“Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал, эдийн засагч, доктор Б.Лхагважавтай татварын шинэчлэлийн талаар ярилцлаа
-Татварын хуульд реформын шинжтэй шинэчлэл хийх болов уу гэж хүлээж байсан ч тэгэх шинж алга. Та энэ шинэчлэлийг яаж хийвэл зөв болно гэж харж байгаа вэ?
-Татварын хуулийг шинэчлэхдээ маш өргөнөөр харах ёстой. Аж ахуйн нэгжийн санал дээр тулгуурлан шинэчлэл хийж байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой олон хэлэлцүүлэг өрнөж байна. Гэхдээ гол өөрчлөлтөөсөө зугтаад байна. 2015 оноос хэрэгжсэн НӨАТ-ын хууль, 2020 оноос хэрэгжсэн бусад хуулийн ялгаа, зөрүүтэй байдал, сөрөг үр дагавар аж ахуйн нэгж, иргэнд яаж нөлөөлөв. Ер нь 1992 оноос хойш соц системээс капиталист системд орохдоо хүний эрхийг хангасан, татварын систем бий болгож чадав уу? 1992 оноос хойш татварын систем 4 удаа өөрчлөгдсөн. Ингэхдээ татварын байгууллагыг өөрчилж чадав уу. Үүнтэй холбоотой татварын шүүх байгуулах хэрэгцээ одоо гарч ирж байна уу. Зөрчлийн хууль руу татварын санкцууд явсан боловч прокурорууд эдийн засгийн үүднээс харж чадаж байна уу гээд нарийн юм руу орох байтал тэгэхгүй байна.
УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан ч Сангийн яам, Татварын ерөнхий газар (ТЕГ) ерөнхий раамыг нь босгож өгч байгаа шүү дээ. Тэгэхдээ Татварын ерөнхий хуулиа оруулж ирээгүй.
–Харин тийм. Татварын ерөнхий хуулийг яагаад шинэчлэхээр оруулж ирэхгүй байна вэ? Энэ хуулийг өөрчлөхгүйгээр бусад хуулиа шинэчилж чадах уу?
-Татварын шинэчлэл гэдэг бол энэ хуулийг шинэчлэхээс эхэлнэ. Татвар бий болгох, хувь хэмжээ заах, татвар төлөгч, авагчийг тодорхойлох, татварын байгууллага, Татварын маргаан таслах зөвлөлийн бүтэц гээд бүх юм энэ хуульд байдаг. Их дутуу юм хийх гэж байна. Ерөнхий сайд татварын орчныг өөрчилнө гэсэн. Гэтэл НӨАТ-ын хувь хэмжээг нааш цааш нь болгох, хуульд байгаа ганц нэг тоо хэмжигдэхүүнийг өөрчлөх бол угаасаа хийх ёстой ажил. Шинэчлэл биш. Үнэхээр шинэчилье гэвэл Татварын ерөнхий хуулийг, 1992 оноос хойших татварын симтемээ хараач ээ гэж байгаа юм.
-Ямар эрх ашиг Сангийн яам, ТЕГ-т байгаа болоод, Татварын ерөнхий хуулийг шинэчлэхийг хүсэхгүй байгаа юм бол?
-Саяын хэлэлцүүлгүүдийг харахад, УИХ-д байгуулагдсан ажлын хэсэгт Татварын ерөнхий хуулийг оруулж ирээгүй. Үүгээрээ маш их зөрчил, тоо нууж байна. Сангийн яам, ТЕГ өөрсдийн он удаан жил бугшсан системээ хамгаалж үлдэх гээд байна.
1992 оны Үндсэн хуулийг харъя. Улсын төсөв бол УИХ-ын онцгой эрхийн асуудал. Улсын төсөв дотор татвар, даатгал бүгд орно. УИХ онцгой эрхийнхээ нэг хэсгийг, татвар, даатгалыг 1993 онд гүйцэтгэх засаглалд өгчихсөн. ХХОАТ-ыг 2016 онд орон нутагт хүртэл өгсөн. УИХ-ын онцгой эрхийг шилжүүлж авсан эдгээдүүд тонгочиж байна. Үүнийг УИХ харах ёстой. УИХ одоо энэ эрхээ буцааж ав! Татвар бол УИХ-ын онцгой эрхийн асуудал. Өмнөх 30 жилээ байг гэхэд, сүүлийн 9 жилд бий болсон өөрчлөлтийг УИХ-ын гишүүд мэдэх ёстой. Ажлын хэсэгт өгсөн танилцуулгууд худлаа. 2 тайлан гаргадаг этгээдүүд өнөөдөр шударга ёс яриад, тайлан тавиад зогсож байна. УИХ-ын гишүүдийн нүдийг сохолж, мэдээлэл өгөхгүй, бүх юм гоё байгаа юм шиг, НӨАТ-ын УҮГ-ын хийсэн ажлыг барьж гүйгээд байгаа юм.
-Олигтой шинэчлэл хийхгүй бол яах вэ?
-Инфляц, мөнгөний уналтаас болоод монголчууд өндөр татвар төлөх болчхоод байна. Энэ бол аймшиг. Би системийн их том өөрчлөлтийг Ерөнхий сайдтай хамт хийнэ гэж найдаад л байна. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдад Сангийн яам, ТЕГ мэдээллээ өгөхгүй байна. Ингэж домновол би Ерөнхий сайдад захиа бичнэ. Ийм домносон юм доогуур чинь хийгээд байна шүү гэдгийг танай саитаар дамжуулж, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдад хэлье!
-Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг. Тиймээс би татвар төлмөөргүй байна. Гэтэл надаас хүчээр аваад байх юм. Уг нь надаас авсан татварыг Монгол Улсын, миний сайн сайхны төлөө зориулах ёстой юм биш үү?
-ТЕХ-д татварын философийг тусгадаг. Юуны төлөө иргэн хүн татвар төлж байгаа юм бэ? Энэ философи Үндсэн хуулиас эхлээд ямар ч хуульд байхгүй. Үндсэн хуулиа харвал иргэн хүн татвар төлөх журамт үүрэгтэй. Үүнээс хөөж үзвэл ХХОАТ бол манай татварын баазын суурь нь болох юм. Аж ахуйн нэгжээс авдаг татвар бол 2-р зэргийнх байх ёстой. Хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулж буй улсууд бол “Иргэн нийтийн сайн сайхны төлөө татвар төлөх үүрэгтэй” гэдэг. Түүнээс биш төрд татвар өгөх үүрэгтэй биш. “Төр байвал татвар буй. Татвар байвал төр оршино” биш. Татварыг төр биш, улс авах ёстой юм.
-Бидэнд ийм үг цээжлүүлж байгаад татвар авсаар ирлээ. Энэ үгийг юу гэж соливол зөв утгатай болох юм бол?
-“Улс байвал татвар байна. Татвар байвал улс байна” гэсэн үгээр солих ёстой. 1990-нд үүнийг маш буруу орчуулаад, татварын философи буруу болсон. Үүнээс болоод хүмүүс төрд татвар төлдөг гэж ойлгосон. Үүнээс болоод Сангийн яам, ТЕГ өөрийгөө хаан гээд ойлгочихсон. Татварын байцаагч өөрийгөө хаан гээд андуурчихсан. Хэрвээ бид татварын философио зөв ойлгосон бол иргэн хүн нийтийн сайн сайхны төлөө татвар төлнө. Хуримтлагдсан татварыг эргүүлээд, нийтийн сайн сайхны төлөө зориулах ёстой юм. Төрд биш, төрийн өндөр албан тушаалтны тансаглалд биш, мөрөөдөлд нь биш.
Тиймээс “Нийтийн санхүүг Үндсэн хуулийн хамгаалалтад аваач” гэж би УИХ-ын гишүүдэд байнга хэлж байгаа. Татвар, даатгалаар хуримтлагдсан мөнгийг төрөөс өөрөөс нь хамгаалах ёстой. Төрийн өндөр албан тушаалтан буюу улсын төсвийг зарцуулах эрхтэй этгээдээс хамгаалах систем бол нийтийн санхүү. Нийтийн санхүүгийн нэг том субьект бол банкны систем. Төв банк буюу мөнгөний бодлого барьдаг байгууллага Үндсэн хуулийн хамгаалалттай болж, эрх мэдэлтнээс зайгаа баривал зөв болно. Нөгөө талаас даатгал бол нийтийн хуримтлуулсан мөнгө. Энэ 3 системийг төрөөс хамгаалах ёстой юм. Энэ 3 системийн үндсэн функц нь хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах юм. Тэгээд логикоороо цаашаа үргэлжилнэ. Анхны философи худлаа учраас түүнийгээ зөв болгохоос татварын шинэчлэл эхлэх хэрэгтэй байна.
Монгол бол Дэлхийн татварын бодлогыг гаргадаг улс байлаа шүү дээ. Монголын Эзэнт Гүрэний үед татварын шударга систем үйлчилж байсан. Татварын систем маш сайн ажиллаж байсан. “Улс байвал татвар байна” гэдэг чинь тэндээс үүсэлтэй үг байхгүй юү. Гэтэл татварын философи гэдэг маш чухал юмаа Сангийн яам нуугаад, аваад үлдчихлээ.
–Та татвар, гаалийн ажиллагсдыг цомхтгох хэрэгтэй гэсэн. Татварын цахим систем үр дүнтэй ажиллаж байгаа болохоор төрийн данхар байгууллагуудыг цомхон болгохыг дэмжиж байна.
-Татвар, гаалийн байгууллагын орон тоог шууд 50% цомхтгох хэрэгтэй. 1997 оноос хойш ГЕГ улсын төсөв бүрдүүлдэг газар болсон. Сангийн яам шиг. Ингээд үндсэн ажлаа хийхээ больсон. ГЕГ-ын бүрдүүлдэг татварын 80% нь НӨАТ, ОАТ байдаг. Асар их мөнгө тэнд эргэлдсэнээр авлига, хахуулийн том систем болж хувирсан. Хэрвээ нягтлан бодох бүртгэлийг мөнгөн суурьтай болговол үйлчлүүлэгчид гаалийн татвараа төлөөд л, бараагаа оруулаад ирнэ. Зараагүй барааныхаа НӨАТ, ОАТ-ыг гааль дээр төлөх гэж авлига өгөх шаардлагагүй.
Гаалиар оруулж ирж буй барааны хэмжээ НӨАТ-ын системийн ачаар тодорхой болсон. Үүнийг сая буцаагаад салгачихлаа. Нэг байвал хэрэгтэй. Үүнийг хэн эсэргүүцсэн бэ гэвэл ГЕГ. Системийн том өөрчлөлт хийе гэхээр ТЕГ, ГЕГ хоорондоо мөргөлдөөд, зодоон болсон.
-Гаалийнхан гааль дээр НӨАТ, ОАТ авахыг хүснэ л дээ.
-Өнөөдөр татварын 2000, гаалийн 2000 байцаагч хэрэггүй. Тус бүрээс нь 1000-ыг халж болно. Технологийн систем, иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын үр дүнд тэдний хийх ажил багассан. Энд хэрэггүй хүн маш олон байна. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн жил гааль дээр гарсан зөрчлийн тоог хараарай. Асар өндөр. Дараа жилээс нь бараг зөрчилгүй болсон. Гааль дээр үүссэн асуудлаа бүгд өөр юмаар шийдэж байна. Хэрвээ прокурорт очвол гай л болно. 7 хоног бараагаа хүлээх үү, гаалийн байцаагчтай наана цаана яриад, ажлаа хурдан амжуулах уу? Энэ бол амьдрал.
Татварын байгууллага одоо илүү 2000 хүн тэжээх хэрэггүй.Тэдний оролцоогүйгээр, иргэдийн оролцоотойгоор татвар бүрддэг болсон шүү дээ. Ийм үед татварын байгууллагыг цэгцлэх ёстой.

-Өмнө нь үүнийг хийж болоогүй юм уу?
-2015, 2019 онд хууль өөрчлөхөд би маш идэвхтэй оролцсон. Тухайн үед Хүрэлбаатар Сангийн сайд байсан. Тэр “Хоёулаа эхлээд, татварын шинэчлэлээ л хийе. Үүн дунд татварын философи, ялангуяа татварын байгууллагын асуудал оруулбал эсэргүүцэх хүн олон. Хүний нөөц рүү хандах л юм бол өргөн барих хуулийн төсөл уначихна” гэсэн. Яагаад гэвэл татварын байгууллага тэр аяараа эрх баригчдын хамаатан садан, найз нөхдөөр дүүрэн.
-Одоо ч тийм л биз дээ?
-Одоо бол би татварын шүүх, байгууллагын оновчлол нэхэж байгаа. Нэлээд ахиу шинэчлэл хийнэ гэж ойлгож байгаа.
-Татварын байгууллагыг шинэчлэхтэй санал нийлж байна. Татварын шүүх харин юу л бол доо. Авлигын, татварын гээд бүгд төрөлжсөн шүүх нэхдэг болох нь уу?
-Сая Ерөнхий сайд “Эдийн засгийн реформ хийх гэсэн чинь шүүх дээр очоод гацчихаад байна” гээд гомдол гаргаад байгаа биз дээ. Ерөнхий сайд бас мэргэжлийн шүүх нэхээд байна. Би тэгж ойлгож байгаа. Эрхзүйгээр мэргэшсэн хүмүүс л шүүгч болж байгаа шүү дээ. Манай улс жил бүр өчнөөн эрхзүйч бэлтгэдэг. Татвар, санхүүгийн эрхзүй үзэх оюутнууд наад зах нь макро, микро эдийн засгийн 3, 3 цагийн кредит цуглуулах ёстой. Ажиллах ертөнцийнхөө суурь ухагдахууныг авсны дараа тэр эрхзүйгээ үзэх хэрэгтэй л дээ.
-Татвараар мэргэшсэн шүүгч хэр олон байгаа юм бэ?
-Байхгүй. Шүүх мэргэшээгүй учраас өнөөдөр асуудал гарч байна. Сая нэг эмчийн асуудал гарлаа даа. Анагаах ухааны мэдэгдэхүүнтэй, анагаахын процест болдог юмыг мэддэг шүүгч л тэр асуудлыг шүүх ёстой. Түүнтэй адил бид татварын шүүх нэхэх эрхтэй. Үндсэн хуульд ч “Тусгайлсан шүүх байгуулж болно” гэж байгаа.
Бид шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Татварын маргаан таслах зөвлөл гэж шүүхийг орлосон нэг бүтэц бий.
-Энэ зөвлөлөөр дамжихгүй л бол шүүх хүлээж авдаггүй. Хүнийг шүүхэд очуулалгүйгээр, асуудлыг наана нь аргалдаг. Хүний эрхийг эдлүүлдэггүй. Даатгал дээр ч тэгдэг. Хэнд нь хандахаа иргэн өөрөө сонгодог байх хэрэгтэй биз дээ?
-Энэ зөвлөл 9 гишүүнтэй. 6 нь Сангийн яамных. 3 нь татвар төлөгчдийн нэрийг ашигладаг, ТМЗН ч гэнэ үү, мэргэшсэн зөвлөл ч гэнэ үү. Өөрсдийгөө төр гээд ойлгочихсон хэсэг этгээд тэнд бидний өмнөөс очоод суучихсан. Тэд татвар төлөгчийн талд шийдвэр гаргадаггүй. Маргаан таслах зөвлөлийг байхгүй болгож болно. Эсвэл 6 гишүүн нь татвар төлөгчдийг, 3 нь төрийн байгууллага төлөөлдөг болгох ёстой.
2008, 2015 оны Өршөөлийн хуулийн дараа ихэнх аж ахуйн нэгж шууд Захиргааны хэргийн шүүхэд очдог болсон. Гэтэл шударга шүүх гэж юуг хэлдэг юм бэ? Шударга шүүхийн шүүгч нь эдийн засаг, санхүү, бизнесийн магистр байх хэрэгтэй. Бизнесийн орчныг маш сайн мэддэг хүн тэнд ажиллах ёстой.
–Ядаж нягтлан бодох бүртгэл мэддэг хүн байх хэрэгтэй л дээ.
-Өө тийм. Хамгийн наад зах нь балансаа уншиж чаддаг. Шүүхэд хэн хэрэг өгдөг юм бэ?
-Прокурор, цагдаа, АТГ.
-Тэнд бас эдийн засаг, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Ял төлөвлөж буй прокурор доод тал нь магистр цолтой хүн байх хэрэгтэй. Хэрэг бүртгэж буй мөрдөгч ядаж нягтлан бодохын бакалавр байх хэрэгтэй. Шүүх засаглалыг эдийн засагжуулах болж байгаа биз. Тэгвэл шүүх засаглал шударга болно.
Хүн төрөлхтөн ийм шударга зүйл хүсэж, 1802 онд Худалдааны танхимыг анх Европт байгуулсан. Тэнд анх арбитрын шүүх байгуулагдсан. Феодалын нийгэмд татварын хувь хэмжээг хаан тогтоодог. Хаан өөрөө шүүхтэй. Феодалууд бүх баялгийн эзэд байсан. Капитализм үүсээд, 100 гаруй жил болсны дараа бүх баялаг капиталистуудад цуглаж, хаан, феодалууд мөнгөгүй болсон. Тэгэнгүүт хаад, феодалууд хууль ашиглан, дээрэм хийж эхэлсэн. Тэр дээрмээс сэргийлэх, капиталистуудын өмч хөрөнгийг хааны татварын буруу бодлогоос хамгаалах зорилгоор Худалдааны танхим байгуулсан юм. Хааны шүүхийн нөгөө талд арбитрын шүүх байгуулсан. Манай танхимд ийм шүүх бий.
-МҮХАҮТ одоо Засгийн газрынх болох гэж байгаа юм биш үү?
-Булааж авах юм явж байна.
-Аккруэл суурийг өөрчилж, мөнгөн суурьтай болгохыг Та шаардаж байгаа. Яаж ч бодсон мөнгө нь орж ирээгүй байхад, “Ажил, үйлчилгээ үзүүлчихсэн. Чи орлого олчихсон” гэх нь утгагүй л дээ. Нөгөө тал мөнгөө өгөх ч юм уу, үгүй ч юм уу. Шүүхээр заргалдаад, хэдэн жил дамнасан, бөөн асуудал болдог явдал ч бий.
-2005 онд би иргэний хувьд Сангийн сайд Н.Баяртсайханд өргөдөл өгсөн юм, “Нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар НӨАТ бүртгээд, том гажиг үүсгээд байна. НӨАТ мөнгөн суурьтай байх ёстой” гэж. 14 хоногийн дотор надад шуурхай хариу өгсөн ч бултсан юм байсан. Тэр үед манай улсын ня-бо бүртгэл олон улсын системд шилжиж байсан үе л дээ. Мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн институт гэх мэт янз бүрийн гоё нэртэй юм байгаа биз дээ. Тэд буруу бүртгэл ашиглаж байгааг хэлээгүй.
-Яагаад?
-НӨАТ-ынхаа мөн чанарыг өөрсдөө ойлгоогүй байхгүй юү. Мэргэжлийн нэртэй нөхөд өөрсдөө ч энийгээ мэдэхгүй 20 гаруй жил явуулчихсан. Үүний сонгодог жишээг хэлье. 1997 онд НӨАТ-ын хууль батлахдаа “10 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгч байна” гэсэн заалт оруулсан. 10 сая бол тэр үед асар их мөнгө байлаа. Мөнгөний ханш унасаар, 3 жилийн дараа 10 сая нь 1 сая шахам болсон. Үүнээс болоод манай аж ахуйн нэгжүүд бүгд 10 сая доогуур шургасан.
-Тэгсэн.
-10 гаруй компанитай хүн байлаа шүү дээ. Татварын хуульд төгрөгийг тоогоор тавих нь маш буруу байдаг. 6 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж 25% татвар төлж байгаа. 2019 оны 6 тэрбум өнөөдөр 12 тэрбум болчхоод байна. Тиймээс ийм тооны оронд томьёо оруулдаг юм.
НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн сууриар тооцоогүйгээс болоод аж ахуйн нэгжүүд томроогүй. Мөнгөн суурьтай болгоход энэ алдаа засагдана. Ингэвэл НӨАТ-ын хууль дахиад 1 том дэвшил авчирна. Энэ системийг ашиглаад, нягтлан бодох бүртгэлийг мөнгөн суурь луу шилжүүлэхэд ямар ч асуудал байхгүй. Тэгвэл орж ирээгүй мөнгөндөө тайлан гаргахгүй болно.
Эцсийн хэрэглэгч болох иргэн хүн л НӨАТ төлдөг. Аж ахуйн нэгж суутгагч. Суутганы асуудлыг мөнгөн сууринд оруулаагүйгээс болоод аж ахуйн нэгж өөрөө төлж байгаа юм шиг болсон.
Монголын иргэд бүгд нийлээд сард 1.5 их наядын цалин авлаа. НДШ-д компанитайгаа нийлээд, 26% төлнө. ХХОАТ 10% төллөө. Даатгал нийлээд 36%-ийг нь суутгуулаад, цэвэр мөнгөө авлаа.
-Гэтэл дэлгүүрээс талх авахдаа НӨАТ 10% төлдөг. Уг нь би бүх татвар, даатгалаа төлчихсөн. Гар дээр авсан цалингийн маань 10%-ийг дахиад НӨАТ гэж авдаг.
-Ийм учраас би “Иргэнд буцааж өгөх НӨАТ-ыг 50% болго” гээд байгаа юм. Энэ чинь шударга ёсны зарчим. Иргэд ийм мөнгө буцааж авах эрхтэй. Яагаад гэвэл 9 жил дараалан, Монгол Улсын татварын орлогыг иргэд цуглуулж, давуулан биелүүлж өглөө. 2024 онд гэхэд татварын орлого 5.6 их наядаар давж биелсэн. Энэ боломжийг иргэд тавьж өгсөн. Үүнд Сангийн яам, ТЕГ-ын оролцоо байгаагүй. 3 сая иргэн л оролцсон.
2-рт, НӨАТ мөнгөний урсгалыг зохицуулдаг. Улаанбаатарын гадна мөнгө урсгая гэвэл хөдөөнөөс бараа, үйлчилгээ авахад НӨАТ-ын 60%-ийг буцаан өгч болно. Орон сууц, хашаа байшин, гэр худалдаж авахад төлсөн НӨАТ-ыг бүгдийг нь буцааж өг. Ингэж хүмүүнлэгийн бодлогоо зохицуулах ёстой. Үүнийг хийх бололцоо өнөөдөр бүрдчихсэн.

2015 онд НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд НӨАТ-ын 20%-ийг буцааж өгөхөөр болсон. 2016.01.01-нээс энэ систем ажиллаж эхэлсэн. НӨАТ-ын хуулийг 1997 онд баталж, 1998.01.01-нээс хэрэгжин, 1998-2015 онд үйлчилсэн. Тэр үед энэ хуулийн үндсэн философи, мөн чанарыг таниулаагүй. Өмнөх хуулийн алдаануудаас болж, аж ахуйн нэгж жижгэрэх, татвараас зугтах зэрэг үзэгдэл гарсан. Үүнийг 2015 онд засах гэж оролдсон. Тухайн үед Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын, ХХОАТ-ын, ААНОАТ-ын тухай хууль бүгдийг шинэчлэх концепц орж ирсэн. Гэтэл ганцхан НӨАТ-ын хууль батлагдаад, бусад нь батлагдаагүй. Иргэдийн дэмжлэгтэйгээр бүртгэлийн, хяналтын маш том систем ажиллаж эхлэх гэж байсан учраас түүний наана бүх хуулиа уялдуулж, логик холбоогоор холбох байсан юм. Жишээ нь: 2016.01.01-нд НӨАТ-ын баримтаар дамжуулан бүртгэж эхлэнгүүт жижиг, дунд аж ахуй эрхлэгчид хяналтад орж эхэлсэн.
-Тэгсэн.
-Үүнээс гарахын тулд 2019 онд батлагдсан ААНОАТ-ын хуулиар 1.5 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж ААНОАТ-аа төлбөл 90%-ийг нь буцааж өгч байгаа. Энэ буцаалт болон иргэдэд буцаан өгч буй НӨАТ-ын 20%-ийг баланслуулах байсан юм.
-Тухайн үед тэгж чадаагүй. Одоо тэгээд яах вэ?
-Татварын хуулийг шинэчлэхийн өмнө фармат хийх буюу Өршөөлийн хууль гаргадаг. Татварын өмнөх систем зогслоо. Систем шинэ гараанаас эхлэх учраас Өршөөлийн хууль гаргадаг. 2015.08.07-нд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан шүү дээ. Үүгээр 17 мянган аж ахуйн нэгж 34 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээний орлогоо ил гаргасан.
Татварын орлого 2016.01.01-нээс өнөөдрийг хүртэл жил бүр 15-20% давж биелсэн. Ковидын 2 жилд ч татварын орлого давж биелсэн. 3 сая иргэнийхээ тусламжтайгаар, аж ахуйн нэгжийн маш сайн хөрөнгө оруулалтаар хамтдаа ийм том систем бий болгосон. Энэ системийн голд цаглаврын ялгаа гарч ирсэн.
-Энэ бүхэн Өршөөлийн хуультай ямар хамаатай юм бэ?
-Яагаад би үүнийг Өршөөлийн хуультай холбож яриад байна вэ гэвэл, НӨАТ-ын шинэчилсэн хууль 2016 оноос хэрэгжсэн байхад, араас нь 4 жилийн дараа 2020.01.01-нд Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын, ААНОАТ-ын хууль гарсан юм. Энэ хооронд маш их зовлон бий болсон. Хуулиуд зэрэг хэрэгжээгүй тул системийн ялгаа гарсан. Тиймээс Өршөөлийн хууль гаргаж, тэнцүүлье гэж байгаа юм.
-НӨАТ-ын хуулийг шинэчлэхийн хамгийн том ашиг юу вэ?
-Төр өөрөө авлигаас сална. НАӨТ-ын цахим систем ажиллаж эхэлснээр нийтийн санхүүгээс завших, авлига авах явдал улам хумигдаж байгаа. Үүнийг сонгодог утгаар нь биелүүлье гэвэл төр өөрийнхөө НӨАТ-ыг 100% буцаагаад авчих. Төрийн урсгал зардал, төсвийн хөрөнгө оруулалт, цалингийн санг хасвал 21 их наяд төгрөг. Энэ мөнгөө төр буцаагаад авчих. Ингэвэл авлига байхгүй болно. Төрийн дараа жилийн орлогын үндсэн суурь нь өмнөх НӨАТ-ын буцаалт. Түүн дээр суурилахаар бүх баримт НӨАТ-ынх болно. Тендер зарлалаа. 10 тэрбумын тендерт НӨАТ нэмбэл 11 тэрбум болно. Тендер зарласан төрийн байгууллага 1 тэрбумыг буцааж 100% авна. Тэгэхээр 11 тэрбумын бүх баримт тэнд очих ёстой. 7 тэрбумын баримт ирвэл үлдсэн 4 тэрбумд нь 90%-ийн татвар тавьж болно. Ингэвэл буруу бүртгэл, луйвар байхгүй болно. Одоо бол цавчаа 10% авч байна. Энэ чинь хяналтын системд оруулахгүй байгаа юм. Төр өөрийнхөө НӨАТ-ыг буцаагаад авахад л авлига, бузар булай бүгд байхгүй болно. Системийн өөрчлөлтөөр ийм юмнаас салдаг байхгүй юү. Үүнийг Ерөнхий сайд хийх гэж байгаа байх. Яагаад гэвэл “Авлигатай тэмцье” гэж байгаа бол энэ системийг л хийх хэрэгтэй.
–Ерөнхий сайд үүнийг хийх болов уу?
-Хийхгүй бол өөрөө л хохирно шүү дээ. Тендер, санхүүгийн баримтыг НӨАТ-д суурилах журам гаргачихсан байгаа. Ер нь их шахаанд орчихсон байгаа шүү. Үүнийг хэн эсэргүүцэж байна гэвэл нөгөө л тендер, концесс хамдаг 5000 компани, 30 мянган иргэн. Тэд үүнийг эсэргүүцээд, хяналтад орохгүй гээд чарлаад байгаа юм.
–Нөгөө л төр тойрсон улстөрчдийн халаасны компани, хүмүүс биз дээ?
-Яг тийм. Шударга ёсны төлөө үүнийг хийх ёстой. Татвар төлөгчид өгсөн татварынхаа зарцуулалтыг хянах, нэхэх ёстой. Төр их нигүүлсэнгүй загная гэвэл аж ахуйн нэгжийн өөрийнх нь худалдан авсан бараа, үйлчилгээний НӨАТ-ын 20%-ийг буцаагаад өгчих.
-Зөвхөн өөрийнх нь худалдан авсан.
-Манай компани гэхэд ус, цахилгаан, дулаан хэрэглэж байна. Энэ бүхэнд НӨАТ төлдөг. Ийм 4 юм хийхэд л супер өөрчлөлт гарна даа.
2001 онд Н.Энхбаяр гуай Ерөнхий сайд байхдаа худалдаа, үйлчилгээнд кассын машин ашиглах хууль гаргуулсан. НӨАТ-ын цахим систем нэвтрүүлж эхэлсэн 2016.01.01-нд манайд 1600 кассын машин, 14.000 пос байсан. 2023.12.31-ний байдлаар 305 мянган цэгт НӨАТ-ын баримт шивж байна. 1600 касс чинь 305 мянга болсон. Түүгээр 1 тэрбум 60 сая ширхэг баримт хэвлэсэн. Компани хоорондын давхардсан тоогоор шүү. Үнийн дүн нь 183 их наяд төгрөг. 2023 онд ДНБ 70 их наяд байлаа. Үүнээс 2.3 дахин их мөнгө байгаа биз. Ибаримтын систем нэвтрүүлэхэд компаниуд 500 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Төр бол 9 жилийн хугацаанд НӨАТ-ын системд миний тооцоогоор 30 тэрбум төгрөг л зарцуулсан. Сангийн яам, ТЕГ 1 том улсын үйлдвэрийн газраа нуучихсан.
-Юун газар?
-Сая УИХ-д ч, ард түмэнд ч танилцуулсангүй. 2014 онд Сайханбилэгийн Засгийн газрын үед НӨАТ-ын УҮГ гэж байгуулсан юм. Одоо Санхүүгийн мэдээллийн технологийн төв гэдэг нэртэй болсон. Төв цэнгэлдэхийн дэргэд байрладаг. Энд 2014 оноос 42 программист ажиллаж, НӨАТ-ын системийг ажиллуулдаг. Үүнд З.Энхболд даргын үүрэг маш их бий. Солонгос, Тайландаас НӨАТ-ын систем авъя гэтэл 30-50 сая доллар нэхсэн. З.Энхболд дарга “Монгол программистуудаа ажиллуулъя” гээд 42 залуу авч, 2014-2015 онд жилийн хугацаанд том дата бааз үүсгэж, НӨАТ-ын цахим систем хийсэн. Үүнд нийт 4 тэрбумын зардал гарсан. Цалин 2 тэрбум, тоног төхөөрөмж 2 тэрбум. 2016.01.01-нд энэ систем ажиллаж эхлэнгүүт нөгөө 1600 касс чинь 100 мянга, жилийн дараа 200 мянга, өнөөдөр 350 мянга болсон байгаа. Үүний цаана программын 26 компани, тэр 42 программист залуу байгаа юм. Дээр нь бүх иргэн, аж ахуйн нэгж пос машин худалдаж авах, кабель татуулах, интернэтэд холбогдох гээд 500 тэрбумыг гаргаж, улсаараа ийм том систем хийсэн. Ийм систем бий болсон байхад Сангийн яам, ТЕГ олж харахгүй байгаа юм даа.
-Татварын шинэчлэл гэх мөртлөө шальтай юм юу ч ярихгүй байна. ХХОАТ-ын талаар дуугарсангүй. Иргэд энэ талаар ямар ч мэдлэггүй болохоор дуугардаггүй. Арай дөнгүүр мэдлэгтэйгээрээ компанийн эзэд л дуугарч байна. Гэхдээ эзэд өөрийнхөө төлөө дуугарна уу гэхээс ажилчны төлөө дуугарахгүй л дээ.
-Яагаад манай иргэд татвараа сайн ойлгодоггүй вэ гэхээр төрийн албан хаагчдад татвар өгч байна гэж ойлгосон. Иргэдээ зах зээлийн систем, татварын онол, хэрэглээнд төр сургах ёстой. Үүнийгээ хийгээгүй.
-Хийх хүсэл ч байхгүй л дээ. Хийх ч үгүй.
-Социалист нийгэмд хүн аж ахуй эрхэлж болохгүй, хувиараа хөдөлмөр эрхэлбэл, ашиг олбол шоронд орно. Өмчтэй байж болохгүй. Тэр үед төр татварын системээрээ энэ бүхнийг боож чаддаг байсан юм. Тэр систем 1992 онд Монголд ороод ирсэн. Тэр үед иргэд аж ахуй эрхлэх боломжоо Үндсэн хуулиар олж авсан. Тиймээс иргэнээ аж ахуй эрхлэхэд нь саад болохгүй татварын хууль батлах ёстой байлаа. Гэтэл тэгээгүй. Хэн 45%-ийн татвар төлөх гэж ажиллах юм. П.Жасрайгийн Засгийн газрын татвар бол социализмын үеийнх. Социализм улсын үйлдвэр, хувь хүний орлогоос 40% татвар авч байж, нийгмийн хэрэгцээг хангадаг байсан. Улсын үйлдвэрт юм үлдээх шаардлагагүй, бүгдийг нь хуу хамдаг. Тэр сэтгэлгээгээр одоо хүртэл яваад байна.
ХХОАТ-ын хуулиар иргэн хүн эдлэх 22 зүйлийн хөнгөлөлт, чөлөөлөлт бий. 1992 онд ч байсан.
-Тийм олон уу? Ёстой мэдэхгүй. Орон сууц, оюутны хөнгөлөлт гэж л сонссон.
-1992 оны ХХОАТ-ын хуульд хөнгөлөлт чөлөөлт байсан шүү дээ. Мэдээлэлд, төрд ойрхон улсууд нь 2006 он хүтэл их мөнгөө угаахын тулд тэрийг ашигласан.
-За, тэгж л таарна.
-Тэр 22 хөнгөлөлт, чөлөөлөлт, НӨАТ-ын буцаалт дээр Сангийн яам, ТЕГ-ынхны коммунист арга барил гарч ирдэг. Юм буцаана гэнгүүт айдаг. НӨАТ-ын энэ бэлэн систем дээр тоглолт хийхийг би Ерөнхий сайдаас хүсээд байгаа юм. Авлигаа ч устгаж болно. Мөнгөний урсгалаа ч зохицуулж болно. Бүрэн эрх нь байна. “Та ноотоо уншиж чадаж байвал сайхан удирдаач ээ! Ноотыг чинь уншуулахгүй байх юм доогуур чинь хийгээд байна шүү. Сангийн яам, ТЕГ нэртэй улсууд”. Үе үеийн Ерөнхий сайд нарыг тэгж малладаг байсан юм, энэ этгээдүүд. Манай удирдаач нар ноотоо ойлгохгүй байх тохиолдол их байдаг л даа.
-Би орон сууц худалдаж авчхаад, ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх гэтэл баахан баримт нэхсэн. Бүрдүүлж өгч чадаагүй. Баргийн хүн барахааргүй баримт нэхдэг юм байна лээ. ХХОАТ-ыг надад баримт өгөхгүй авчхаад, буцааж өгөхдөө яагаад баримт нэхэж байгаа юм бэ? Ингэж болохгүй ш дээ.
-Манай 1 сая иргэн НӨАТ-аас жилд 300 тэрбумыг буцаан авч байгаа. Үүнд 1 ч баримт шаарддаггүй. ХХАОТ-ыг үүнтэй адил буцаах ёстой. Жилд 1 удаа авах байтал сар бүр цалингаас чинь дээрэмдээд байгаа биз дээ. ХХОАТ-ын 22 хөнгөлөлт, чөлөөлөлтийг танай нягтлан шууд танд буцааж өгөх ёстой. Яагаад өгдөггүй вэ гэхээр хүнд мөнгө буцааж өгнө гэхээр коммунист Сангийн яам чичирдэг. Үүнийг буцаалгалгүй явсаар байтал ХХОАТ-ын хууль хэрэггүй цаас болчихсон.
Энэ асуудлыг би хөөцөлдөж явсан. 2005 онд манай “Үндэсний соёмбо” хөдөлгөөн байгуулагдсан. 2005.08.16-нд УИХ иргэнд орон сууц НӨАТ-гүй зарах хууль баталсан. Тухайн үед барилгын салбар уналтад орсон үе. Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан барилгын салбарыг босгохын тулд 2 хууль батлуулсан. 1 нь барилгын тоног төхөөрөмжийг, нөгөөх нь барилгын материалыг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай. 3, 3-хан заалттай. Гол нь иргэнд НӨАТ-гүй байр зарах заалттай. 2 жилд 110 сая долларын байр зарагдсан, 4000 иргэн худалдаж авсан. Тэр үед НӨАТ 13% байв. Тэд 11 сая доллар буцааж авах боллоо. Тэдний 500 нь бидэнд өргөдөл өгсөн. Тэгээд би Сангийн яам, ТЕГ-аар явсан. Тэд үүнийг оройлон эсэргүүцсэн, УИХ-тай нийлээд.
-Хууль батлагдчихсан байхад хэрэгжүүлэхгүй гэж эсэргүүцэж байгаа юм уу?
-Тэд 110 сая долларын биш, 30 сая долларын тайлан хүлээж авсан байгаа юм. Учир нь 1-рт, компаниуд үнэнчээр бүртгүүлээгүй. 2-рт, тухайн үед М.Энхболд тэргүүтэй газар зардаг этгээдүүд газар дээрээ байшин барьж эхэлсэн юм. Үүнээс юу үүсэв гэхээр 110 саяын байр авсан 4000 иргэний тайлан гарч ирээгүй. Сангийн яам үүнийг оройлон эсэргүүцэж, их хойшлуулсан.
Иргэд 50 саяар 2-3 өрөө байр авч байлаа. Гэтэл гэрээн дээр талбайн хэмжээтэй холбоотой асуудал гарч ирсэн. Иргэний хуульд байрны талбайн хэмжээг заасан байдаг. Гэрээг Иргэний хуулиар байгуулдаг. Уг талбай нь тухайн үеийн БХБ-ын сайд Ж.Наранцацралтын үед гаргасан журамтай зөрсөн. Тэгэхээр нь бид НАӨТ буцааж авах ажлаа зогсоогоод, Захиргааны хэргийн шүүхэд хандан, Ж.Наранцацралтын журмыг жилийн дараа хүчингүй болгуулсан. Тэгтэл байрны талбайн хэмжээ зөрөөд эхэлсэн. 60 ам метр талбай худалдаж автал хэмжихэд 55 байсан. Хананы голоос хэмжинэ, тагт талбайд орно орогүй гээд бөөн хэрүүл болоод… Үүнийг шийдэх гэж 2 жил явсан. Энэ хооронд байрны үнэ 2 дахин өссөн. 50 саяар авсан 3 өрөө байрны үнэ 110 сая болсон. Компаниуд иргэдийг НӨАТ-ын баримт авах гэхэд нь “Гэрээгээ цуцалъя. Байраа буцааж авъя” гэсэн. 5 саяыг буцааж авах гэсэн биш, байраа буцааж өгөх болсон. Ингээд бүх иргэн өргөдлөө татсан.
-Нэг ч хүн НӨАТ-гүй байр авч чадаагүй юу?
-Ганцхан иргэн надтай хамт эцсийг нь хүртэл явж, НӨАТ-аа буцааж авсан шүү. Сүүлд нь дэд сайд болсон. НӨАТ-ын талаар маш сайн ойлгож, энэ системийг бий болгоход, маш сайн оролцсон хүн. Манайхан шударга ёсны төлөө гэдэг мөртлөө өөрт нь ашиггүй болоод ирмэгц зугтдаг.
ХХОАТ дээр том алдаанууд бий. Орон сууц худалдаж авсан бол хөнгөлөлт эдэлнэ гэдэг бол Улаанбаатарт зориулсан хууль. Хөдөө амьдарч байгаа иргэдэд хөнгөлөлт өгөхгүй болчихсон. Уг нь орон сууц гэдэгт хашаа байшин, гэр орно. Энэ асуудлаар П.Очирбат гуайг байхад, ҮХЦ-д хандсан. П.Очирбат гуай УДШ-ээр тайлбар гаргуулсан байх аа, “Орон сууц гэдэгт хашаа байшин, гэр орно” гээд. Гишүүний тогтоол гаргуулсан. Одоо ч хүчинтэй байгаа. Гэтэл 1 ч хүнд хөнгөлөлт өгөөгүй. ҮХЦ, УДШ-ийн тайлбартай уялдуулж, Сангийн яам хуулиа засах ёстой. Хуулиар иргэнд олгосон давуу талыг Сангийн яам, ТЕГ эдлүүлэхгүй байгаа биз дээ. Энэ бол иргэндээ үйлчлэхгүй байгаагийн тод илрэл. Орон сууцанд ХХОАТ буцаан авч чадахгүй бол малын хөлийн татвараас чөлөөлөгдөх ёстой.
-Тийм боломж байдаг юм уу?
-Бий. Татварын хуульд 1 үг байсан юм. 2019 онд Татварын хууль өөрчлөхөд, манай татварынхан сэмхэн засчихсан. “Өөрийн болон үрчилсэн хүүхдийн дотоод, гадаадын дээд сургуульд төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдэлнэ” гэж. 11 саяын төлбөр төлсөн бол 10 саяыг татвараас хасах ёстой байхгүй юү. Гэтэл манайх орлогоос хасаад байгаа. Танд 10 саяыг биш, 1 сая төгрөг л буцааж өгөөд байгаа. Уг нь бүтнээр нь буцаах ёстой байсан юм. Хуульд байгаа иргэнд ашигтай заалтыг ч хэрэгжүүлдэггүй, иргэн ч тэрийгээ мэддэггүй. Гэтэл танай нягтлангаар дамжуулаад, сар бүр ХХОАТ авдаг. Танай нягтлан яагаад энийг буцааж өгч болдоггүй юм. Үүнийг би хэрэгжүүлэх зорилго тээж яваа.
-Заавал хэрэгжүүлэх ёстой, шаардах ёстой заалт байна. Манай төрийн албан хаагчид гадаадын өндөр хөгжилтэй орноор жишээ татаж байгаад, “Тэр улс ийм өндөр татвартай. Манай татвар бага” гэж иргэдийн тархийг угаадаг.
-ХХОАТ-ыг гэр бүлийн гишүүний тоонд хуваах ёстой юм. Үүн дээр шударга ёс гарч ирнэ. 5 хүүхэдтэй айлын 2 хүн цалингаараа 7 хүн тэжээнэ. 1 хүүхэдтэй айлын 2 хүн цалингаараа 3 хүн тэжээнэ. Ялгаа байгаа биз дээ. Маш их ялгаатай. Гадаадын ихэнх улс ингэж гэр бүлийн гишүүний тоонд нь хуваадаг. Таны цалинг жилийн эцэст бодоод, гэр бүлийн гишүүний тоонд хуваалаа. 1 хүнд ногдох мөнгө нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байвал бүх мөнгийг буцааж өгдөг. Шударга ёс гэдэг чинь энэ.
Сангийн яам яагаад ХХОАТ-ын хуулийг оруулж ирэхгүй байна вэ гэвэл шударга ёсноос айж байгаа юм. “Монгол татвар багатай” гэж тархи угаадаг. АНУ-ынх өндөр. Гэхдээ татварын бааз суурийн 80% нь хувь хүний талд байдаг. Иргэд 1044 гэдэг маягт 4-р сарын 1-нд бөглөөд, жилд өгсөн 44 мянган долларын татварынхаа 39 мянгыг буцаагаад авдаг. Ямар ч хүнд сурталгүй буцааж өгдөг. Татварын жинхэнэ зөвлөгөө өгдөг санхүүгийн компаниуд тэнд ажилладаг.

Хувь хүнтэй холбосон татварын системийн давуу тал нь хүн үхчихгүй л бол тэр татвар байнга байдаг. Аж ахуйн нэгж дампуурчхаж магадгүй. Тайлангаа өгөхгүй бол, алга болчихвол яах юм. Татвараас бултах аргыг Монголын сүүлийн 30 жилийн түүх хэлээд өгнө.
-Гэтэл манайд хөнгөлөлт буцааж авна гэдэг бол залхаан цээрлүүлэлт. Өгөхгүй л гэдэг юм билээ.
-НӨАТ буцааж өглөө гээд улс юугаар хохирсон юм. ХХОАТ-ыг ч буцааж өгөх ёстой. Цаагуураа татварын системээ өргөтгөх, нууц орлого илрүүлэх л зорилготой ш дээ.
-Та НӨАТ-ын сугалаанд хожсон уу?
-Хожоогүй. Хожсон гэвэл намайг хардах байлгүй. НӨАТ-ын буцаалтыг сугалаатай хамт хийснээр гайхамшиг бүтээсэн шүү. Ч.Хүрэлбаатар сайд сугалааг 1 сар зогсоосон чинь НӨАТ бичилт 30% багассан. Тэгээд сандраад, буцаагаад сугалаатай болгосон доо. Сугалаагүй бол НӨАТ-ын систем байхгүй болно. Энэ бол системийнхээ давуу тал, ашиг тусыг Сангийн яам, ТЕГ хүмүүст сурталчлаагүйн гай. 2-рт, НӨАТ-ын системийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийсэн юм. Тиймээс МАН-ынхан 2016 оны хавар “Сонгуулийн хар машин, НӨАТ-ын машиныг шатаана” гээд жагссан. Түүн дотор Жавхлан ч явж байсан байх. Манай МАН-ын хэсэг сэгсэлзүүрүүд тэр дотор орчихсон, НӨАТ-ын машин шатаах гээд зогсож байсан. 2016 оны 4-р сард би “Өдрийн сонин”-д “МАН-ын хулгайч, худалчууд тэгэхгүй шүү” гэж ярилцлага өгсөн юм. Учир нь НӨАТ-ын системд иргэд дөнгөж хөрөнгө оруулаад эхэлж байхад нь багалзуурдах гэсэн.
-Багалзуурдчихсан бол одоо улсын төсөв хэцүүхэн байх байж дээ. Юун 14 мега төсөл.
-2016 оны 7-р сард МАН хувь заяаны эрхээр засгийн эрх авсан. Тэгсэн мөртлөө “АН-ын хийсэн юм” гээд энэ системийг устгах гэсэн. Үүний сонгодог жишээ бол НӨАТ-ын код бичсэн 2 залууг МАН засаг авсныхаа дараа ажлаас нь халсан. Оронд нь МАН-ын намчин нэртэй цүнх барьдаг 2 баагий очсон. 2 жил юу ч хийж чадаагүй. Тэр чинь мэргэжлийн программистуудын ажил. Энэ хооронд систем доголдож, бөөн сандрал үүсээд, Ч.Хүрэлбаатар сайдтай ярьж байж 2018 онд Батбилэгийг буцааж ажилд нь тавьсан юм.
Батбилэг энэ хооронд зүгээр суугаагүй. ЭМЯ-наас зарласан тендерт шалгарч, эмийн жорыг НӨАТ-ын баримттай холбож өгсөн. Тэгэхэд эмийн хөнгөлөлтөөс 7 тэрбумын ашиг гарсан. Өдөрт 1000 жор бичдэг эмч хүртэл байлаа шүү дээ. Дараа нь эмнэлгийн ор, оношилгоог энэ системд холбоё гэсэн хувийн, улсын 159 эмнэлгийн дарга нар эсэргүүцсэн, ЭМДС-г хяналтгүй хэрэглэж ирсэн процесс нь илэрч эхэлсэн учраас. Д.Сарангэрэл сайд тэрийг нь мэдэхгүй, хяналтад оруулчихсан юм. Тэгээд айнгуутаа зогсоосон доо. Удалгүй ковид гараад ум аа хум болсон л доо.

Батбилэг буцаж очоод, НӨАТ-ын системийг дахин босгосон. Одоо 42 залуу чимээгүйхэн ажиллаж байна. Сангийн яам, ТЕГ-ын ажлыг тэд хийдэг. 10 жилийн ойгоо өнгөрсөн 10 сард даруухан хийсэн. Тэд улс төрийн ямар ч хамгаалалтгүй. Мэргэжлийн ур чадвараар өөрсдийгөө хамгаалж байгаа. МАН-ынхан нугаслах гээд чадаагүй. Мэргэжил, мэдлэг нь хүрэхгүй байгаа учраас ойртож чадахгүй байгаа юм. Би УИХ-ын гишүүдэд хэлдэг, “НӨАТ-ын системийг 9 жил мундаг ажиллуулж байгаа УҮГ-ыг очоод үзчих” гэж. Төрийн ордонд сая болсон НӨАТ-ын хуралд Батбилэг илтгэл тавих ёстой байтал системээ ч мэдэхгүй нэг нөхөр оронд нь ирсэн. Миний зэвүү хүргээд байгаа нь тэр.
-Цар тахлын үед зориулсан өршөөл үзүүлэх ёстой гэж Та ярьж байна. Яагаад заавал өршөөл гэж? Татвараа нуувал өршөөдөг, машины торгуулиа төлөхгүй бол өршөөдөг, хэрэг хийгээд шоронд орвол өршөөнө. Шударга хүмүүсийг урамшуулах юм юу ч байхгүй. Хууль зөрчигчдийг өршөөгөөд байж болохгүй шүү дээ.
-Татвар дээр ярья. 1992 оноос социализмын үеийн маш өндөр татвараар олон компанийг дампууруулсан. Бүх компанийг томруулаагүй. 1992-2006 оны татварын системээ өөрчлөөд, 2007 онд Татварын ерөнхий хууль батлагдсан. Үүний дагуу 2008.01.01-ээс шинэ систем хэрэгжиж эхэлсэн. Татварын ерөнхий хуулийг Ц.Нямдорж гуай засаж байгаад, надад баригдаад, огцроо биз дээ.
-“Орондоо хууль зассан” гээд.
-Татварын хууль засаж байгаад баригдсан байхгүй юү. Татварын хуулийн 1 үг засахад утга нь алдаатай, өөр болчихдог. 16 жил ашигласан системээ цэвэрлэхийн тулд 2007.12.25-нд УИХ хаалттай хуралдан, Татварын хууль, Нийгмийн даатгалын шимтгэлийн хууль гэж 6 сарын хугацаатай супер өршөөлийн хууль гаргасан. Үүнийг маш нууц байдалд баталсан юм. Тэр үед 43 мянган компанийн 2000 нь үүнийг ашигласан. Бусад нь ашиглаж чадаагүй. Тэгэхэд 560 мянган иргэн ХХОАТ-ын тайлан өгдөг байсан атал 2200 иргэн л уг хуулийг ашигласан. Компанийн захирлууд л даа. Тухайн үеийн бүх том компани, захирлуудтайгаа ашигласан. Бусад нь чадаагүй.
-Бусад нь тийм хууль гарсныг мэдээ ч үгүй юм биш үү?
-2008.01.21-нд Татварын өршөөл үзүүлэх хууль гарсан. Энэ бол 2 тусдаа асуудал. 1 хуулиар нь аж ахуйн нэгжүүдийн баригдаагүй гэмийг цайруулсан бол нөгөө нь баригдаад, тавиулсан акт, ял шийтгэлийг цайруулсан. Энэ 2 хууль зэрэг хэрэгжсэн. Үүнийг хүмүүс андуурдаг. Нөгөө 6 сартай хуулийн хугацаа 2008.07.01-нд дууссан. Тайлангаа өгсөн бол бүх асуудлаас чөлөөлсөн. 16 жилийн турш 2 өөр тайлан хөтөлж явсныгаа ингэж 1 болгож, 4.5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний 5.7 их наяд төгрөгийн далд татвар ил гарсан. Тэр үед доллар 1100 төгрөг хавьцаа байв. Оюутолгойд тэр үед 3 тэрбум доллар ороод, манай эдийн засаг бүүм болсон. Дараа нь би Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх хийлээ шүү дээ. Тэр үед эдийн засаг 17% өссөн. 2008 оноос хойш татварын өөрчлөлт, ил гарсан орлого, Оюутолгойн хөрөнгө оруулалтын үр дүнд манай эдийн засаг өссөн юм. Судлаад үзэхээр нөгөө өршөөлийг ашигласан 2200 компанийн орлого 2008-2011 онд 3-5 дахин нэмэгдсэн байсан. Тэр супер хуулийг ашиглаж чадаагүй 41 мянган компанийн орлого дунджаар 2-3 дахин унасан байдаг юм.
-Яагаад?
-Өршөөлд хамрагдаж, 2 тайлангаа 1 болгосон 2200 компани зах зээлд шилжчихгүй юү. 2 тайлантай компаниуд зах зээлээс хоцорсон. Орлого нь багасан, зах зээлээс шахагдсан. Би “Соёмбо” хөдөлгөөний гишүүн байж байгаад, МАН-д орсон гол шалтгаан бол татварын системийг өөрчлөх байлаа. Тухайн үед хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд нь С.Батболд, Шадар сайд Алтанхуяг байсан. Тэгэхээр би Ерөнхий сайдтай л ярина биз дээ. Татварын бодлого, систем өөрчлөх нь Ерөнхий сайдын чадлын ажил байдаг юм. С.Батболдтой системийн өөрчлөлт хийх гээд чадаагүй. 2012 оны сонгууль болсон. МАН ч, би ч унасан. 2013, 2014 онд эдийн засаг хямарсан.
2014 онд надад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болох хувь заяа ноогдож, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нартай хамтарч, 2015 онд маш хурдан Эдийн засгийн өршөөлийн хууль батлуулсан. Эрдэс баялгийн салбар тэр үед Дэлхий даяар 40% нь унасан шүү. Уул уурхайн маш олон компани дампуурсан. 2017 онд эдийн засаг өссөн учраас бид маш их мөнгө уул уурхайд оруулсан, утоп төсөв баталсан байсан юм. Бүгд нурсан. Компаниудаа дампууруулахгүйн төлөө улсаараа тэмцсэн. Уул уурхайн компаниуд нэг унахаараа юутай хээтэй нь бүгдийг чирэх гээд байдаг. Өсөхөөрөө өөрсдөө тэнгэрт гарчихдаг. Зовлонтой.
-2008 оны өршөөлийн хуулийг ашиглаж чадаагүй компаниудад зориулж, 2015 онд Эдийн засгийн өршөөлийн хууль батлуулсан гэж үү?
-2015.08.17-нд онд Эдийн засгийн ил тод байдлын хууль гаргасны гол шалтгаан нь 2016.01.01-нээс аж ахуйн нэгж, иргэдийг НӨАТ-ын маш том хяналтад оруулах гэж байсантай холбоотой. Татварын тайлан өгсөн, өгөөгүй 3 сая иргэний тусламжтайгаар хянах гэж байсан.
Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа 2015.08.17-12.31 хүртэл өдөр бүр зурагтаар гарсан даа. Өршөөлөө яриад л. Энэ ажлыг Сангийн яам, ТЕГ хийх үүрэгтэй шүү дээ. Эд ерөөсөөсөө хөдөлдөггүй юм.
2007 онд 6 сартай хууль гарахад би өөрөө палкат хийгээд, Төв шуудангийн өмнө тавиад, “On and Off”-ын С.Ононбатаар реклам хийлгээд, “Та нарт алтан бололцоо олголоо шүү. Ашиглаарай” гээд сурталчилж байлаа ш дээ. 2008 оны 4-р сард би сонгуульд бие дааж нэр дэвшлээ.
Тэр үед 6-хан сарын хугацаатай хууль баталсан байхад Сангийн яам, ТЕГ журмыг нь гаргадаггүй. Хууль дагасан журам гаргахгүй бол хэрэгжүүлж болдоггүй. Журам 4 сарын дараа 4-р сарын 22-нд гарсан. Тэгж балиартаж байгаа юм. Сангийн яам, ТЕГ-ынхан уг хуулийн мөн чанарыг ойлгоогүй. “Баахан амьтан өршөөчихнө” гээд зугтсан. ТЕГ-т уг хуулийн талаар асууж очсон хүмүүст “Лхагважавын реклам. Далд юмаа ил гаргавал дараа нь шалгалт хийнэ. Тэрийг чинь ашиглана” гэж надтай холбож тайлбарлаад, буцаасан. Тэгж хэл гэж дээрээс нь зааварласан.

Би тэр үед тэгж алдсан учраас дахиад алдахгүй гээд 2015 онд зүтгэсэн. ТЕГ-ынхан бас л өөрсдөө сурталчлаагүй. Тэгтэл нэг асуудал гарч ирсэн. Тайлан өгөх хугацаа 2-р сарын 15. 2015 оны сүүлчээр хууль гаргахаар, тайлангаа дараа оны 2-р сарын 10-ны дотор өгөх ёстой. С.Баярцогт үнэхээр сэргэлэн шүү. Маш хурдан хөөцөлдөж, З.Энхболдтой уулзаад, тэр хуулийн хугацааг 2016.02.20 болгож сунгуулсан. Түүний үр дүнд 7000-8000 компани тэр хуульд амжиж орсон. 17 мянган компани 34 их наяд төгрөг буюу 17 тэрбум доллартай тэнцэх хэмжээний орлогоо ил гаргасан. Тэд орлогоо ил бүртгүүлээд, татвараа төлөөд эхэлсэн. Үүний өгөөжийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүртсэн юм шүү дээ.
-Ийм олон удаа өршөөсөн байтал одоо дахиад өршөөх ямар шаардлага байгаа юм бэ?
-УИХ 2019.03.18-нд Г.Занданшатарыг дарга байхад Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын, ААНОАТ-ын хуулийг шинэчлэн баталж, 2015 оны НӨАТ-ын хуультай их адилхан концепц оруулсан. 2020.01.01-нээс энэ хуулиуд хэрэгжсэн. Гэтэл НӨАТ-ын хууль нь 5 жилийн өмнө хэрэгжээд эхэлчихсэн байдаг. Тэгээд цаглаврын ялгаа гарсан. 2-рт, ковид гарсан. Энэ 3 хуулийг дагаж 34 журам гаргах ёстой. Тэгж байж эдгээр хууль хэрэгжинэ. Сангийн яам, ТЕГ-тайгаа хийх ёстой ажлаа хийгээгүй. Б.Заяабалыг нэрээр нь дуудаж байж, 2020 онд арай чамай зарим журам гаргуулсан. Бүрэн гаргаагүй л дээ. Үүнээс болоод, процессын алдаа гарч эхэлсэн. 2020.02.20-нд Монгол Улс хилээ заасан. “Цар тахлын үеийн асуудлыг авч үзэхгүй” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг Татварын ерөнхий хуульд тусгаж өгөх ёстой. 2020, 2021 онд цар тахлаас болоод, бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссон. Улсаараа идэх юмгүй байлаа шүү дээ. Юун компани. Одоо 2020, 2021 оны татварын асуудлыг татварын байгууллага шалгадаг. Компаниуд тэр үед маш их пакт гаргасан. Зээл аваад, цалингаа тавьчихсан. Цахал дууслаа. Орос-Украины дайн гарсан. Тэгэхээр өршөөлийн хууль гаргахаас өөр аргагүй байгаа юм.
-Компаниудад өршөөл үзүүлэх бол иргэдэд ч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох нь зөв. Олон хүн ковидын үед ажлаасаа гарсан. Ажлаа хийж яваад ковид тусах уу, эрүүл мэндээ хамгаалаад, ажилгүй суух уу гэдэг сонголт тулгарсан. Тэр бол давагдашгүй хүчин зүйл, цар тахал байсан. Орлогогүй болсон учраас НДШ нь тасарсан. Гэтэл хувиараа НДШ төлж байсан иргэдийн шимтгэлийг төр даасан. Шударга бус байгаа биз дээ.
-Яг ийм цар тахлын үед даатгалын систем ажиллах ёстой. 2020, 2021 онд Ажилгүйдлийн даатгалын сангаас иргэдэд тэтгэмж олгоогүй. Улсаараа ажилгүй, орлогогүй болчхоод байхад, Ажилгүйдлийн даатгалын санг ашиглах ёстой шүү дээ. Даатгалын систем социализмын үедээ хоцорсон нь эндээс харагдсан. Энэ сангийн мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаггүйн тод жишээ нь ковидын үед гарсан. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тэр үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байсан. Төв банкнаас зээл авч, иргэддээ ажилгүйдлийн тэтгэмж өгөх бүрэн боломж түүнд байсан. Хийгээгүй. Тэр бол даатгалын системийг эрүүл болгох, зөв болгох боломж байсан юм. Түүнийг алдсан. Одоо иргэд үүнийг ярьж байна. Төрийнхөн гэртээ сууж байгаад, цалингаа 100% авсан. Тэгэхээр даатгалын асуудлыг иргэд одоо нөхөн тавих нь шударга асуудал. Даатгалын системийг шинэчилнэ гэж Ерөнхий сайд бас мэдэгдсэн шүү дээ.