АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр нь үлдээв


АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй үах зээлийн хороо лхагва гарагт хуралдаж, дотоодын эдийн засгийн өсөлт хэвийн, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа учраас бодлогын хүүг 4.25-4.5 хувьд хэвээр нь үлдээх шийдвэр гаргаснаа танилцуулсан байна.

Энэ нь Д.Трамп Цагаан ордонд эргэж ирснээс хойш гаргаж байгаа Холбооны нөөцийн сангийн анхны бодлогын түвшний уулзалт болон шийдвэр болон гарч байна. АНУ-ын Төв банк 2024 оны есдүгээр сараас хойш гурван удаа дараалан, хүүг нийт бүтэн нэг хувиар бууруулаад байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп газрын тосны үнэ буурсан тохиолдолд бодлогын хүүг буулгах шахалтыг Холбооны нөөцийн санд үзүүлэх болно хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн татварын хэмжээг буулгаж, гаалийн тарифын хураамжийг нэмэгдүүлж, цагаачлалын бодлогод томоохон өөрчлөлт хийхээ мэдэгдээд байгаа билээ.

Харин ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл лхагва гарагийн хэвлэлийн бага хурлын үеэр Трампын засаг захиргааны хэрэгжүүлэх зарим бодлого төлөвлөгөө нь зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэх боломжтой учраас мөнгөний бодлого төлөвлөгчид нөхцөл байдлыг сайтар ажиглах болно гэжээ.

Мөн тэрээр Д.Трамптай ямар нэгэн байдлаар холбогдоогүй байгаагаа хэлж, “миний бие ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан ямар нэгэн тайлбар болон хариу хэлэхгүй, миний хувьд тийм зүйл хийх нь зүйд нийцэхгүй” хэмээн хэлсэн байна.

Жером Пауэлл хэлэхдээ, “бодлогын хүүг бууруулах гэж яарахгүй, цаашид инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхийг харж, бодлогын хүүг дахин бууруулахаас өмнө инфляц зорилтот хоёр хувьд хүрч саарсан гэсэн баттай нотолгоо шаардлагатай” гэдгийг онцолсон байна.

Тэгвэл ХНС-гийн лхагва гарагийн шийдвэрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Ж.Пауэлл болон ХНС инфляцын асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас би уг асуудлыг шийдэх болно. Эрчим хүчний үйлдвэрлэл, олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбарт чиглэсэн бодлогуудаараа дамжуулан инфляцыг бууруулна” хэмээх өөрийн нийгмийн сүлжээний “Truth Social” платформ дээр бичсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *