Ерөнхий боловсролын сургуулиудад хийгддэг охидын үзлэг хүний эрх, хүүхдийн эрхийг зөрчдөг тул цаашид энэ төрлийн үзлэг хийхийг хориглосон. Гэтэл энэ үзлэг одоо ч далд хэлбэрээр хийгдсээр байгаа аж. Тодруулбал охидын үзлэг нэрээ өөрчилж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нэрийн дор сурагч охидыг ЭХО оношилгоонд хамруулжээ. Ингэхдээ хэвлийн чанд авиан шинжилгээ хийх замаар охидыг жирэмсэн эсэхийг шалгасан, хөвгүүдийн бэлэг эрхтнийг шалгах, үзлэг оношилгоог сургуулийн орчинд хийсэн. Мөн уг үзлэгийг хийхдээ эцэг эх, асран хамгаалагчдаас зөвшөөрөл авсан нь хэлбэр төдий, зарим сургуулийн хувьд авсан эсэх нь эргэлзээтэй, сурагчдаас бичгээр гарын үсэг бүхий зөвшөөрөл аваагүй болох ХЭҮК-ын хяналтаар тогтоогджээ. Бид энэ талаар нийслэлийн зарим сурагчдаас тодруулсан юм.

Сурагч Б: Өнгөрсөн намар дунд, ахлах ангийн сурагчдыг ЭХО оношилгоонд хамруулсан. Манай анги гэлтгүй сургуулийн бүх хүүхдүүд хамрагдсан байх. Эцэг, эхээс зөвшөөрөл аваагүй.
Сурагч А: Манай ангийн ихэнх охид ЭХО оношилгоонд орсон. Сургууль дээр хүүхэд жирэмсэлсэн гэдэг цуурхал гараад, эмэгтэй сурагчдыг хамруулсан. “Өөр эмэгтэй хүүхдүүд жирэмсэлж үү гэдгийг шалгахаар сурагчдыг оношилгоонд оруулсан” гэж хүүхдүүд ярьж байсан.

Сурагч Э: Эрэгтэй, эмэгтэй сурагчид тусдаа, нэг өрөөнд оношилгоонд орсон. Гэдсэн дээгүүр ЭХО-гоор хараад, жирэмсэн эсэхийг шалгаж байсан. Нэг хүүхэд үзэхэд, ойролцоогоор 5-10 минут болсон.
Өсвөр насны хүүхэд хамгийн эмзэг үе дээрээ байхад биед нь халдана гэдэг байж боломгүй юм. Гэтэл энэ төрлийн үзлэг одоо болтол байсаар байгаа нь хачирхалтай. Эрт илрүүлэг нэрээр халхавчилж охидын эмзэг биед халдаж буй нь хүний эрх, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг юм.
Энэ үзлэгийг хийхдээ эмэгтэй сурагчдын эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан эсэх нь эргэлзээтэй. Сурагчдаас зөвшөөрөл авсан талаарх баримтыг комисст ирүүлээгүй байгаа нь Монгол Улсын боловсролын ерөнхий хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зөрчсөн үйлдэл болсон. ХЭҮК энэ асуудал дээр Боловсролын сайд. Эрүүл мэндийн сайдад сургуулийн, эрүүл мэндийн шаардлага хангаагүй орчинд охидын үзлэгийг эцэг эхийн зөвшөөрөлгүй хийсэн асуудалд анхаарах 6 агуулга бүхий зөвлөмжийг ХЭҮК-оос хүргүүлжээ.