Гал зогсоох гэрээний дагуу пүрэв гарагт Хамас бүлэглэлийн зүгээс барьцааны 8 хүнийг суллан, Израил улсын талд хүлээлгэн өгсөн байна.
Хамасын барьцаанд 15 сарын турш байсан Израилын Агам Бергер, Арбел Ехуд, Гади Мозес гэсэн 3 иргэн болон Тайландын Ватчара Сриуан, Баннават Сеатхо, Сатьян Суваннакхам, Понгсак Танна болон Сурасак Ламнау хэмээх 5 иргэнийг Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгч, Улаан загалмай нийгэмлэг Израилын талд хүлээлгэн өгчээ.

Тайландын засгийн газраас тус улсын 6 иргэнийг барьцаалсан гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын иргэн Наттапонг Пинта сураггүй байгаа ажээ.
Хариуд нь Израилын тал хэсэг хүлээлгэсний эцэст Палестины 110 хоригдлыг суллаж, хүлээлгэн өгсөн бөгөөд тэдний дунд бүх насаараа хоригдох ялтай 32 хоригдол, насанд хүрээгүй 30 хоригдол багтжээ.
Израилын талаас хоригдол хүлээлгэн өгөх ажиллагааг хэсэг хугацаанд хойшлуулсан шалтгаанаа олон хүн цугларч, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн хэмээн тайлбарласан юм. Өмнө нь Хан Юнис хотод хоригдлуудыг хүлээлгэн өгөх үеэр эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж, эмх замбараагүй байдал үүсэж байсан ажээ.
Ийнхүү гал зогсоох гэрээний дагуу Хамасын талаас одоогийн байдлаар нийт 15 барьцааны хүнийг суллаад байгаа бол 82 хүн суллах дутуу байгаа ажээ.
Харин Израилын тал 290 гаруй Палестины хоригдлуудыг шоронгоос суллаж, хүлээлгэн өгөөд байна. Израилын засгийн газраас мэдэгдсэнээр бямба гарагт дөрөв дэх удаагийн солилцоо явагдах бөгөөд энэ үеэр Израилын 3 иргэнийг 90 орчим Палестины хоригдлоор солилцох болно.