Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэртэй холбоотой
ХЭҮК-оос мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
ХЭҮК-ын дарга Д. Сүнжид: Морин уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан хүүхэд оролцож байгаа бол аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй гэж хуульдаа заасан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд уралдаан, сунгаанаас үүдэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Монгол улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенц, Монгол улсын үндсэн хууль, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгааг илтгэж байна.
Сүүлийн жилүүдэд хурдан морин уралдааны хэв маяг өөрчлөгдөж байна. Уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй, арга барил, дэг жаяг нь хүртэл өөрчлөгдөж байна. Зөвхөн зун биш,өвөл хавар намар гээд бүхий л улиралд зохиогдох боллоо. Энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Эрүүл мэнд амь нас яригдахаас гадна хүүхдийн сурах, хөгжих эрхэд нөлөөлж байгааг олон судалгаа харуулж байна. Ялангуяа өвөл, хаврын уралдаан хүүхэд оролцох үед сургууль завсардах, хичээлээс чөлөө авах зэргээр хөгжих боломжоо алдаж байна. Хурдан морины уралдаан нь хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалд багтсан байдаг. Монгол ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэхдээ өвөл хаврын уралдаан нь түүхэн уламжлал өв соёл гэдэгт багтахгүй.