Өсөж буй од, “Mercedes”-ийн нисэгч Андреа Кими Антонелли “Формула 1”-ийн анхны гараагаа эхлэхээс ердөө зургаахан долоо хоногийн өмнө жолооны шалгалтаа өгчээ.
Дэлхийн долоон удаагийн аварга Льюс Хэмилтоныг орлож буй 18 настай тэрээр олон нийтийн цахим сүлжээнд жолооны сургуулийн машинд сууж буй бичлэгээ хуваалцсан байна.
“Формула 1”-д уралдах эрхтэй супер үнэмлэх авахын тулд өөрийн улсын хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх шаардлагатайгаас гадна 18 нас хүрсэн байх ёстой. Энэхүү журмыг 2016 онд нэвтрүүлсэн.
Гэсэн хэдий ч өнгөрсөн жил “Мерседес” Антонеллид 2024 оны 8-р сарын 25-нд болсон 18 насных нь төрсөн өдрөөр “Формула 1”-ийн бэлтгэлд оролцохыг зөвшөөрүүлэхээр оролдсоны улмаас дээрх журамд өөрчлөлт оруулсан байна.
Шинэ журмаар 17 настай жолооч нарт тусгай эрх олгохыг зөвшөөрсөн аж.
Энэ талаар “Mercedes” F1 багийн гүйцэтгэх захирал Тото Вольф ”Журмыг Антонеллид зориулж өөрчлөөгүй. Ерөнхийдөө эерэг намтар, амжилт, төлөвшилтэй жолооч нарыг төрсөн он, сар, өдрөөр нь биш, сайн гүйцэтгэлтэй бол уралдах боломж олгож болох эсэхийг шалгах зорилготой. Энэ нь зөв шийдвэр байсан гэж би бодож байна” гэжээ.



Льюс Хэмилтоныг орлож “Mercedes”-тэй гэрээ байгуулсан Андреа Кими Антонелли нь 2006 оны 8-р сарын 25-нд Итали улсад төрсөн. Түүний хувьд “Мерседес”-ийн төлөө “Формула 1”-д өрсөлдөх юм. Болонья хотод төрж өссөн Антонелли спорт машины уралдааны жолооч Марко Антонеллигийн хүү юм. Тэрээр 2020, 2021 онд шууд жолоодлоготой картингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд дараалан ялалт байгуулжээ.

Мөн 2022 онд ADAC F4 аварга шалгаруулах тэмцээнд, 2023 онд Премагийн хамт Формула бүсийн Европын аварга шалгаруулах тэмцээнд, мөн 2023 онд “Мумбай шонхрууд”-ын хамтаар Формула бүсийн Ойрхи Дорнодын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Түүнчлэн Италийн GT аварга шалгаруулах тэмцээний ялагч болсноос гадна 2022 оны FIA Моторспортын наадамд Италийг төлөөлөн, алтан медаль хүртсэн. Өдгөө “Mercedes”-ийн нэрийн өмнөөс Формулад уралдах юм.