Ажлын байрны үл ойлголцолд насны зөрүү нөлөөлдөг үү?


“Цаг цагаараа байдаггүй” гэдэгчлэн нийгэм хувьсан өөрчлөгдөж, шинэ залуу үе төрсөөр. Бид бүгд аль үед төрснөөсөө хамааран, өссөн орчин, үзэл бодол, бие махбодь, оюун санааны хувьд ч эрс ялгаатай болж байна. Үүнийг үе хоорондын ялгаа хэмээн өөр өөр нэршлээр хуваан үзэж буй. Хүмүүс бид өөр орчинд, өөр үед өсөж төрсөн ч гэлээ нэг нийгэмд, нэг Дэлхийд амьдарч байгаа учир хамтдаа ажиллах нөхцөл яах аргагүй үүсэж байна. Иймд ажлын байрны үе хоорондын ялгаа, үзэл бодлын зөрүүтэй байдал хөндөх ёстой нэг сэдэв болоод буй.


“Хэлээд ойлгохгүй бол маханд нь ойлгуулна” гэх үг сонсож өссөн хүмүүс өнөөдөр өөрсдийн эрхийг чухалчилдаг, өөрийгөө үнэлдэг, Z болон Альфа үеийнхэнтэй нэг талбарт ажиллаж эхэллээ. Тэдний хувьд ямар зөрчил, үл ойлголцол гардаг талаар дурдъя.


Одоо 23 настай Ө.Ариунгэрэл охин өнгөрсөн хавар сургуулиа төгсөж, шинэ ажилд оржээ. Шинэхэн ажилд тэр 30-60 насны хүмүүстэй хамтарч ажиллах болсон гэнэ. Түүнийг яриаг хүргэе.
Ө.Ариунгэрэл:
Үе хоорондын ялгаа их гарна. Тэр нь ажил дээр гэхээсээ илүү чөлөөт цаг, бусад үед ажиглагддаг. Яах аргагүй насны зөрүүтэй хүмүүсийн сонирхол, үзэл бодол өөр байдгаас дотно харилцаа үүсгэж чаддаггүй. Ер нь Монголд насаар дүү хүнийг “Чи тэгчих юм уу” гэдэг хандлага тогтчихсон. “Хүний бага нь хөдлөх ёстой” гээд л. Бүгд нийлээд дэлгүүрээс юм авах болоход бага нь явж байх жишээний.
Д.Намуун: Ажлын байран дээр үе хоорондын ялгаа маш их гарч байгаа. Ямар нэгэн алдаа гаргахад, Z-Generation гэж хүлээн авч, “Танай үеийнхэн дандаа ингэдэг” гэж шүүмжилдэг ч ажлаа сайн хийсэн үед магтаал урамшуулал хэлдэггүй. Мөн залуу ажилтан гэдэг утгаар илүү цагаар ажиллуулдаг нь төвөгтэй байдаг. Цалингийн хувьд хугацаанаас нь хоцроох, хувааж өгөх зэргээр хүнд нөхцөлд оруулдгаас гадна илүү цагаар ажилласныг тооцдоггүй. Тэгээд үл ойшоох, элэг барих зүйлс ч их ажиглагддаг.

Залуу үеийн төлөөллүүд сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Харин одоо бүүмерүүд, “X” үеийнхэн, “Y” үеийнхэн буюу 40-өөс дээш настай, албан байгууллагад ажилладаг хүмүүсийн байр суурийг хүргэе.

Л.Дуламдорж: Өөрөөс нь ах, эгч хүмүүс мэддэг чаддаг юмаа зааж өгч байхад, зөвөөр хүлээгээд авах хэрэгтэй. Тэр хүний заах арга барил ширүүн, ууртай байж болно шүү дээ. Ойлголцоод явахад асуудал байхгүй. Яваандаа дасна. Санал зөрөх, үл ойлголцох үе зөндөө гарна. Гэхдээ ажил дээр хамт олон, байгууллагын зорилго бүгдийг нэгтгэдэг. Орчин үеийн залуус үг даах чадваргүй, үл ойшоосон байдалтай байдаг нь ганц манай ажил дээр ч байдаг зүйл биш.
Т.Ариунаа: Үе хоорондын ялгаа угаасаа гарна. Ялангуяа техник,технологи хөгжиж байгаа өнөө үед. Хүүхдүүдийн сонирхол, хобби, ажил хийх арга барил нь хүртэл өөр болсон байна. Залуу хүүхдүүд үг даахгүй, уурлана, хэрэлдэнэ. Удирдаж байгаа хүн тэр үед нь засаж залруулаад, хэлж өгөх ёстой гэж боддог. Удирдаж буй хүн ууртай, ширүүн харилцаатай байвал тэнд ажиллаж буй хүмүүс таагүй байдалд байна шүү дээ. Үнэхээр хэлж яриад байхад болохгүй бол дараагийн арга хэмжээг авах ёстой байх. Би бол “Миний хүүхэд ч гэсэн ажлын байран дээр гараад, ийм байвал яах бол” гэдэг өнцгөөс хүлээж авахыг хичээдэг“ гэлээ.
Дээрх хүмүүсийн ярианаас ажлын байрны үл ойлголцол нь олон насны зөрүүтэй үйлдэл, сонирхол, хобби, технологийн дэвшилтэй холбоотой гэж ойлгож болох нь. Хамгийн чухал нь тэд хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудал юм.
Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал, хүний нөөцийн зөвлөх Д.Бартанбаатар: Багийг гарын таван хуруутай адилтгаж болно. Зарим байгууллагыг удирдаж буй хүн эрхий хурууг хамгийн шилдэг нь гэж үзээд, бусдыг нь түүн шиг байхыг шаарддаг. Гарын таван хуруу тэр чигтээ эрхий болчихвол юу ч хийж чадахгүй шүү дээ. Баг бүрдүүлэхийн тулд эрхий, чигчий, долоовор, дунд, ядам заавал байх ёстой. Ингэж бие биеийнхээ дутууг нөхнө” гэж хэлсэн байдаг.
Яг үүн шиг ямар үед төрснөөсөө үл хамааран, хоорондоо харилцан ойлголцдог, чадварыг нь үнэлдэг, адил тэгш урамшуулдаг байх нь чухал болов уу гэж бодно. Тиймээс ахмадууд хойч үеэ дэмжиж, тэдэнд зааж сургахын зэрэгцээ өөрсдөө орчин үеийн хэрэглээнд суралцаж, залуу үетэйгээ эн зэрэгцэн, боловсрол эзэмшиж болох юм. Харин залуучууд тэднээс сурч болох юу байна гэдгийг тунгаан бодох нь чухал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *