Сербийн Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорлоо


Сербийн ерөнхий сайд Милош Вучевич өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцроод байна. Тэрээр мэдэгдэлдээ цаашдаа нийгмийн зөрчлийг улам нэмэгдүүлэхээс сэргийлж, албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргаснаа онцолжээ. Эрх баригч Сербийн Прогрессив намын дарга М.Вучевич ерөнхий сайдын албыг нэг жил хүрэхгүй хугацаанд хашсаныхаа дараа ийнхүү огцрохоор болоод байна. Тэрээр өмнө нь Нови-Сад хотын дарга, Серб улсын Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан юм.

Өнгөрсөн оны 11 сард Нови-Сад хотын төмөр замын вокзалын бетонон нарны хаалт нурж, 15 хүн амь үрэгдсэний дараагаар үндэсний хэмжээний эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж эхэлсэн бөгөөд олон арван мянган хүн гудамж талбайд жагсч, хариуцлага тооцох, авлигын эсрэг тэмцэхийг шаардсан юм.

Нови-Сад хотод болсон тэрхүү харамсалтай осолтой холбогдуулан 10 гаруй хүнийг баривчилж саатуулсны дотор ослын дараа албан тушаалаасаа огцорсон Зам тээврийн сайд асан Горан Весич багтсан байна.

Авлигын эсрэг том, жижиг жагсаал цуглаан өнөөдрийг хүртэл болсоор байгаа юм. Хамгийн том буюу 100,000 хүн оролцсон жагсаал өнгөрсөн 12-р сард нийслэл Белград хотод болсон. Өнгөрсөн баасан гарагт Сербийн иргэд ажил хаяж, үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулахыг уриалсан бол даваа гарагт нийслэл хотын төв замын урсгалыг оюутнууд голдуу жагсагчид хаах үеэр жагсагчид болон эрх баригч намыг дэмжигчдийн дунд жижиг мөргөлдөөн үүсэж, үүний улмаас нэг эмэгтэй оюутан бэртэж гэмтсэн байна.

Ерөнхий сайд Вучевичийг огцрох мэдэгдэл хийсний дараа буюу мягмар гарагийн үдэш Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үндэсний телевизээр мэдэгдэл хийж, ээлжит бус парламентын сонгууль явуулах, аль эсвэл шинэ засгийн газар байгуулах эсэх шийдвэрийг 10 хоногийн хугацаанд багтаан гаргах болно гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр улс төрийн сөрөг хүчнийхний шилжилтийн засгийн газар байгуулах хүсэлтийг хүлээж авахаасаа татгалзаж, Серб улс тайван, тогтвортой байдлаа хадгалж үлдэнэ гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож, ял шийтгэл авсан 13 хүнд өршөөл үзүүлэхээ мэдэгдэж, Нови-Сад хотын төмөр замын вокзалын барилгыг сэргээн засварлах ажлын талаарх бүх мэдээллийг жагсагчдад ил тод, нээллтэй байдлаар гаргаж өгөхийг засгийн газраас шаардаж, шинэ засгийн газар байгуулах асуудлаар зөвлөлдөхөд хүн бүрийг урих болно гэдгээ хэлсэн байна.

А.Вучевичэд ерөнхий сайдын албан тушаалд нэрлэн томилох боломжтой гурваас дөрвөн хүний нэр байгаа ч мөн бусад саналуудыг сонсох болно гэдгээ хэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *