ОХУ-ын төлөөлөгчид Сирид айлчилж, түр засгийн газрын тэргүүнтэй уулзав


ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид Сири улсад айлчилж, тус улсын түр засгийн газрын тэргүүнтэй уулзлаа. Босогчид Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Ассадын дэглэмийг унагаснаас хойш ОХУ-ын албаны хүмүүс анх удаа Сирид очиж байгаа нь энэ юм.

ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов тэргүүтэй төлөөлөгчид Сирийн түр удирдагч Ахмед аль-Шараатай хэлэлцээ хийхээр мягмар гарагт нийслэл Дамаск хотод хүрэлцэн очсон бөгөөд талууд хоёр талын төрөл бүрийн асуудлаар илэн далангүй хэлэлцээ хийсэн гэжээ.

“Ройтерс” агентлаг Сирийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, ОХУ руу дүрвэн гарсан ерөнхийлөгч асан Б.Ассадыг Сирийн талд шилжүүлэн өгөх хүсэлтийг Сирийн түр засгийн тэргүүн Москвад тавьсан байна.

Сири улсад Оросын арми Газар дундын тэнгисийн эргийн Тартус дахь тэнгисийн цэргийн бааз, баруун хойд хэсэгт байрлах Хмеймим дахь агаарын баазад тус тус байрлаж байгаа бөгөөд Гадаад хэргийн дэд сайд М.Богданов Оросын цэргийн баазуудыг хадгалах талаар юу ч өөрчлөгдөөгүй гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг иш татан мэдээлсэн байна. Түүнчлэн хоёр тал уг асуудлаар үргэлжлүүлэн зөвлөлдөхөөр тохиролцсон гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард Оросын цэргийн дээрх хоёр баазыг Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхэд ашиглахыг санал болгож байгаагаа мэдэгдсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *