэгэн нөлөө байгаагүй, шинж чанар нь өөрчлөгдөөгүй гэсэн хариу авсан. Шаардлагатай бол эрдэмтэн, багш нар дуугарч мэдээллээ өгөх хэрэгтэй.
–Монгол Улс хүхрийн хүчлийн үйлдвэртэй болох юм бол тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрээсээ худалдаж авна гэсэн заалт оруулсан. Энэ жишгээр төсөл хэрэгжсэнээр ханган нийлүүлэлт, ажиллах хүч, бизнес хамтрагчид гээд хэдий хэмжээний, ямар ямар чиглэлийн цар хүрээг хамарсан, ашиг тусаа өгөхүйц, дам дам эерэг нөлөө бизнесийн салбарт үүсэх бол?
Б.Уянга:
Ер нь бол уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт шууд утгаараа буюу АМНАТ болон өөр бусад татвараараа 30%, дам байдлаар 50% нөлөө үзүүлдэг. Монгол Улсын төсөвт нэлээн жин дардаг салбар. Төсөл хэрэгжээд эхлэхэд 1600 ажлын байр, 500 хүн амьдрах хотхон бий болох юм байна. Засмал зам тавих, дэд бүтцүүдээ бий болгох тал дээр нэлээн тохиролцоонд хүрч чадсан юм билээ. Казахстаны Катко уурхай дээр 100-гаад монгол мэргэжилтнийг бэлдэж байна, “Орано” групп. Энэ технологийг Монголд нэвтрүүлэх ажлыг манайхан өөрсдөө аваад явбал их сайн.
Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг та харсан байх. Олборлолтын үед нийт ажилчдын 90% нь монгол, 10% нь гадаад ажилчид байж болно гэсэн заалт туссан. Үүн дээр сүүлд би нэг санал дэвшүүлсэн юм. “Бид цаашдаа хөрөнгө оруулалтын олон гэрээ байгуулах байх. Тэр үед 90% нь манай ажилчид байна гэж тоо ярихгүйгээр, цалингийн сангийн 90% нь монгол ажилчдад байна гэвэл яадаг юм бэ? Ийм байдлаар зохицуулалтуудыг дараагийн гэрээнүүддээ анхаараач ээ” гэсэн саналаа хүргүүлсэн.
–Бидэнтэй цөмийн физикч, доктор Н.Тэгшбаяр нэгдээд байна. Уянгаа гишүүнээс асуусан хамгийн эхний асуултаа танаас асууя. Авлигатай холбоотой асуудал 2014, 2015 он. Тухайн үед та Цөмийн энергийн газрын дарга байснаас эхлээд урантай холбоотой асуудалд түүхийн бүхий л цаг хугацаанд гар бие оролцоод явж байна. Нөхцөл байдлыг сануулж өгөөч?
Н.Тэгшбаяр:
Ер нь бол хөөрхий Н.Алтанхуяг даргыг хэлмэгдүүлээд байна шүү. Н.Алтанхуяг дарга бид 2 чинь 2014 онд засаг нь огцроод, хоёулаа гудамжинд явж байсан. Тэрний дараа “А” лиценз олгосон юм байна лээ. Хүмүүс “Норовын 2 хүүхэд Монгол Улсыг хөнөөлөө” гээд балайраад байна. Овог нэгтэй бол ах дүү гэж бодож болохгүй шүү дээ. Н.Алтанхуяг чинь баяд хүн, би дөрвөд хүн.
Н.Алтанхуяг даргын үед “А” лиценз өгөөгүй. Яагаад гэвэл Цөмийн энергийн агентлагийг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа татан буулгасан. Шалтгаанаа “Төсөв бүрдүүлэхгүй байна аа” гэдэг. Гэтэл төсвөө давуулан бүрдүүлж байсан агентлаг шүү дээ. Засгийн газар ч огцорсон, Цөмийн энергийн агентлаг ч тарсан.
Хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт 100 орчим хүн ажилласан, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс. Бүгдийг нь авлига, тагнуул, цагдаагаар шалгуулсан. Сонирхлын зөрчилгүй хүмүүс байна гэдгийг тогтоогоод, ажиллуулсан. Тэрний нэг нь би. Намайг “Арева”-гаар ивээн тэтгүүлж, элгээ солиулсан гэж байна лээ. Би “Арева”-гаас 10 доллар ч аваагүй ээ. Олонтой явахын заяа түшиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, олон түмний хандиваар хөл дээрээ боссон нь үнэн.
–Энэ хүхрийн хүчил болон уран олборлох технологитой холбоотой зөрүүтэй ойлголтуудад мэргэжлийн хүний тайлбарыг сонсох нь зүйтэй болов уу Та харьцуулсан байдлаар, бас шинжлэх ухаанч тайлбар бидэнд өгөхгүй юү?
Н.Тэгшбаяр:
Хүхрийн хүчил хортой нь хортой. Уран ч хортой. Цацрагийн хувьд ч, химийн хувьд ч хоруу чанартай. Тэр уран газрын гүнд 180-200 метрт байгаа. Ураны нөөцтэй тэр давхарга цацрагийн хувьд ч, химийн хувьд ч хоруу чанартай. Жирийн хүний хэллэгээр бол бохир, мэргэжлийн хүний хэллэгээр бол техникийн устай орчин юм. Энгийнээр ойлгуулах юм бол жорлонтой адилхан. Жорлонгийн нүхэнд ус хийхэд жорлон хэвээрээ л байна. Сүү хийсэн ч, хүхэр хийсэн ч жорлон л байна. Өөрөөр хэлбэл: Урантай орчны усыг уран олборлохоос өөр юунд ч ашиглах боломжгүй. Тэгэхээр газар доор уусган баяжуулах аргаар уран олборлох нь үндэсний эрх ашигт нийцнэ ээ.
ШУТИС-ийн арьсны чиглэлийн нэг залуу ярьж байна лээ. Химийн хувьд хүхэр хортой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ хоргүй юм Дэлхийд байхгүй. Ус их уувал бөөр өвдөнө. Тун нь таарвал рашаан, тийм үү? “Тун нь таарвал хор ч рашаан болно оо. Тун нь хэтэрвэл рашаан ч хор болно оо” гэдэг шиг. Стандартын дагуу хэрэглээд, газрын гүний PH-ийн орчныг өмнө нь ямар хэмжээтэй байсан, тэрэнд нь аваачиж, нөхөн сэргээлт хийдэг. Ямар нэгэн юм сайн ч талтай, муу ч талтай.
Тэгэхээр бид шинжлэх ухаанчаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар нь, Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зөвлөмжийн дагуу, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөтэй байдлаар олборлох юм бол Монгол Улсын төсөвт, Монгол Улсын зах зээлд 5 тэрбум доллар эргэлдэх ийм төсөл. Мөнгөн талаасаа энэ л дээ. Тэрнээс гадна стратегийн ач холбогдолтой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн орны 1 Францтай хамтарч ажиллах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр Монгол Улсын дуу хоолой нэмэгдэнэ гэсэн үг. Европын геополитик, эдийн засаг, улс төрийн гол оронтой хамтын ажиллагаа эхлүүлж байна. Бид шинэ технологи нэвтрүүлж, Монгол Улс уран олборлох чадамжтай хүний нөөцөө бусад оронд бэлтгэх гэж байна.
–Ураны үнэд нөлөөлөх хүчин зүйлийг хэр зөв тооцоолсон бэ? Геополитик талаасаа болон өмнөх жилүүдийн үнийн чиг баримжааг харвал эргэлзээтэй асуудлууд ажиглагдаж байсан.
Б.Уянга:
460 грамм уран одоо $83 байна. Ураны эрэлт хэрэгцээ жилээс жилийн хооронд 3%-иар өсөж байгаа. Одоо бид 60 мянган тонн уран хэрэглэж байгаа. Энэ хэмжээ дараа жил Дэлхий нийтээр 2.9%-иар өснө. Түүхэн хугацаандаа ураны исэл нэг тохиолдолд 150 хүрсэн байсан. Ер нь ямар ч ашигт малтмалын үнэ хэлбэлздэг. Сүүлийн үеийн урьдчилсан таамгаар “Нэлээн хэдэн жил дамнаад, $80-$90 хооронд байх юм байна” гэсэн дүгнэлтүүд байгаа. Мэдээж эрсдэлээ тооцох ёстой. Одоогоор ураны ислийн эрэлт байнга нэмэгдэж явна. Тэр хэрэгцээг 2035 он гэхэд өнөөдөр олборлолт хийж байгаа ордууд хангаж дийлэхгүй гэсэн тооцоо байна. Үнэ нь буурна гэдэг агуулга одоохондоо харагдахгүй байна.
Н.Тэгшбаяр:
Өнөөдөр Дэлхий дээр атомын 460 орчим станц ажиллаж байна. Шинээр ашиглалтад орох атомын станцуудын тоо нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар 60.000-80.000 тонныг л хүн төрөлхтөн үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд 120.000 тн хэрэгтэй болох юм байна. 40.000 тонны зөрүү гарна гэдэг бол үнийн өсөлт нэлээн дээшээ пуужиндах шинжтэй.
–Н.Тэгшбаяр доктор шинжээчийн хувьд ажлын хэсэгт ажилласан. 18 удаагийн хэлэлцээрийн дараа гэрээг эцэслэлээ. Гэрээний үйл явцаас та бидэнтэй хуваалцаач?
Н.Тэгшбаяр:
-Тэр хэлэлцээр хүнд байсан. Франц өндөр түвшинд хэлэлцээр хийгээд сурчихсан орон. Гэхдээ Монгол Улс ураны хөрөнгө оруулалтын гэрээг олон нийтэд нээлттэй байлгаснаараа Францын талтай хэлэлцээ хийхэд хүчтэй байсан. Өөрөөр хэлбэл: УИХ, байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж байлаа. Их хурлын гишүүд, мэргэжилтнүүдийн байр суурийг нөгөө тал харж байгаа шүү дээ. Үүгээрээ ч бид нөлөөлж чадсан.
Монгол Улсын Үндсэн хуульд орсон шинэ нэмэлт өөрчлөлт хэлэлцээрийн явцад хүчтэй нөлөөлж байсан. Монгол Улс өөрийнхөө баялгийн өгөөжийн дийлэнх хувийг Монгол Улсын иргэдийн төлөө, Монгол Улсын эрх ашгийн төлөө байх ёстой гэсэн энэ ерөнхий заалтаа бариад л явсан. Тодорхой татвар, АМНАТ энэ тэр бодоод, нийлүүлээд 51-ээс дээш хувь байя, 51-ээс доошоо болбол тохируулга хийж өгье гээд.
–Төслийн тухайд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, УИХ-аар батлуулах шаардлагатай байгаа. Үнэлгээ хийхэд анхаарах зүйл юу байна. Илүү сайжруулж, олборлолтын болон хаалтын үед чухалчлах ямар асуудлуудыг тусгах ёстой вэ?
Б.Уянга:
Уул уурхайн төслүүд хариуцлагатай байх ёстой. Тэрийг нь бид шахаж, хянаж байх ёстой. Хариуцлагатай компаниуд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ гаргаад явдаг. Үнэлгээ хийх аргачлал нь ч ил тод байдаг. “Бадрах-Энержи” ХХК 89,2 гэж өөрийгөө үнэлсэн байна. Тухайн орчинд, амьтан, ургамал, хүмүүст ямар нөлөө үзүүлэх вэ? Үр өгөөж нь яаж нөлөөлөх вэ гээд тал талаас нь нарийвчилж гаргадаг.
Уурхайн хувьд нөхөн сэргээлт, хаалт гэж хоёр чухал зүйл бий. Хариуцлагатай компани бол хөндлөнгийн экспертийн зөвлөмжийн дагуу нөхөн сэргээлт, хаалтаа хийх ёстой. Энэ ч үүднээс Цөмийн энергийн тухай хуульд хөндлөнгийн экспертийн зөвлөмжийг авдаг байя гэсэн заалт оруулсан. Ашигт малтмалын тухай хуульд өргөн хүрээгээр суух ёстой асуудал. Энэ дээр АҮЭБЯ болоод УИХ дээр байгуулагдсан хуулийн ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа юм.
–Уул уурхайн салбарт хүлээгдэж байгаа төслүүдийн ирээдүйг та яаж төсөөлж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах юу байна вэ?
Н.Тэгшбаяр:
Мардайн орд Монгол Улсын мэдэлд бүтэн байгаа. Манай улс Мардайн ордын асуудлаар Арбитрын шүүх дээр ялагдаад, олон сая долларын өрөнд орсон байсан. Үүнийгээ төлчихсөн учраас Дорнодын уран Монгол Улсын мэдэлд байна. ЗГ энийг Цөмийн энергийн агентлаг байгуулсныхаа дараа шууд “Эрдэнэс Монгол”, “Мон-Атом” ХХК-д өгөх хэрэгтэй. Тэгээд хүсээд байсан ОХУ-аар гарсан зардлаа төлүүлээд, хамтрах, төлөхгүй бол төлсөн нөхөдтэй хамтрах хэрэгтэй.
Дундговийн Гурвансайханы лиценз маргаантай байна. Шийдэгдэнэ гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ойрын үед Европын орнуудад айлчлахад энэ асуудал яригдах байх. Дараагийн томоохон төсөл болно гэж би бодож байна.
Энүүхэн хилийн цаана Хятадын Баян-Овоогийн ордоос Монгол Улсын жилийн нийт орлоготой дүйцэх хэмжээний мөнгийг газрын ховроос олж байна. Бидэнд ч ийм боломж байна. Мухрын орд, Халзанбүргэдэйн орд гээд газрын ховрын элементийн ордуудаа зөв зохистой ашиглаад эхэлбэл бид Кувейт шиг, АНЭУ шиг, Казахстан шиг болох боломж байна.
Жижиг зүйлүүд нийлж, том болтлоо 1000 жил болно. Харин 1 том төсөл хэрэгжүүлбэл, дагаад 1000 жижиг төсөл явдаг. Францтай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээн дээр “Төслийн туслан гүйцэтгэх компаниудын 60%-иас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй компаниуд байна” гэж заагаад өгчихсөн.
-2025 онд том төслүүд эрчимжиж байгаатай холбоотойгоор хууль эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдыг татах ямар өөрчлөлт хийж байна вэ. Реформын шинж чанартай өөрчлөлтүүдийн гол санаа нь юу байгаа бол?
Б.Уянга:
Ашигт малтмалын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг сайжруулах шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар татварын орчин, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирэх юм байна. УИХ 126-уулаа болсон. Олон төрлийн эксперт ороод ирчихсэн. Няхуур үзэх байх. ЗГ сайн манлайлалтайгаар 14 мега төслөө явуулж байна. Хуулийн гаргалгаанууд дээрээ одоо сайн суух хэрэгтэй.
Н.Тэгшбаяр:
Авлигачдыг өөгшүүлдэг янз бүрийн зөвшөөрлүүдээ болих хэрэгтэй. Байгаль орчноо л хяна. Бусдыг нь бол чөлөөлөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хайгуул хийгдсэн ордуудын асуудал жигдэрч байгаа. Шинэ орд нээх ,тогтоолгох ажлыг хүний мөнгөөр хийлгээд авахад анхаарах хэрэгтэй.
–Баярлалаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!