Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 1000 төгрөг төлж зорчих журмын талаар Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлэл хийлээ.
НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үнэ тарифыг 2017 онд нэмсэн. Үүнээс хойш өөрчлөлт оруулаагүй. Нийслэлийн ИТХ, нийслэлийн засаг даргын санаачилгаар, иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор энэ жил үнэ тарифт өөрчлөлт орууллаа. Гэхдээ энэ нь үнэ нэмэгдсэн гэсэн ойлголт биш. Жишээгээр авч үзэхэд нэг иргэн өглөө, оройдоо 1000 төгрөг төлж зорчдог байсан бол 4 удаа зорчих боломж олгож байна. Ямар нэг хугацаа харгалзахгүйгээр 4 удаа зорчино.
“U Money” карт ашигладаг иргэн картаараа төлбөрөө төлөөд зорчих боломжтой. Одоо ашиглах шинэ систем нь олон давуу талтай. UBCARD машинаас картаа шууд цэнэглэх боломжтой. Мөн картгүй, нийтийн тээврээр байнга зорчдоггүй хүн 1 удаагийн код уншуулаад, нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлж байна.