Трампын засаг захиргаа цагаачдыг баривчлах ажиллагааг улсын хэмжээнд гүйцэтгэж байна


Д.Трамп тангараг өргөж, төрийн тэргүүний албандаа орсон 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн түүний засаг захиргааны зүгээс АНУ-ын хэмжээнд бичиг баримтгүй, хууль бус, гэмт хэрэгт холбогдож байсан түүхтэй гадны цагаач иргэдийг баривчлах ажиллагааг гүйцэтгэсээр байна.

Чикаго, Нью-Йорк, Денвер, Лос Анжелес зэрэг томоохон хотуудад ажиллаж амьдарч байгаа цагаачдыг илрүүлж, улмаар баривчлах ажиллагааг явуулаад байгаа ба өнгөрсөн 9 хоногийн хугацаанд 3500 гаруй хууль бус цагаачдыг баривчилсны дотор өнгөрсөн ням гарагт 1179 цагаач, даваа гарагт 969 цагаач, мягмар гарагт 1000 гаруй цагаачдыг баривчлаад байгаа талаар АНУ-ын Цагаачлал, хил хамгааллын албаны зүгээс статистик мэдээг өгсөн байна.

Цагаачлалын албаныхны зүгээс эдгээр баривчилгааг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан түүхтэй, нийгэмд аюултай, сэжигтэй цагаачдын эсрэг чиглэгдсэн гэдгийг тодотгож, баривчлагдаад байгаа зарим цагаачдын гэрэл зураг, гарал үүсэл, үйлдсэн гэмт хэргийнх нь талаарх мэдээллийг мөн олон нийтэд танилцуулаад байгаа ажээ.

Гэхдээ Цагаан ордны зүгээс энэхүү ажиллагааны үеэр бүх цагаачдыг гэмт хэрэгт холбогдсон эсэхээс үл хамаарч баривчилж, тэднийг албадан гаргах бөгөөд тэдгээр цагаачид АНУ-д хууль бусаар нэвтрэн орж ирсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл буюу гэмт хэрэгтнүүд болж байгаа гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт мэдэгджээ.

Одоогийн байдлаар баривчлагдаад байгаа цагаачдын хэдэн хувь нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүс гэдэг нь тодорхойгүй байгаа бол NBC телевизийн мэдээлснээр 1-р сарын 26-ны өдрийн байдлаар баривчлагдаад байгаа цагаачдын ердөө 52 хувь нь гэмт хэргийн түүхтэй цагаачид байсан гэжээ.

Трампын засаг захиргааны энэхүү баривчилгаанаас зугтааж, нуугдахын тулд зарим цагаачид ажлаа тасалж, үр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгөхгүй байх явдал нэмэгдэж эхэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *